МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзлаа

 

        Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж  холбогдох шийдвэр гаргалаа.

 

    Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Миеэгомбын Энхболдыг, Ардчилсан Намаас нэрийг нь дэвшүүлсэн Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тус тус бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг тэдэнд олгохоор тогтов.

 

    Мөн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэрийг нь дэвшүүлсэн Намбарын Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэрийг,  Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5 дахь хэсэг, 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, 143.1.2, 143.1.4 дэх заалт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргав.

 

    Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар   байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон байна.

 

    Мөн холбогдох хуульд тухайлбал, Сонгуулийн тухай хуульд “ Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан байгаа билээ. Намбарын Энхбаяр нь Сонгуулийн тухай хуулийн энэ  шаардлагыг хангаагүй байна.Тодруулбал, тэрбээр 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хооронд буюу тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй болохыг холбогдох байгууллага тодорхойлжээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч  мэдээлэв.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.50.206.40)

    2017-05-15

    Ганбаатарыг дэвшүүлээчээ МАХН-ныхан тэгвэл ялна. Та нарын яриад байгаа Шаравдорж Оюунбаатар бол явахгүйэ