“Бидний оролцоо – Улсын хөгжил” уралдааны тэргүүн байрын эздэд шагнал гардуулав

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зарласан “БИДНИЙ ОРОЛЦОО – УЛСЫН ХӨГЖИЛ” эссе бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

 

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч Д.Сүнжид, төслийн ажилтнууд, эссе бичлэгийн уралдаанд оролцогчдын төлөөлөл оролцов.

 

 “Иргэдийн оролцоо” төслийн гол зорилго нь шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцооны эрх зүйн орчныг улам боловсронгүй болгоход чиглэсэн юм. Ингэснээр улс, орон нутгийн түвшинд гарч буй шийдвэрүүд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж чаддаг гэж үзсэн байна.

 

“БИДНИЙ ОРОЛЦОО – УЛСЫН ХӨГЖИЛ” эссе бичлэгийн уралдааныг өсвөр нас, залуучууд, бусад насны түвшинд төрийн болон нийгмийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт яаж оролцох,  тодорхой хууль тогтоомжийн эрх, үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл түгээх, иргэдийн оролцоог сурталчилах, идэвхжүүлэх зорилготойгоор зохион байгуулсан юм.

 

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:

 

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Иргэдийн оролцоо” төсөл хэрэгжүүлж байна. Иргэдийн оролцоог улс төрийн хүрээнд нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан боловч УИХ төслийг буцаасан. Цаашдаа иргэд төрийн хэрэгт шууд оролцох эрх зүйн орчин, улс төрийн эрхийг нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах ёстой гэж бодож байгаа.

 

Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг цаашид УИХ-д оруулж иргэдийн улс төрийн шууд эрхийг хэрэгжүүлэх тогтолцоог бид бүрдүүлэх ёстой юм. Төлөөллийн зарчим гэдэг бол орон нутгийн Иргэдийн Хурал, аймгийн Иргэдийн Хурал, УИХ-ын гишүүдээ сонгоод, тэднээрээ дамжуулж төрийн эрх барьдаг тогтолцоо өнөөдөр явж байна. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн нэг гол зарчим болсон иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр төслийн хүрээнд боловсруулсан хууль цаашдаа Монгол Улсын хөрсөн дээр амьдрах ёстой.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс “БИДНИЙ ОРОЛЦОО – УЛСЫН ХӨГЖИЛ” эссе бичлэгийн уралдааныг зарласан. Уралдааны гол зарчим бол янз бүрийн насны иргэдийг улс төрийн болон нийгмийн үйл ажиллагаанд яаж оролцуулах вэ, тодорхой хууль тогтоомжийн эрхүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, иргэдийн оролцоог хэрхэн сурталчилж, идэвхжүүлэх вэ гэдэгт чиглэсэн юм.

 

Ардчилсан нийгмийн нэг гол зарчим бол хамтын шийдвэр байдаг. “Иргэдийн оролцоо” төслийн гол зорилго бол шийдвэр гаргах үйл явцад иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэх, үүгээр дамжуулж шат болгонд гарч буй шийдвэрүүдэд иргэдийн оролцоо ямар байх вэ гэсэн шаардлагыг хангахад гол нь чиглэж байгаа.

 

Уралдааны шалгаруулалтад нийт 155 эссе ирснээс 25-аас дээш буюу бусад насны ангилалд иргэд маш идэвхтэй оролцож 80 эссе ирүүлсэн байна.

 

Эссе бичлэгийг 5 ангиллаар шалгаруулж, насны 3 ангиллаар тэргүүн байр эзэлсэн хүмүүст шагнал гардуулж байна. Уралдаанд идэвхтэй оролцож тэргүүн байр эзэлсэн та бүгдэд баяр хүргэе” гэлээ.

 

Эссе бичлэгийн  сэдвийн хувьд дараах 5 ангиллаар хүлээн авсан байна.. Үүнд:

Хүрээлэн буй орчны асуудал /байгаль хамгаалал, орчны бохирдол, хог хаягдал, худаг зэрэг/

Төлөөллийн байгууллагаараа /Иргэдийн нийтийн Хурал, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Улсын Их Хурал, төрийн байгууллагууд/ дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох

Төсөв, татвар, хураамжийн зарцуулалтад /хотын татвар, замын хураамж, телевизийн зэрэг/ хяналт тавих, саналаа хэлэх

Боловсролын асуудал, эрүүл мэндийн үйлчилгээ

Бусад

 

Эдгээрээс иргэд тулгамдсан асуудал гэж үзэж буй сэдэв нь хүрээлэн буй орчин болон боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ байсан бөгөөд нийт иргэдээс ирүүлсэн эссе бичлэгийн тал хувь нь дээрх сэдвүүдийг хөнджээ.

 

Гурван насны ангилал тус бүрт 1-3 дугаар байрт шалгарсан дараахь иргэдэд шагнал гардууллаа. Үүнд:

 

Өсвөр нас:

 

1-р байр: О.Тэргэл

/Говь-Алтай аймгийн Тонхил сумын бүрэн дунд сургууль, 9-р ангийн сурагч/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Багийн хурлаас иргэний оролцоо эхэлдэг”

 

2-р байр: Б.Ганбат

/Увс аймгийн Улаангом сумын 1-р арван жилийн сурагч/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Багш нарын хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ”

 

3-р байр: Д.Нандин-Эрдэнэ

/Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, “Шавь” цогцолбор сургууль, 12-р ангийн сурагч/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Монгол Улсын гэр бүл, эрүүл мэнд, боловсролын асуудал ба бидний оролцоо”

Залуучууд:  

 

1-р байр: Б.Жаргал

/Австри улсад оюутан/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Жинхэнэ иргэн – ээж” /Төсвийн тухай хууль, ОНХС/

 

2-р байр: О.Тэмүүлэн

/Технологийн дээд сургуулийн Хүнсний инженерчлэлийн 1-р курсын оюутан/

Эссе бичлэгийн нэр, сэдэв:”Байгаль хамгаал ба иргэдийн оролцоо”

 

3-р байр: Б.Шагж

/СЭЗИС-ийн 2-р курсын оюутан/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд иргэд бидний оролцоо”

 

Бусад:

 

1-р байр: Ж.Амарсанаа

/Булган аймгийн Хутаг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийн багш/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Иргэд нь оролцдоггүй иргэдийн Нийтийн Хурал”

 

2-р байр: Н.Мандал

/ Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” ТББ-ын гүйцэтгэх захирал/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Төөрдөг байшин дахь миний амьдрал” /Газар, хот төлөвлөлт/

 

3-р байр: Р.Мөнхзул

/Хуульч, өмгөөлөгч/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: Байгаль орчин, хүрээлэн буй орчны асуудал сэдвээр тус тус уралдаанд оролцон шагналын эзэд боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)