Солонгос улсаас эм оруулж ирэх нь маш зөв бодлого

Нэг үеэ бодвол эрүүл мэндийн салбар сэргэж байна. Барилга байгууламжуудаа шинэчлэн засварлаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр боломжийн хэмжээнд хангасан. Эмч, эмнэлгийн ажилчдын ур чадвар нэмэгдэж, зарим төрлийн хэцүү хагалгааг эх орондоо хийж байна. Үүний үр дүнд гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалт нэг, хоёроор ч багасаад байгаа. Гэсэн хэдий ч гадагшаа явж эмчлүүлэгсдийн тоо төдийлөн буурахгүй байна. Үүнийгээ дагаад их хэмжээний мөнгө гадагшаа урсдаг. Нэг жилд 450 сая ам.доллар зөвхөн эмчилгээний зориулалтаар гадагшаа гарч байгаа гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч байв. Мөнгөтэй хүмүүс хайртай хүмүүсээ эрүүл саруул болгохын тулд илүү чадвартай, найдвартайг сонгох нь зах зээлийн зарчим. Харин цалингаас цалингийн хооронд яваанууд нь ард түмнээсээ хандив гуйдаг. Сайхан сэтгэлт монголчууд маань эрвийх дэрвийхээрээ цуглуулж байгаад нэг, хоёрыг нь босгоод ирдэг. Иймэрхүү байдал бараг л зүй тогтол мэт тогтчихсон. Үнэхээр яаж ч болохгүй хүнд өвчнийг яалтай ч билээ.

Гэтэл бас эхэн үед нь, хөнгөн байхад нь дарж болох байсан өвчин чанаргүй эм, тарианаас болж хүндрэх нь элбэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Манай улсын эмийн зах зээл өнөөдөр 100 хувь хувийн хэвшлийнхнээс хамааралтай байгаа. Мөн сүүлийн 30 жил хямд эм олж ирэхийн төлөө уралдсан нь чанаргүй эм маш ихээр худалдаалагдах шалтгаан болсон. Тийм ч учраас УИХ-аас ноднин жил Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороог байгуулсан. Харин тус хороо жил орчим хугацаанд хяналт, шалгалтаа явуулаад өнөөдрөөс нээлттэй сонсголоо хийж эхэлж байна. Энэхүү сонсголоор маш олон зүйл ил болж, цаашид ямар арга хэмжээ авах, хэрхэн чанартай эмээр ард түмнээ хангах вэ гэсэн асуултуудад хариулт олдоно гэж найдаж байгаа. Манай улс одоогийн байдлаар нийт эмийнхээ 80 хувийг гаднаас авч байгаа нь ам.долларын ханштай шууд хамааралтай гэсэн үг. Мөн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байгаа 500 гаруй эмээс улсын бүртгэлд ороогүй буюу Монгол Улсад худалдаалах боломжгүй 150 гаруй эм байгааг албаны хүн хэлсэн. Нэг ёсондоо эм үү, хор уу гэдгийг нь мэдэхгүй байж л иргэд худалдан авч уудаг хэрэг болж байна. Дээрээс нь чанаргүй эм хувь хүний эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Сайн чанарын эмийг хоёр хоног уугаад эдгэх байсан ханиад чанаргүй эмийг 14, түүнээс дээш хоногоор уудаг. Энэ нь эргээд хүнийг элдэв төрлийн эм, антибиотикт дасал болгодог.

Энэ бүхнийг улиглан учирласан шалтгаан гэвэл саяхнаас сайн мэдээ сонсогдож эхэлсэн явдал. Тэр нь Ерөнхий сайд энэ сарын эхээр БНСУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдад Солонгос улсаас чанартай эм импортлох, эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм. Хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдсан эл асуудал олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Мэдээж тус улсын эм олон улсын стандарт, чанарын шаардлагыг бүрэн хангасан. Ази хүнд төгс зохицсон байдаг. Өнөөдөр манай улсын иргэд тус улсаас өндөр чанарын эмийг хэн нэгэнд захиж, ууж хэрэглэж байгаа. Тэгэхээр үүнийгээ нэн яаралтай ажил хэрэг болгох хэрэгтэй. Ер нь Засгийн газраас эм, эмнэлгийн хэрэгслийн чанарт сүүлийн үед онцгой анхаарал хандуулж байгаа. Энэ оны нэгдүгээр сард эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах Засгийн газрын тогтоолыг баталсан. Тэгэхээр Солонгос улсаас эм оруулж ирэх асуудлыг ярьж эхэлсэн нь дээрх тогтоолын хэрэгжилт болж байх шиг байна. Хэрэв үнэхээр Солонгос улсаас чанартай эм оруулаад эхэлбэл монголчуудын амьдралд том хөрөнгө оруулалт болно. Чанаргүй эмэнд хордож, хордсон хэрнээ өөр сонголт байхгүй учраас өнөөхөө өч төчнөөн мөнгөөр авч уухаа болино. Сард, жилд эмэнд зарцуулдаг нэг өрхийн төсөв хэд дахин буурна.

Хамгийн чухал нь монголчууд эрүүлжиж эхэлнэ. Эмийн зах зээл дээр ноёрхлоо бүрэн тогтоосон хэдхэн том компанийн монополь байдал арилна. Хэдэн арваас хэдэн зуу дахин дамлан худалдаалдаг дэлхийн хаана ч байхгүй бизнес устана.

Тэгэхээр Засгийн газар нэгэнт эхлэлийг нь тавьчихсан энэ ажлаа

элдэв сонгууль, улс төрийн асуудлуудаа ардаа орхиод богино хугацаанд ажил хэрэг болгох ёстой.

Энэ удаагийн Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлбэл хийчихдэг, амласнаа гүйцээж чаддаг гэдгийг муугаар нь ч, сайнаар нь ч бид гурван жилийн турш харсан. Хийж чадаж байгааг нь чадлаа. Сайныг нь сайн гэхээс өөр яах билээ. Үнэхээр энэ мэтчилэн ард түмнээ бодсон ажил хэргийг хийгээд л байвал түмэн олон алгаа ташин баяр хүргэж таарна.

Цаашид ч эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах Засгийн газрын тогтоолынхоо хэрэгжилтийг хурдасгаж, ажил хэрэг болгох нь зүйтэй. Олон

улсын чанар, стандартын шаардлага бүрэн хангасан эм үйлдвэрлэдэг дэлхийн өөр улсуудаас ч эм оруулж ирэх хэрэгтэй. Англи, Герман, Америк, Энэтхэг гээд эмийн үйлдвэрлэлд толгой цохидог улсууд бий. Эдгээр улстай хамтран ажиллах гарцаагүй шаардлага байгаа. Тэгж байж эмийн салбарт тогтсон мафийн сүлжээ арилна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ. Тэгэхгүй бол өнөөдөр хэдэн зуу дахин нэмсэн үнээр чанаргүй эм худалдаалагдаж байна. Ганцхан жишээ хэлье. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хэлснээр бол өнөөдөр Вьетнам улсаас 300 төгрөгөөр авсан эмийг Монгол Улсад 10 мянган төгрөгөөр зарж байгаа гэх. Мөн 100 ам.доллар хүрэхгүй эмийг манай зах зээл дээр 500 ам.доллараар зардаг гэсэн мэдээлэл ч бий. Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээс харахад манай улсын эмийн зах зээл дээр 630 тэрбум төгрөгийн эм эргэлдддэг байна. Харин хууль бусаар орж ирсэн эмийг нэмэхээр энэ тоо нэг их наяд төгрөгт хүрдэг аж. Дээрээс нь даатгалаар олгогддог хөнгөлөлттэй эмийн чанарт иргэд сэтгэл дундуур, ам муутай байдаг. Учир нь аль л чанаргүй эмээ энэ ангилалд багтаадагтай холбоотой. Эмийн сангууд ч даатгалаар авах бол үүнийг, мөнгөө төлөөд авах бол энийг ав гэсэн сонголт өгдөг. Нэг ёсондоо мөнгөндөө тааруулаад чанаргүй эм авах, үгүй бол байдгаа шавхаад чанартай эмээр өвчнөө хурдан илааршуулах гэдэг сонголт иргэдийн өмнө тулгардаг. Харин иргэд өнөөгийн байгаа чадал чансаандаа тааруулж эмээ авах нь олонтаа.

Засгийн газраас эрт илрүүлгийн ажлыг орон даяар өрнүүлсэн. Эхэн үеэ бодоход иргэд үүндээ хамрагдаад дадаж байна. Үүний хүчинд ямар ч байсан Монгол Улс иргэдээ оношилж, хэн ямар өвчтэй вэ гэдгийг тогтоож байгаа. Харин тухайн өвчнийг эмчлэх, монголчууд амьд явахын баталгаа нь чанартай эм. Тэгэхээр нэгэнт эхлүүлсэн уг ажлаа эрчимжүүлж, хэлснээ хийдэг гэдгээ ард түмэндээ харуулах хэрэгтэй байна.

Т.Дарханхөвсгөл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (127.0.0.1)

    2024-04-17

    Хэзээ ч ажлаа хийж байгаагүй эмнэлгийн ажилчид бол СЭМҮТ-ийн асрагч нар юм. Тэд СЭМҮТ-ийн өвчтнүүдээр өглөөний 6 цагт бүх өрөөнүүдийн ба жорлонгийн шалнуудыг угаалгадаг. Өөрсдийгөө бол "туслах сувилагч" гээд өвчтнүүдийг дээрэлхээд суухаас өөр ажил хийдэггүй ба бага эмчтэйгээ хувилдаад тасагт гар утас бариулахыг хориглуулчихсан, тэгээд өөрсдийнх нь утасаар ярихад нэг минутанд 5000 төгрөг авч, бизнес хийдэг. Хүний эрхийн комисс хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа энэ эмнэлгийг авч үздэггүй.

  • Л.Олзвойбаатар (127.0.0.1)

    2024-04-17

    Засгийн газрынхаа зөв бодлогыг бүгд л дэмжих хэрэгтэй шүү. Сонгуулийн дараа ч үргэлжүүлэн хэрэгжүүлж, төрийн бодлогын залгамж чанарыг авч явах нь зөвөө

  • иргэд (127.0.0.1)

    2024-04-17

    маш зөв иргэд дэмжиж байна хурдан хэрэгжүүлээч эм их үнэтэй авч чадхахгүй хэцүү л юм

  • зочин (127.0.0.1)

    2024-04-16

    одоо энэ мафуудыг шоронд явуул