Өглөөний цайгаа өөртөө

“Өглөөний цай бидний биеийн жингийн зохицуулалтад онцгой нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн бүтэн өдрийн турш таныг энергиэр хангах гол тэжээл болохоор өглөөний цайндаа ач холбогдол өгөх хэрэгтэй” хэмээн Америкийн Миннесотагийн их сургуулийн судлаачид зөвлөж байна. Тэдний явуулсан судалгаагаар өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс ажлын бүтээмж өндөртэй, илүүдэл жин багатай байдгийг тогтоосон гэнэ.

Тэгвэл өглөө юу идэх вэ? Ихэнх хүний тогтмол цэсэнд байх өндөг, талх, цөцгийн тос, сүүнээс залхаж байгаа биз дээ? Түүнчлэн шарсан зайдас, шарсан талх тэргүүтэн амттай ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс танд эрүүл өглөөний зоогийн шинэ санаа төрүүлэх үүднээс хамгийн зөвд тооцогддог өглөөний цай, тэдгээрийн ашиг тусаас хүргэе.

 
Турк маягийн өглөөний хоол
Туркийн өглөөний хоолонд зөгийн балтай хар цай, улаан лооль, олив буюу чидун жимс, чанасан өндөг тэргүүтэн голлодог. Энэ нь хүний биед шаардлагатай нүүрс ус, уураг, өөх тос, аминдэмийн эх булаг болно.

Энэ тухай Америкийн Метрополитаны коллежийн профессор, хоол судлаач Анн Дикер, “Би Турк нөхөртэй учраас энэ орноор байнга аялдаг. Тэр бүрт зочид буудал, эсвэл хамаатан садан, найзуудындаа өглөөний цай барихад хамгийн эрүүл хүнс хэрэглэдэг нь харагдсан. Түүнчлэн туркчүүд гэр бүлээрээ тойрч суугаад хооллонгоо ярилцдаг нь хэт хурдан идэхээс сэргийлдэг” хэмээн ярьжээ.

Израиль
Газрын дундад тэнгисийн орнуудын хоолны цэс баялаг төдийгүй хамгийн эрүүлд тооцогддог. Тэдгээр орны нэг Израилийн өглөөний хоол бүхэл үрийн талх, чидун жимс, ямааны бяслаг, сармис, шинэхэн ногооноос бүрдэнэ.

Еврейчүүдийн баримталдаг Кошерийн хуулийн дагуу цагаан идээ, махыг хольж хэрэглэх нь цээртэй. Тиймээс израильчуудийн өглөөний цэсэнд махан төрлийн бүтээгдэхүүн бараг үгүй. Зарим тохиолдолд салмон эсвэл май загасыг өглөө идэх нь бий. Түүнчлэн тэд шинэ ногооны салатандаа амтлагч хийдэггүй учраас хэрэгцээгүй нэмэлт калориос ангид байж, ногооны шим тэжээлийг бүрэн хүртэх үндэс болдог.


Вьетнам
Вьетнамчууд уламжлалт хоол болох фо шөлөө өглөө идэх нь түгээмэл.

Нүүрс ус, ислэгээр баялаг гоймон, уургийн агууламж өндөртэй гахай, тахиа, үхрийн махан орцтой фо шөл өөх тос, илчлэг багатай учраас өглөө идэхэд тохиромжтой.


Венесуэл
Тус орны өглөө, өдөр, оройн зоогны гол орц нь эрдэнэ шиш байдаг. Ихэнх венесуэл айл эрдэнэ шишийн гурилаар хийсэн талх, боов, бин өглөө бүр иддэг нь бодисын солилцоо явагдахад гол үүрэгтэй оролцдог фибер буюу ислэгийн эх сурвалж болдог аж. Тэр дундаа эрдэнэ шишийн гурилаар хийж, дотор нь тахианы мах, бин, бяслаг хавчуулдаг арепа хэмээх ороомог бол өглөөний зоогийн түгээмэл сонголт юм байна. Түүнчлэн тэдний өглөө бүр хэрэглэдэг бяслаг биед хангалттай кальци өгдөг бол хар шош фолийн хүчлээр хангадаг.
 
Б.Номуун
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (66.181.176.177)

    2018-06-14

    Khonoson tsyivan deeree tsai khiij idekh

  • narka (202.179.10.150)

    2013-11-23

    mongol xunii bied zoxotsson xool tsai yu bna xool sudlaachdaa ashigtai ni ali ve