Тогтвортой хөгжлийн боловсролыг 1921 оноос олгож байжээ

 

        Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхийн ойн өдөр тохиодог. Энэ жил олон улс даяар  ой модыг сурталчлах, хамгаалах зорилгоор “ОЙ БА ЭРЧИМ ХҮЧ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн ойн өдрийг угтан БОАЖЯ, Монгол орны UN-REDD  үндэсний хөтөлбөрөөс хамтран “Ойн тухай суралцахуй-Албан ба албан бус боловсролд оролцогч талуудын зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөний зорилго нь албан ба албан бус боловсролын тогтолцооны хүрээнд хүүхэд, залуучууд иргэдэд ойн талаарх мэдлэг, боловсрол, хүмүүжил, ойг хамгаалах арга, дадал олгож буй өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг хэлэлцэв. Ерөнхий боловсролын сургуулиудад Тогтвортой хөгжлийн боловсролыг 1921 оноос эзэмшүүлж байжээ. Тухайн үед байгаль орчны боловсрол олгохдоо дэлхийн олон орны газар зүйн хичээлээр өөрийн болон гадаад орны  амьтан ургамал газар усны байдлыг судалж  байсан байна. 1950-иад онд “Амьтай ба амьгүй байгаль”хичээлээр хөрс ургамлын талаар ерөнхий ойлголт ухагдахууныг мэдүүлж байсан бол 1998 оноос 1-10 дугаар ангид экологийн хичээлийг  заавал судлах хичээл болгон оруулж эхэлсэн байна. Ингэхдээ багш нар сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа 25-30 хувийг өөрчлөх эрхтэй, орон нутгийнхаа онцлогийг тусгах боломжтой байжээ. Харин 2008 оноос хойш зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлж, ЕБС-ийг 12 жилийн сургалтад шилжүүлэх зорилттой давхцан хэрэгжсэнээр бусад орны боловсролын шинэчлэлээс онцлогтой болж, ТХБ-д баримжаалсан цогц, үр дүнгийн баталгааг хангах, стратеги төлөвлөгөө, хөгжлийн бодлого, зорилтуудаа товлож хэрэгжүүлж ирсэн. Тиймээс цаашид өмнөх сайн туршлага, уламжлалаасаа суралцах, сэргээх, их дээд сургууль, судалгааны төвүүдтэй хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулах, сургалтын анги тахимаас гадуур орчинд дадлага хийлгэх, хээрийн сургалт явуулах,орон нутгийн байгууллага, нөхөрлөл, бүлэгтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг БСШУЯ-ны багшийн мэргэжил дээшлүүлэх институцын дэд захирал Оюунтунгалаг илтгэлдээ онцолсон. 

 

 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайг 9 хувьд хүргэнэ гэж заасан. Түүнчлэн түймрийн дундаж талбайг 70 хувь бууруулах, шавьж өвчний голомтыг бүрэн хянах, модны ашиглалтын төвшинг 80 хувьд хүргэх, экологийн ач холбогдолтой эрүүл ойг бий болгоно хэмээн тусгасан. Монгол Улс 60 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ойгоо тоолж, тооллогын тайланг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үндэсний ойн тооллогоос  монгол орны ой хөгширсөн, ойн нөөцөөр ядмаг, монгол орны бага ашиглагдсан гэх гурван гол дүгнэлт гарсан. БОАЖЯ-ны ОБЗГ-ын махлах мэргэжилтэн Отгонсүрэн “Монгол орны ойн салбарын орын ирээдүйн чиг хандлага” сэдэвт илтгэлдээ цаашид Монгол орны ойг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөр болгох шаардлагатай байгааг дурьдсан. Үүний  тулд ойн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, ойн эко-системд ээлтэй ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл ойг бий болгох шаардлагатай байгааг онцлон хэлсэн. Мөн өнөөдөр Монголын уран зургийн галерейд “Монгол орны ойн гайхамшиг” сэдэвт  уран зургийн болон гар зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг үзэсгэлэнг гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулсан “МОНГОЛ ОРНЫ ОЙ– 2016” уралдааны бүтээлүүд болон бага болон дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “ОЙН ГАЙХАМШИГ”, “НОГООН ИРЭЭДҮЙ НАДААС ЭХТЭЙ” гар зургийн уралдаан,  мөн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ”  нийтлэлийн уралдааны шилдэг бүтээлүүд тавигдлаа. Зөвлөгөөнд нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төлөөлөл оролцлоо   хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)