Зарим өрхийн амжиргааны төвшинг шинэчлэн тогтооно

 

        Өрхийн амьжиргааны төвшин тодорхойлох судалгааг энэ сарын 27-ноос ирэх сарын 5 хүртэл явуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан ХХҮЕГ-ын халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.БАДРАХБАЯРААС зарим зүйлийг тодрууллаа.

 

-Амьжиргааны төвшинг тогтоох судалгаанд бүх нийтийг хамруулах уу. Энэ нь иргэдэд ямар ач тустай вэ?

 

-Орлогыг орлуулан тооцох аргаар дунд болон түүнээс доогуур орлоготой 600 мянга орчим өрхийг судалгаанд хамруулах жагсаалт гаргасан. Иргэдийн амьжиргааны төвшинг тогтоосноор нийгмийн хамгааллын бодлогыг оновчтой боловсруулах үндэс суурь болдог. Энэ жилийн судалгааны үр дүнгээр бид мэдээллийн бааз үүсгэнэ. Ингэснээр хөдөлмөр, халамжийн үйлчилгээ ямар хүмүүст илүү хэрэгтэй байна, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тодорхойлох юм. Мэдээллийн бааз нь дан ганц халамжийн үйлчилгээнд бус төр ба банкны үйлчилгээнд мөн хэрэгтэй. Жишээлбэл, орон сууцны зээлд хамрагдвал мэдээллийн баазаас өөрийн амьжиргааны лавлагааг гаргуулах зэргээр хүссэн үедээ мэдээллээ авч болно.

 

-Иргэд судалгаанд хамрагдахдаа орлого, эд хөрөнгөө нуун дарагдуулах тохиолдол байдаг гэсэн. Үүнд хэр хяналттай ажиллах вэ?

 

-Туршилт судалгаа явуулахад иргэд мэдээллээ тийм ч үнэн зөв өгдөггүй гэж дүгнэсэн. Тиймээс энэ удаа иргэдээс авсан судалгааг бусад мэдээллийн баазтай харьцуулан автоматаар тулгаж үнэн зөв эсэхийг тодруулна. Тухайн өрх орон сууц, машинтай юу, ажил хийдэг үү, банкинд хадгаламж, зээлтэй эсэхийг нийгмийн даатгалын сан, үл хөдлөх хөрөнгийн болон авто тээврийн бүртгэл, Монгол банкны мэдээлэлтэй тулгах жишээтэй. Түүнчлэн зорилтот бүлгийн буюу нэн ядуу өрх зурагт, хөргөгчтэй эсэх зэрэг үзүүлэлт байдаг. Үүн дээр үндэслээд тухайн өрхийн бензин, цахилгаан, дулаан, байрны урсгал зардал сард хэд болох, үүнийгээ даах чадвартай эсэхийг орлуулан тооцох аргаар тогтоож тухайн өрхийн амьжиргааны төвшинг тогтооно. Энэ нь тухайн иргэнд эргээд хэрэг болох учир мэдээллээ үнэн зөв өгөх хэрэгтэй.

 

-Өрхийн амьжиргааг дэмжих ямар бодлого баримталж байгаа вэ. Ядуурлын төвшин хэр байна вэ?

 

-Өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд дан ганц халамжид суурилах бус хөдөлмөр халамжийг хослуулах бодлого баримталж байгаа. Өрхийн амьжиргааг дэмжих суурь нь энэхүү судалгааны бааз юм. Судалгаанд үндэслээд зорилтот бүлэг хэдэн хувь байна, нийгмийн халамжийг аль төвшинд ямар хэлбэрээр хүртээх вэ гэдгийг тодорхойлно. Тухайлбал, ажилд зуучлах, нэн ядуу өрхөд хүнсний талон, хүүхдээ харж буй ээжүүдэд тэтгэмж олгох, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зэрэг хөдөлмөр, халамжийг хослуулж өрхийн амьжиргааг дэмжинэ. Ядуурлын төвшин 2013 онд 18 хувьтай байсан бол өнгөрсөн оны статистикийн байдлаар 21.56 хувь болж өссөн. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ, валютын ханш өссөн, ажилгүйдэл нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэж байгаа.

 

Т.ДУЛАМЖАВ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (1)

  • Засгаас залхагч. (59.153.115.137)

    2017-03-18

    Энэ хулгайчууд бас яахнуу? Татвараа нэмэх гээд байна у?