Оросын царцаасан хөрөнгийг Украинд тусламж үзүүлэхэд ашиглана

БРЮССЕЛЬ, 2024 оны тавдугаар сарын 22 /VOA/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудад битүүмжлэгдээд байгаа Оросын Төв банкны активаас олсон ашгийг Украины батлан хамгаалах хүчинд дэмжлэг үзүүлэхэд ашиглах төлөвлөгөөг тус холбоо албан ёсоор баталсан тухай Бельгийн Засгийн газар мягмар гарагт мэдэгджээ.

 

ЕХ-ны орнуудын Элчин сайд нар уг асуудлаар тавдугаар сард тохиролцоонд хүрсний дараа баримт бичгийг ЕХ-ны сайд нар батлах ёстой байв. 

 

Төлөвлөгөөний дагуу орлогын 90 хувийг ЕХ-ноос Украинд үзүүлэх цэргийн тусламжийн санд төвлөрүүлж, үлдсэн 10 хувийг өөр хэлбэрээр дэмжлэг үзүүлэхэд зарцуулах юм. Ингэснээр Украинд тусламж үзүүлэх зорилгоор 3 тэрбум орчим евро буюу 3.3 тэрбум ам.долларыг жил бүр авах боломжийг олгоно гэж ЕХ найдаж байна.

 

"Оросын түрэмгийллийн эсрэг цэргийн хүчээр өөрийгөө хамгаалах, түүнчлэн тус улсыг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Оросын царцаасан хөрөнгөөс олсон ашгийг ашиглахыг зөвшөөрч байгаагаа ЕХ-ны Зөвлөл баталлаа" гэж Бельгийн засгийн газрын мэдэгдэлд дурджээ. 

 

2027 он гэхэд Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөөс 15-20 тэрбум еврогийн (16.30-21.70 тэрбум ам.доллар) ашиг олох төлөвтэй байна. ЕХ-ны дипломатчдын хэлснээр, Украин улс эхний тусламжийг долоодугаар сард хүлээн авах ёстой. 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа Оросын 300 орчим тэрбум ам.долларын санхүүгийн активыг “Долоогийн бүлэг”-ийн (G7) орнуудад царцаажээ. Үүнээс хойш ЕХ болон G7-гийн орнууд уг хөрөнгийг Украинд тусламж үзүүлэхэд ашиглах боломж, арга замуудыг хэлэлцсээр байгаа юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)