МОНЦАМЭ агентлагийн статусыг тодорхой болгоно

 

        Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочилж ажилтан, албан хаагчидтай уулзан санал бодлыг нь сонсож, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

 

МОНЦАМЭ агентлаг улс орны дотоодод болж байгаа үйл явдлын тухай мэдээ, мэдээллийг түгээх, гадаадын мэдээллийн агентлагуудын мэдээллийг хүлээн авч орчуулан хүргэх, Монгол Улсын түүх, соёл, хөгжил дэвшлийг гадаадад таниулан сурталчлах чиглэлээр ажилладаг юм.

 

Байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчид МОНЦАМЭ агентлагийн статусыг тодорхой болгох, техник, технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

 

1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж зааснаас хойш буюу 2005 оноос МОНЦАМЭ-гийн төрийн агентлагийн статус тодорхойгүй болсон юм.

 

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар удаа дараа яригдсаны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан ч 2013 онд хэлэлцүүлгийн эцсийн шатанд буцаан татсанаар дахиж яригдалгүй өнөөг хүрчээ.

 

“Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. Энэ заалт Монгол Улсыг гадаадад сурталчлах үүрэг бүхий Үндэсний мэдээллийн агентлагт үл хамаарна” эсвэл “Засгийн газар Монгол Улсын тухай мэдээллийг дэлхий дахинд түгээж, сурталчилдаг мэдээллийн хэрэгсэлтэй байж болно” гэсэн агуулга бүхий өөрчлөлтийг хуульд тусгахыг МОНЦАМЭ агентлагийн хамт олон хүсч байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд энэ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ гэдгээ амаллаа. Тэрээр “Бид Монгол гэсэн тодотголтой бүх талын мэдээ, мэдээллээ албан ёсны эх сурвалжтайгаар, нэг цонхоор түгээж байж улсаа бусдад зөвөөр ойлгуулан, энэ хэрээр урагшаа алхаж чадна. Үүнд МОНЦАМЭ агентлаг чухал үүрэг гүйцэтгэх учиртай. МОНЦАМЭ бол хуучрахаар нь тайлаад хадгалчихдаг хувцас биш, харин ч монголчуудын хувьд өдөр тутамдаа өмсөж эдэлдэг хувцас шиг нь тийм чухал байгууллага. Статусыг нь тодорхой болгохын тулд холбогдох хуулинд өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана” гэлээ.

 

Мөн техник, технологио шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, байгаа нөөц, бололцооныхоо хэмжээнд дэмжлэг үзүүлнэ гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.126.89.180)

    2016-12-09

    Энэ Б.Ганчимэг юу болсон юм бэ. Ярилцлагаа аваад "мөнгө" саагаад явж байхгүй. Юу хийж энд яваа юм бэ?