Биеийн тамирын багш, арга зүйч, дасгалжуулагч нарын анхдугаар чуулган боллоо

Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын багш нарын анхдугаар чуулга уулзалт (2024.05.05) боллоо. Чуулга уулзалтад Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Биеийн тамир спортын улсын хорооны Биеийн тамир спортын бодлогын хэлтсийн дарга О.Баасан, дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Г.Батбаяр, Спортын анагаах ухаан, Эрдэм шинэжилгээний төвийн мэргэжилтэн Ч.Болдбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа болон дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын багш, арга зүйч нар оролцлоо.

Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн хэмжээнд биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Мөн тэрбээр “Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хорооны шинэ барилга 2022 онд ашиглалтад орсноор 2022, 2023 онд нийт 113 спортын тэмцээн, уралдаан, биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор дүүргийн 209,575 иргэн, хүүхэд, залуус хамрагдсан байна. Эдгээр зохион байгуулагдсан арга хэмжээний 30-35 хувьд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, дасгалжуулагч, хүүхдүүд хамрагдсан байгаа нь хүүхдүүдийг бага наснаас нь биеийн эрүүл мэндийг дархлаажуулах, спортод дуртай, Монгол Улсын нэрийг тив дэлхийд гаргах тамирчид болоход гол түлхэц болж байна” гэдгийг онцоллоо.

Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд дүүрэгт ажиллаж байгаа биеийн тамирын багш, арга зүйч, дасгалжуулагч нарын санал маш чухал. Иймд өнөөдрийн чуулга уулзалтаар та бүхэн дүүрэгт орон нутагтайгаа хэрхэн яаж хамтарч ажиллах талаар тодорхой саналуудаа солилцож, хөтөлбөрт тусгах цаашлаад ажил хэрэг болгохын төлөө хамтарч ажиллах шаардлагатай гэсэн юм.

Түүнчлэн уулзалтын үеэр дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Г.Батбаяр дүүрэгт хийгдсэн Биеийн тамир, спортын хорооны 2023 оны тайланг хэлэлцүүлсэн бол Биеийн тамир спортын улсын хорооны Биеийн тамир спортын бодлогын хэлтсийн дарга О.Баасан нийтийн биеийн тамирын бодлого хэрэгжилтийн үйл ажиллагааны талаар илтгэл тавилаа.


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)