2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Шалгалтын нээлт Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болж, Төрийн албаны шалгалтын төв комиссын гишүүд оролцов.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн, төв комиссын дарга Д.Баатарсайхан нээж хэлсэн үгэндээ төрийн албаны ерөнхий шалгалт бол төрийн албаны хүний нөөцийн сул орон тоог нөхөх зорилготой. Энэ ерөнхий шалгалтад тэнцэхгүйгээр дараагийн тусгай шалгалтад орох боломжгүй. Тиймээс маш хариуцлагатай шат гэдгийг онцлоод шалгалтын явцад өөрөөс шалтгаалах зөрчил гаргахгүй байхыг анхааруулж, оролцогчдод амжилт хүссэн.

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 3411 иргэн бүртгүүлсэн. Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч нийслэлд болон Говь-Алтай аймагт тавдугаар сарын 22, 24-нд, бусад аймагт 22-ны өдөр зохион байгуулагдана.

Бүртгүүлэгчдийн 2689 нь өнөөдөр (2024.05.22), 722 нь Баасан гарагт шалгалт өгөх хуваарьтай байгаа юм.

Ерөнхий шалгалт эхлэх цагийн хуваарь

1-р ээлж: 08:30 цаг

2-р ээлж: 10:30 цаг

3-р ээлж: 13:00 цаг

4-р ээлж: 15:00 цаг

5-р ээлж: 17:00 цаг

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж "Регистрийн дугаар"-аа бичиж хайх товч дарахад, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино гэж Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)