Ш.Батсайхан: Энэ сонгууль бидэнд олон зүйлийг тодорхой болгоно

МАН-ын дэргэдэх “Шинэчлэл 27” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ш.Батсайхантай ярилцлаа.

-“Шинэчлэл 27” хөдөлгөө ний хөн намаа шинэчлэх талаар бага- гүй ярьсан. Үр дүнд хүрсэн үү?
- Монголын улстөрийг МАН-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ шинэчлэгдэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллах ёстой юу гэвэл тийм. Тийм ч учраас бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд шинэчлэлийн тухай дуу хоолойгоо илэрхийлж ирсний хүчинд намын удирдлагууд бидний саналыг хүлээж авдаг болсон. Дээр нь биднийг анхан шатанд ажиллаж, намын үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулахыг удирдлагуудын зүгээс хүссэн. Бид намын анхан шатны байгууллагаас ажлаа эхэлж байна. Ганц тодорхой жишээ хэлэхэд намын анхан шатны нэгж байгууллага болоод иргэд сонгогчдоос Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулсан нь бас л шинэ зүйл шүү дээ. Нэр дэвшүүлэх асуудлыг ганц удаа хуралдаад, эсвэл удирдлагын хэмжээнд ярилцаад л шийдсэн зүйл биш. Гэтэл өрсөлдөгч яаж тодров, ямар арга барилаар ажиллаж байгаа зэргийг бид бүгдээрээ харж байна. Орон нутагт сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа бэлэн мөнгөний амлалт өгч байна. Энэ бол Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл. Уг нь мөрийн хөтөлбөрөөс давсан амлалт өгөх, бэлэн мөнгө амлах болоод сонгогчдын саналыг зориудаар татах оролдлого хийх нь зохимжгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөөд хууль баталчихсан шүү дээ. Гэтэл төрийн тэргүүн хүн нь энэ хуулиа зөрчиж байгаа нь хачин санагдаж байгаа биз. Тэр битгий хэл судалгаа нэртэй зохиомол зүйл гаргаж олон нийтэд танилцуулах боллоо. Энэ бас л сонгуулийн тухай хуулиар хориотой.

-”Шинэчлэл 27” хөдөлгөөн МАН-ын дэргэдэх шинэчлэлийн хороонд харьяалагддаг бил үү?
-Би Шинэчлэлийн хороо гэх байгууллагаас албан ёсоор гарсан. Бидний шинэчлэлийн тухай ойлголт, хүсч мөрөөдөж яваа зүйл өөр юм билээ. Тэгээд ч үүнд илүү дутуу тайлбар хэрэггүй байх. Гэхдээ шинэчлэл бол хэн нэгэн хүний, ямар нэгэн эрх мэдэлтний хувийн өмч биш л дээ. Тийм болохоор намын гишүүн бүр энэ тухай ярих учиртай гэж би боддог. Манай хөдөлгөөнд ахмад, залуу, дунд гээд гурван үеийн алтан хэлхээ бий учраас шинэчлэлийн үйл хэрэгт тодорхой байр суурьтай, өөрийн гэсэн бодлоготой хандаж байгаа. Бид хэн нэгнийг дагаж гүйдэг өөрийн гэсэн толгойгүй хүмүүс биш учраас хамт олондоо итгэж байгаа.

-Шинэчлэлийн хорооныхон, танай хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн ажиллаж байна вэ?
-Шинэчлэлийн хорооныхон хаана юу хийж явааг мэдэхгүй. Одоогоор чимээгүй л байх шиг байна. Бас нэг газар намдаа туслаад гүйж яваа байх. Ерөнхийлөгчийн сонгуульд аваргаа дэмжээд бид ажиллаж байна. Эрх баригчид төрийн бүхий л байгууллагаар дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийж байгаад залуу хүний хувьд харамсч байна. Гэхдээ ард түмнийг хэтэрхий ингэж доромжилж болохгүй. Тэд сонголтоо хийж сурсан. Тэгээд ч янз бүрийн хоосон амлалт, барааны саван, гурил будаа энэ тэрхнээр саналаа худалддаг үе өнгөрсөн.

-Сонгуулийн сурталчилгаа хэр тэнцвэртэй явж байх шиг байна?
-Сонгуулийн сурталчилгаа гарааны тэгш бус байдлаас гарсныг та бүхэн мэдэж байгаа. АН-ын нэр дэвшигч гэхэд л аль өвөл сурталчилгааны зургаа авахуулчихсан байх жишээтэй. Эрх баригчид дургүй нэгнээ аваачаад л шоронд хийчихэж байгаа учраас хүмүүс үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэхээс хүртэл айж байна. Энэ сонгууль бидэнд олон зүйлийг тодорхой болгоно гэдэгт олон залуу хүн итгэж байгаа.

 
Ч.БАТ


 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.70.44.116)

    2013-06-22

    Батсайхан гуай худлаа хэлээд байна уу УЗ-ийн гишүүн нь худлаа хэлээд байна уу? Тэр хүн хэлэхдээ МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхдээ хоорондоо ямар ч ярьсан юмгүй зүгээр л ард түмний хэлэлцүүлэг гэж хий ярьсаар дэвшүүлсэн гэсэн байна лээ ш дээ. Тэгээд ч 2003, 2004 оноос МАН-д ямар ч хариуцлагын тогтолцооо үйлчлэхээ больсон гэсэн байна лээ. Дүр эсгэсэн МАН-ууд гэдэг чинь та нар уу харин

  • BKYUKL (122.201.18.22)

    2013-06-22

    Үнэхээр айгаад үгээ хэлж чадахаа болилоо.Эрх баригчдыг даган дуурайж тэдэнд долигнон хойно өмнө нь гүйгчид шоргоолж мэт олширов.Амиа хаацайлахын тулд,шоронд орохгүйн тулд тэд ийнхүү хөвсөргөн долигносон зан гаргаж байна.Монголыг минь ийм ч болгох гэж дээ.Дарангуйлагчийн өнгө аяс биш жинхэнэ дүрээр ил гарч байна.

  • Иргэн (202.126.89.160)

    2013-06-21

    Өмнө нь нэг намын гарт төрийн эрх байхад сурталчилгаа хийдэг байсан. Гэхдээ өнөөгийнх шиг увайгүй, өмнө хийсэн, хийж байсан, хйих гээд бэлтгээд тавьчихсан болгоныг өөртөө нааж эрээ цээргүй аашилж байсныг би л лав мэдэхгүй юм байна.Уг нь би төрд 30 жил ажилласан хүн дээ.

  • ИРГЭН (202.179.27.12)

    2013-06-21

    БАТЭРДЭНЭ АВАРГА Л ГАРВАЛ ҮНЭН ТОГТОЖ БИД АЙДАСГҮЙ ҮГЭЭ ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЖ ЧӨЛӨӨТЭЙ ТАЙВАН ЗАМААР ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ ГЭЖ БОДДОГ.АВАРГАДАА АМЖИЛТ ЯЛАЛТ ЕРӨӨЕ.