Б.Хажидмаа: Хамгийн жендэрийн мэдрэмжгүй засгийн газар ажиллаж байна

 

        Соц-Интернийн Азийн бүсийн ээлжит чуулган ирэх 22, 23-нд Улаанбаатар хотноо болно. Үүнтэй холбогдуулан МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Б.Хажидмаатай ярилцлаа.

 

 

            -Соц-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллагын талаар олон нийт төдийлөн тодорхой ойлголтгүй байна. Товч танилцуулна уу?

 

            -Соц-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллага нь нийгмийн ардчилсан үзэлтэй улстөрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч ажилладаг, НҮБ-д бүртгэлтэй, нийгэм улстөр, Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж чаддаг асар том бүтэц. Эмэгтэйчүүдийн нийгэм дэх шударга оролцоог хангахын тулд бүх үйл ажиллагаа, зорилгоо чиглүүлдэг. Нийтдээ 150 орчим орон гишүүнээр нь байна. Энэ байгууллагын ээлжит чуулганыг МАН-ын эмэгтэйчүүд эх орондоо авснаараа бусадгишүүн орнуудын манлайлагч, шийдвэр гаргах түвшинд ажилладаг эмэгтэйчүүдтэй уулзах, мэргэжил мэдлэгээрээ туршлага солилцох, хамтран ажиллах бололцоогоо нээж байгаа юм. Дэлхийн эмэгтэйчүүдбүгд нэг л сорилт, нэг л бэрхшээлтэй гэдэг гаргалгаагаар асуудалд хандаж, тэдний тэгш эрхийн асуудлыг харааны нэг түвшинд байлгаж, зорьж, төлөвлөдгөөрөө Соц-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллага болдэлхийн эмэгтэйчүүдийн байгууллагуудын“Алтан гадас” нь гэж болно. Тухайлбал, манай оронд өнөөдөр улстөрийн сонгуулийн давтамж таарсан энэ хугацаанд эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг хангахын тухай их ярьж байна. Энэ бол анх Соц-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллагаас гишүүн орнууд руугаа дэвшүүлж тавьсан асуудал. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн хувийг 30 хүртэл болгох улстөрийн зоригтой шийдвэр гаргахыг уриалж, чиглэж ажилласан нь манайд ч өнөөдөр биелжээ. Ийм хүчирхэг байгууллагын ээлжит хурал Азийн бүсдээ манайд зохион байгуулагдана гэдэг нь Монголын эмэгтэйчүүд манлайлагч мөн гэсэн тодорхойлолтыг давхар агуулж байгаад баярлууштай.

 

            -Эмэгтэйчүүд 30 хүртэл квотынхоо орон зайг дүүргэх хэмжээнд бэлтгэгдсэн үү үгүй юу гэдэг асуудал их яригдсан даа?

 

            -Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд түрж гарч ирэх нь олон хүчин зүйлээс хамаарна. Төмөр хатагтай гэгддэг Маргарет Тэтчер “Ялахын тулд олон удаа сонгуульд орж байх хэрэгтэй” гэсэнчлэн улстөрд яваа эмэгтэй бүр “За нэг магистрт сурчихаад л сонгуульд дэвшье...”, “Намайг намын нөлөө бүхий хүмүүс маань юу гэх бол...”, “Миний нас ч болоогүй байна даа...” гэхчилэн хойш суухгүй, өөрийгөө дайчилж, өрсөлдөж, тэмцэлдэж гэмээнэ сонгуульд ялдаг эмэгтэйчүүдийн тоо өсөх боломж бүрдэнэ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх нийгмийн хамгийн том, нөлөө бүхий бүтэц болох хүчтэй сүлжээгээр эмэгтэйчүүдийг “Чи гоо сайхан юм чинь шийдвэр гаргах хэрэггүй...” гэсэн далд агуулгатай үзэл суртал байнга явдаг. Эмэгтэйчүүдийн оюун ухаан, эрдэм боловсролоос илүү нүцгэн биеийг үзүүлж, гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглэгч, эсвэл хүчирхийлэлд өртсөн сул дорой байдлыг үзүүлсээр байгаа нь нийгэмд сөрөг тогтсон чиг хандлага хадгалагдсаар байх хүчин зүйл болж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл лав л Монголын улстөр, шийдвэр гаргах түвшинд байгаа цөөхөн эмэгтэйчүүдээс хуурамч дипломтой, олон нөхөр сольсон, өөрөөсөө олон дүү залуутай гэрлэсэн, албан тушаал авахын тулд иргэний бүртгэлд хүртэл нэрээ сольсон мэтчилэн ёсзүйгүй түүх байсангүй. Эрчүүд бол эсрэгээрээ юу ч хийхээс сийхгүй хэрнээ тэд л илүү байдаг. Тэгэх ч ёстой юм шиг тогтсон чиг хандлага нийгэмд байгаа нь л эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх хувийг өсгөдөггүй хамгийн том шалтгаан болов уу.

 

            -Тэр сөрөг тогтсон хандлагыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрдүүлдгээрээ хамгийн гол буруутан гэж байгаа хэрэг үү?

 

            -Монголын нийгэм хэрвээ хөгжсөн юм бол түүний тусгал нь сэтгүүлзүйн агуулга. Эсрэгээрээ хөгжөөгүй юм бол түүнийг ч олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сүлжээ гэх нийгмийн энэ сүлжээ л өнгө будаггүй зурж, дүрсэлсэн. Монголын сэтгүүлзүй хөгжлийнхөө үе шатуудыг асар хурдтай, амжилттай даван туулж байна. Харин ч нийгмийн хатуу ширүүн урсгалд сэтгүүлзүйн хөгжил өнөөдрийн түвшинд хүрнэ гэдэг Монгол хүний цусанд байдаг явъяас чадварыг ажил мэргэжлийнхээ талбарт гаргаж чадсан, торгон мэдрэмжтэй удирдагчид энэ хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг толгойлсны үр дүн гэж би боддог. Сэтгүүлзүй бол агуулгаа зохиох эрхгүй. Ийм онцлогтой мэдээллийн хэрэгслийн сүлжээтэй эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудлаар төрийн бодлогыг хэрэгжүүлдэг байгууллагын зүгээс санаачилж, хамтран ажиллаагүй байхад тэд төрийн ажлыг хийх боломжгүй. Шаардлага ч байхгүй. Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулах л үүрэгтэйгээс биш хүчирхийллээс хамгаалах төв, хүүхдийн асрах газар байгуулах боломжгүй. Тэднийг хамгаалах төрийн бодлого, тогтолцоо байдаг л юм бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл аяндаа тэрийг бичнэ, дамжуулна, нийтэлнэ. Тэгэхээр өөрийнх нь эрх, өөрийнх нь асуудал юм шиг харагддаг хэр нь үр хүүхэд, гэр бүл, өтгөс буурлынхаа өмнөөс асуудал тавьж явдаг эмэгтэйчүүдийн талаар төрийн механизм бий болж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөлөхөөр хүчтэй ажиллаж байж эмэгтэйчүүдийн талаарх тогтсон сөрөг хандлага ирилна гэж би боддог.

 

            -Төрийн механизм гээд байгаа нь төрийн бодлогын хэмжээнд ажилладаг эмэгтэйчүүдийн асуудлыг эрхэлсэн тусдаа байгууллага байх ёстой гэдэг байр суурь уу?

 

            -Тийм ээ, төрийн бодлогоор хүчирхийлэлд өртдөг эмэгтэйгүй болгочихсон байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч эмэгтэйчүүдийг сөрөг байдлаар бичих, нийтлэх боломжгүй шүү дээ. Яагаад, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яам байгуулж болдоггүй юм бэ. Дэлхийн олон орон энэ чиглэлийн яамтай. Төсөв санхүү ихээхэн төвлөрүүлдэг бүтэцтэй. Тэр яам буюу төрийн механизмаар дамжуулж эмэгтэйчүүдийг хамгаалж, хөгжүүлснээрээ гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн ирээдүйд баталгаа өгч байна.

 

            -Монголд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг олноор оруулж ирэхийн тулд хэрхвэл зохилтой юм бэ?

 

            -Яг энэ сэдвээр саяхан үндэсний чуулган болсон шүү дээ. Чуулганы хэлэлцүүлгийн үеэр би “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн хэрэгжилт, хэн хянах, хэрхэн хэрэгжүүлэх ёстойн тухай асуусан л даа. Хариултыг нь ч өөрөө хэлчихсэн. Энэ засаглалын дөрвөн жилээс өмнөх үе үеийн Засгийн газрын тэргүүнүүд Жендэрийн ерөнхий хороог толгойлж, шууд удирдлагадаа ажиллуулдаг байлаа. Өнөөдөр энэ байгууллага хаана ч байдгийг бид мэдэхгүй болжээ. Сураг дуулах нь ээ, нэг яамны газарт юм уу, албанд очиж дэндүү жижигэрсэн юм шиг байна лээ. Тэгэхээр жендэрийн тэгш байдлыг хангах Монгол Улсын зорилго өмнөх түвшнээсээ уначихсан дүр зураг харагдаж байна. Хамгийн жендэрийн мэдрэмжгүй Засгийн газар ажиллаж байна. Бид гаргасан хуулиа ч хэрэгжүүлж чадахгүй байна шүү дээ. Нөгөө талаар НҮБ-аас 2030 он хүртэлх зорилтдоо эмэгтэйчүүдийн тэгш эрхийг 50:50 болгохыг тусгасан. Үүнийг хангахын төлөө дэлхийн улс орнууд хэдийнэ хөдөлчихсөн байна. Эмэгтэй хүн эр хүнээс илүү байж тэнцүү, тэнцүү байвал дутуу үнэлэгдэж байна. Тэгэхээр бид 30 хувийн тухай ярьвал маргааш УИХ-д 11-ээсээ ч цөөн эмэгтэй гишүүнтэй болно байх. Тэртэй, тэргүй НҮБ-ын зорилт байхад тэр дагуу 50:50-ийн тухай ярьж байж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн хувь өснө.

 

            -Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах зорилготой Соц-Интернийн хурлын үр дүнг яаж хэмжих вэ?

 

        -Хүн төрөлхтөн үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ эрэлд гарчихсан энэ цаг үед Соц-Интернийн ээлжит хурал Улаанбаатар хотноо болж байгаа нь маш их ач холбогдолтой. Чуулганаас “Улаанбаатарын тунхаглал” гарна. Тухайн улс оронд хийгдсэн хурлынхаа үндсэн гол асуудлуудыг олон нийтэд буюу Азид цаашилбал дэлхийн эмэгтэйчүүдэд уриалга болгодог хурлын баримт бичиг л дээ. Тэгэхээр НАМЭХ-ны зүгээс Монголын эмэгтэйчүүдэд тугамдаад буй асуудлуудыг эрэмбэлж, тунхагтаа тусгах юм. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хамгийн том бэрхшээл санхүүгийн асуудал байна. Улс эх орны эдийн засгийн байдалтай ч холбоотой. Эмэгтэйчүүдийг орлоготой байлгана гэдэг нь гэр бүлийн орлого, бат бөх байдал, хүүхдүүдийн суурь хүмүүжил, эрүүл мэндийн асуудлыг шийдэхийн тухай асуудал юм. Энэ мэтчилэн хамгийн тулгамдсан асуудлуудыг багтааж, түүнийг шийдэж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллахын тулд тунхаг үйлдэх ёстой юм билээ.                                

 

 П.ХАШЧУЛУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • shulga (202.131.233.174)

    2016-04-20

    elii huuhen 6yadahad tag shulga

  • (45.117.34.4)

    2016-04-20

    жендер л гэх юм. Одоо улсын их хуралд сууж буй хэдэн чавганц нар юу хийсийн. ер нь эмэгтэй чүүд тулга тойрсон зүйл л ярихаас эх орны хөгжилд нэмэр болох асуудлыг шийдэж чадахгүй нь тэр хэдээс харагдаж байна