Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
- 6 цаг 59 мин
- Улс төр
- 0

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нараас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын 330 суманд ажиллаж амьдарч буй малчин өрхүүдийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь сонголттой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж энэ үеэр онцолсон.
Малчин өрх хүүхдээ сургуульд сургахын тулд малаа зарж, хот суурин газар бараадах, эсвэл хүүхдүүдээ дагаж эхнэр нь төв суурин газарт амьдарч байгаагаас ганцаар амьдрах малчин эрчүүдийн тоо нэмэгдэх, улмаар гэр бүл салалт ихсэж байгаа аж. Иймд тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр хосолсон хөтөлбөрт хамрагдах сонголт бий болгох хүсэлтийг малчид гаргажээ. Нөгөөтээгүүр, нүүдлийн өв соёл, уламжлалыг тээж яваа малчдаа хайрлан хамгаалах нь чухал гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлон тэмдэглэв.
Хүүхдийн боловсрол эзэмших хэлбэр (танхимын, зайн, онлайн болон цахим сургалт, хосолсон сургалт)-ийг одоо мөрдөгдөж байгаа хуулиар тодорхой, нарийвчлан зохицуулсан ч тэдний суралцах боломжийг дэмжих эрх зүйн орчныг бий болгох хэрэгцээ, шаардлага байна хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд ерөнхий боловсролын сургуульд тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургаж болох, сургуульд сурч байгаа малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах, зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг хуульд заасан хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших зорилго, арга хэлбэр тодорхой болж, боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн арга хэмжээ болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, конвенц болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд тухайн төслийн хамт дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)