Хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлж, сайн хүн болгоход эцэг эх юуг анхаарах хэрэгтэй вэ!?

Та бүхэн энд нэг зүйлийг бодоосой гэж би хүсэж байна. 
Богд Зонхов дээдэс хэдий бурхан ч гэсэн, эгэл хүний дүрээр Замбуулинд заларч, эгэл хүн яаж эрдэмтэй болж, бусдад яаж туслах зохиолыг эхнээс нь үзүүлсэн юм. Богд Зонховын аав Жамбалцанжод тэргүүтэй ном уншлагыг өдөр бүр уншдаг, ээж нь үнэнч шударга, бусдын итгэлийг олсон сайн хүн байжээ. Богд Зонховыг эхийн хэвлийд залрах үеэс ээж нь буян номонд хичээж, сахилга батыг сахиж байсан зэрэг олон нөхцөл бүрдсэн учиртай байна.

Иймд магадгүй та бүхэн өөрсдөө эсвэл үр хүүхэд, ах дүү нартаа хүн бие давхар болоход яах нь зохистойг, Богд Зонхов дээдсийн ээж ямар зохиолыг үзүүлсэн гэдгээс үлгэр авах хэрэгтэй.
 Аав нь сэтгэл, явдал мөр сайн байхаас гадна сүсэглэж, залбирч, уншлага уншдаг байв. Эдгээр нь ухаантай хүү төрөхөд бэлгэ дэмбэрэл, буян талаасаа тустай байжээ.
Одоо цагт зарим хүүхдийг багаас нь тоглоомон буугаар тоглуулдаг нь бэлгэ дэмбэрэл муу, буруу юм. Мэдээж жаахан хүүхэд тоглох, тааваараа байх хэрэгтэй. Гэхдээ хүүхдээ буруу эрхлүүлж, муу сэтгэл төрүүлэх, муу сэтгэлийг хүчтэй болгоод байвал тэр хүүхэд урьдын буянаар сайхан хүн болж төрж чадсан ч, сайн хүн болж төлөвшиж чадахгүй юм. 

 

Ийм учир хүүхэд сайн аав ээжийн дэргэд төрөхөөс гадна, сайн багшийн дэргэд хүмүүжиж, төлөвших хэрэгтэй юм. Энэ адил Богд Зонхов дээдэс урьдын бурхадын ерөөл, зохиолоор лагшин мэндэлж, улмаар аав ээж нь түүнийг Чойжи Дондовренчин багшид өргөсөн байдаг. Сайн багштай учрахад хүүхэд зөв төлөвшихөд тустай байна. Богд Зонхов дээдэс багаасаа эрдэмтэй багшаас олон увдис, номын хүч, бурхадын адис жинлавыг хүртсэн байна.
Богд Зонховын гадна талд ийм сайхан нөхцөл бүрдсэнээс гадна өөрөө ямар дээдэс байсан бэ? 
Богд Зонхов дээдэс бусдад тустай зүйлд уйгагүй хичээл зүгтгэлийг гаргаж байв. Ном үзэж буй зарим хүн бусдад магтуулахын тулд хичээж байдаг. Тэгвэл Богд Зонхов яавал бусдыг зовлонгоос хагацуулж, сайн сайхан болгож өгөх вэ гэдгийг гол зорилго болгож, эрдэм номд хичээж, тоглох тэргүүтэй орчлонгийн сайхан бүхнээс хол байсан юм.
 Хүн аливаад өөрөө уйгагүй хичээж, хөдөлмөрлөн эрдэмтэй болохоос гадна зорилго сэдэл нь зөв байх ёстой. Сайн дүн авах, магтуулахын тулд зорих тусгүй юм. Зарим эцэг эх үр хүүхдээ сайн дүн авбал гар утас авч өгнө гэж барьцаа нэхэж байдаг. Хүүхэд гар утас авах зорилгоор эрдэм номонд хичээнэ гэдэг буруу юм. Иймд сэдэл зорилго зөв, сэтгэл сайтай байх чухал. 

 

Богд Зонхов дээдсийн дээдийн номыг анхааран авч буй жишээгээр авч үзэхэд, хүн хэдий чинээ өнөөдрийн аар саар, даруйдын зүйлд шунаад байвал олон хүнд туслах том зүйл бүтээж чадахгүй, үүнд саад болно. Богд Зонхов дээдэс ертөнцийн энэ насны сайхныг гоё гэж, үүний төлөө яваагүй, харин ямар түвшинд яаж хүрэх арга замыг үзүүлж байна. Үүний тулд бид эхэнд нь ерөөл тавих ёстой юм. 
Хэрэгтэй зүйлдээ ямар арга, замаар хүрэх вэ гэдгийг Богд Зонхов дээдэс бидэнд үлгэрлэн үзүүлсэн билээ. Мэдээж хэрэг бурхан учир ухаан сайтай гэдгээс гадна, Богд Зонхов бурхадын авшиг, даган соёрхол, адисласан үрэл, рашаан тэргүүтнийг хүртэж, тарнийг тоолох, бясалгах үүднээс оюун ухаанаа сайн болгож болохыг үзүүлсэн юм. 
Манзушир бурханы тарни “Ум ара база нади” тарни, Богд Зонховын залбирал “Мэгзим” уншихдаа бид өөрсдөө хойрго мөртлөө ухаан муу гээд байвал өөрийн хүсэл үйлдэл зөрүүтэй байна. Оюун ухаанаа сайжруулах олон арга байдгийг хэрэгжүүлэхэд хичээх хэрэгтэй юм. Богд Зонхов 6 жил үзэх номыг хоёрхон жилд болгоох зохиолыг үзүүлсэн нь Чойжи Дондовренчин багшийн дэргэд ерөөл их тавьж, өөрөө бэлтгэлийг уйгагүй хангасантай холбоотой юм. 
Хүүхэд том болоод ном үзнэ гэвэл багаасаа дэмий зүйлд цаг үрэлгүй, номонд мэрийвэл магадгүй арван хэдэн нас хүрэхэд тодорхой түвшинд бэлтгэл хангагдах нь байна. Иймд эгэл хүн хичээвэл эрдмийг бий болгож чадна. 

 

Ачит багшийн айлдвараас....

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)