“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 10 /CNN/. Дэлхийн кинотеатруудаас 6 тэрбум ам.долларын орлого олж байсан “Бөгжний эзэн” болон “Хоббит” гурамсан бүтээлүүдийг туурвигч Оскарын шагналт багийнхан дахин нэгдэж, хоёр шинэ кино бүтээхээр шийдвэрлэжээ.

Шинэ Зеландын найруулагч, зохиолчид болох Питер Жексон, Фрэн Уолш, Филиппа Бойенс нарын шинэ төслүүдийн эхнийх нь “Lord of the Rings: The Hunt for Gollum” хэмээх нэртэй гэдгийг  “Уорнер Брос Дисковери” компани пүрэв гарагт зарлажээ. Киноны найруулагчаар Голлумын дууг оруулсан Энди Серкис ажиллана. Харин Ф.Уолш, Ф.Бойенс нар Фиби Гиттинс, Арти Папагеоргиу нартай хамтран кино зохиолыг бичих ажээ. Шинэ кинонуудыг “Уорнер Брос Пикчерс”, “Нью Лайн Синема” компаниуд хамтран бүтээх юм.

 

“Тиймээ, гайхалтай. Эрхэм найзууд, Дундад ертөнцийн агуу хамгаалагчид болох Питер, Фрэн, Филиппа нарын хамтаар нууцлаг аялалд дахин нэг удаа гарах цаг ирлээ” гэж Э.Серкис ярьж байна. Харин Жексон, Уолш, Филиппа нар хэлэхдээ "сайн найз, хамтран зүтгэгч Энди Серкисийн хамтаар Дундад ертөнц рүү дахин аялах нь нэр төрийн хэрэг юм" гэлээ. 

 

П.Жексон “Бөгжний эзэн” гурамсан бүтээлээрээ гурван томоохон бүрэн хэмжээний киног нэгэн зэрэг найруулсан анхны хүн болж түүхэнд бичигдсэн билээ. Энэхүү киноны “The Fellowship of the Ring”, “The Two Towers”, “The Return of the King” ангиуд нь Оскар, Алтан бөмбөрцөг, BAFTA зэрэг олон шагналд нэр дэвшиж байсан юм. Э.Серкисийн хувьд П.Жексоны “Хоббит” гурван ангит киноны туслах найруулагчаар ажиллаж байсан бөгөөд 2021 онд “Venom: Let There Be Carnage” киног найруулжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)