Ж.Эрдэнэбат: Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх үүрэгтэй

 

        Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн зарим онцлох санаа, эшлэлийг хүргэе.

 

1.    Байгаль хамгаалал бол өөрөө амьд явах, үр хүүхэд, хойч үедээ эрүүл амьдрах орчин бүхий бүтэн эх орон өвлүүлэх чин хүсэлтэй хүн бүрийн үйлс.
2.    Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалан ногооноор нь авч үлдэх үйлст амьдралаа зориулж яваа Та бүхний ажил бол эх орноо манаж байгаа эр цэргийнхтэй дүйх хариуцлагатай бөгөөд нэр төртэй юм.
3.    Байгаль орчныг хамгаалах асуудал дээр алдаа гаргасан улс орнуудын түүхийг давтах эрх бидэнд байхгүй. Хэрвээ давтвал үр хүүхэд, хойч үе маань биднийг өршөөхгүй.
4.    Бид хойч үедээ зөвхөн бүтэн эх орон л хүлээлгэн өгөх үүрэгтэй.
5.    Бүтэн эх орон гэдгийг би хил хязгаар хүртэлх талбайн хэмжээг хэлсэнгүй. Хүн бүр эрүүл энх амьдрах орчин бүхий агаар, газар, ус, хүрээлэн буй орчин гээд байгаль дэлхийгээ бүтнээр нь хойч үедээ, ирээдүйдээ үлдээх ёстой юм.
6.    Иймд юуг, яаж хийвэл алдааг давтахгүйгээр ахиц дэвшилд хүрч болох вэ гэдгээ энэ чуулганаар давхар ярилцъя.
7.    Өнөөдөр дэлхийн улс орон бүр эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтаа улсынхаа байгаль орчны даац, чадавхид тааруулан, нийцүүлэн хөгжүүлж байна.
8.    Эрдэмтэн судлаачид Монгол Улсыг “хөгжих асар их боломжтой” гэж тодорхойлдог нь зөвхөн зэс, нүүрс зэрэг уул уурхайн баялгаар нь хэмжиж харсан шалгуур биш юм. Хөгжих, эдийн засгаа өсгөх, нийгмийн томоохон бүтээн байгуулалтаа даах асар их байгаль орчны даац, чадавхи Монгол Улсад байнаа гэдгийг хэлж сануулсан хэрэг.
9.    Өнөөдөр манай орны байгаль орчны чадавхи, даац нь хэтэрчихээд улсын маань хөгжил зогсч, эдийн засаг нь хямраад байна уу гэвэл бас үгүй. Харин манай улсын эдийн засгийн бодлого ч, хувь хүмүүсийн үйлдэл ч байгаль орчиндоо хэтэрхий халтай байгаад л хамаг учир байна.
10.    Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гаргаж буй нүүрсхүчлийн давхар ислийн хий нь дэлхийн дунджаас бараг 8 дахин өндөр байгаа.
11.    Манай улсын хүн ам цөөн учраас үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй хэрнээ нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс ялгаруулж байгаа хийгээр дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байна.
12.    Дотоодын нийт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ зарцуулж байгаа эрчим хүчний хэрэглээ нь дэлхийн дунджаас мөн л 4 дахин их байна.
13.    Эрчим хүчээ гаргаж авахдаа бас л байгалийнхаа эсрэг аргыг хэрэглэдэг. Монгол Улс өнөөдөр эрчим хүчний хэрэглээнийхээ 90 гаруй хувийг нүүрсээ шатааж гаргаж авч байна.
14.    Дотоодын нийт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд бидэнд эрчим хүч хэрэгтэй, эрчим хүчээ гаргаж авахын тулд нүүрсээ шатаана. Ийм схемээр удаан явбал монголчууд бид ирээдүйд хүчилтөрөгчөөр биш, нүүрсхүчлээр амьсгалах болж байна.
15.    Байгальд халтай хүрэн эдийн засгаас байгальд ээлтэй ногоон эдийн засагт шилжих нь Монгол Улсын тогтовортой хөгжлийн замын зураг, 2020 он гэхэд хүрэхээр НҮБ-ын төвшинд тунхагласан зорилт юм.
16.    Хүрэн эдийн засаг аль болох богино хугацаанд эдийн засгийн ашиг олохыг илүүд үзэж бусад сөрөг үр дагаварыг үл тооцдог сул талтай.
17.    Харин ногоон эдийн засаг товчоор хэлэхэд, шилдэг технологи, сайн менежментийг хослуулж байгальд хамгийн бага хохирол учруулах, учруулсан тохиолдолд түүнийгээ нөхөн сэргээдэг тогтолцоо юм.
18.    Гол мөрөн, голын ус бохирдуулсан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, шаардлагатай бол лицензийг нь цуцална.
19.    Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө батлуулахаас гадна дэнчингийн мөнгө урьдчилан байршуулж, нөхөн сэргээлтийн үр дүнг харгалзан буцаан олгох зарчим баримтлах талаар судалж байна.
20.    Утаагүй үйлдвэрлэл болох аялал жуулчлалыг хөгжүүлж, эрчим хүчний алдагдалгүй ногоон барилгын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ.
21.    Байгаль орчин хүн төрөлхтний эрүүл амьдрах орчин, амьсаглах хүчилтөрөгч болохоос нэг хэсэг хүний, нэгэн үеийнхний амьдралын хэрэгцээг хангахад зориулагдсан нэг удаагийн санхүүгийн хэрэгсэл биш юм. Иймд цаашид алтыг нь авсан хоосон авдар, ухсан нүх үлдээхгүйн тулд манай Засгийн газар “Байгаль орчны сайн засаглал”-ыг илүү бодитой хөгжүүлэхийн төлөө ажиллана.
22.    Хамгаалсан, нөхөн сэргээсэн ой, хээрийг түймрээс хамгаалах нь орон нутгийн удирдлагуудын үндсэн үүрэг болохыг хатуу сануулж, энэ ажилд урамшуулал, хариуцлагын механизмыг хослуулан хяналт тавьж ажиллахыг хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад онцгойлон анхааруулж байна.
23.    Байгалиа, байгаль орчноо хамгаална гэдэг нь тойруулж хашаа хатгаад, хүний гар огт хүргэхгүй байхыг хэлэхгүй.
24.    Орчин цагийн байгаль хамгаалал бол байгалийн баялгаа зөв, зохистой ашиглах явдал юм.
25.    Эдийн засгаа тэтгэж, улсаа хөгжүүлэхийн тулд уул уурхайн салбараа тэлэх хүслэн байхад, байгаль орчны сөрөг нөлөөгөөр хүний эрүүл, аюулгүй амьдралын орчин хумигдах хяслан бас зэрэгцэж байна. Хүсэл, хясал хоёрын тэнцвэрийг хангахад нутгийн иргэдийн оролцоо нь хамгийн хүчтэй хяналт байх болно.
26.    Байгаль орчноо сүйтгэж олсон мөнгө бол бохир мөнгө. Эх дэлхийгээ уйлуулж, ирээдүйгээ хорлож олсон тийм мөнгө эдийн засгийг тэтгэхгүй.
27.    Үр хүүхдүүдийн маань сайхан ирээдүйгээс үнэ цэнэтэй эдийн засгийн өсөлт гэж байх ёсгүй.
28.    Одоо бүгдээрээ ширгээснээ бус, сэргээснийхээ тоог хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч, зүтгэл гаргаж ажиллах ёстой.
29.    Ухъя, олборлоё гэж байгаа хэсэг нь унаган төрхөөр нь эргэж сэргээх төсөвтэй, төлөвлөгөөтэй, хамгийн гол нь сэтгэлтэй байх ёстой.
30.    Хамгаалагдсан байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн хослол бол манай Засгийн газрын бодлого, баримталж ажиллах үндсэн зарчим байх болно.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (3)

  • (103.229.123.149)

    2017-04-22

    Eh ornoo hudaldaj bayajij baigaa darga nar taiga a hariutslagaa toots. Ulger yarij suuhaar uuruu l tedentei hamtraagui bol.

  • (103.229.123.149)

    2017-04-22

    Eh ornoo hudaldaj bayajij baigaa darga nar taiga a hariutslagaa toots. Ulger yarij suuhaar uuruu l tedentei hamtraagui bol.

  • Иргэн (103.229.123.149)

    2017-04-22

    Бүрэн бүтэн эх орон үлдээнэ гэж үлгэр ярьж жүжиглэж байхаар нүүрс алтаа гадагш гаргаад баяжаад эх орноо худалдаж байгаа хүмүүётэйгээ хариуцлага яаралтайтооц. Өөрөө л хам хэрэгтэн биш бол.