Гаднынхан хөрөнгө амласан ч бодит үйлдэл хийхгүй байгаа нь итгэлгүйн шинж

        МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ч.ХАШЧУЛУУН- тай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар ярихын тулд өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил, бодлого чиглэлийн тухай өгүүлэх ёстой байх. Өнгөрсөн дөрвөн жилийн бодлого, хөтөлбөрийн алдаа оноог өнөөдрийн өндөрлөгөөс харахад ямар байв?

 

-Урьдах дөрвөн жил буюу АН- ын засаглаж байсан хугацаа улс орны эдийн засгийн хувьд хүнд жилүүд байсан гэж тооцогдох байх. Хүндрэл нь хоёр шалтгаантай. Эхнийх нь мэдээж хүнээс буюу удирдлагын алдаатай бодлоготой шууд холбоотой. Нөгөө нь гадаад хүчин зүйлийн нөлөө буюу байгалийн эрдэс баялаг нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр уналттай байлаа. Нэгдүгээр хүчин зүйлийн тухайд бол 2012 оноос хойш гаднаас маш их зээл авч, дотооддоо хөрөнгө мөнгийг гамгүй цацсан. Үүний эцэст тодорхой “үр дүн” гарсан уу гэвэл гарсан. Тухайлбал, Маш их хэмжээний арилжааны өртэй болж, түүний хүүг төлөхийн тулд жил бүр хөрөнгө төлөвлөх хэрэгтэй. Зөвхөн үндсэн төлбөр гэхэд манай улсын төсөв дааж давахын аргагүй болчихсон байна. ДНБ-ий 90 хувьтай тэнцэх гээд байгаа шүү дээ. Тэгээд энэ онд түрүүчийг нь төлж барагдуулахаар хугацаа нь тулчихсан, заримыг нь төлөөд эхэлсэн. АН-ын Засгийн газраас үйлдвэржүүлэлтийг дэмжих бодлого дэвшүүлж, Аж үйлдвэрийн яамыг тусгайлан байгуулсан. Харамсалтай нь, санхүүжилтийн багахан хувийг үйлдвэрийн төслүүдэд зарцуулсан байдаг. Ихэнхийг нь барилга, автозам гэхчлэн дэд бүтцийн салбарт зориулснаас гадна Хөгжлийн банкны бондоор босгосон хөрөнгийг үүнд зарцуулсан нь оновчтой шийдвэр байсангүй. Яагаад гэвэл зарлагаа даруйхан нөхөж эхлэх бус харин ч орлого олдоггүй, олсон ч олон жилийн хүлээлт шаарддаг ийм салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү хийсэн байна. Нөгөө талаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг янз бүрийн салбарт хэрэгжүүлж байв. Үүний үрээр шатахууны үнийн савлагаа гайгүй байсан ч хөрөнгийн зарцуулалт нь тодорхой бус байлаа. Өнгөрсөн хугацаанд АН-ын Засгийн газар ипотекийн бодлогод илүү анхаарч, Төв банктай хамтран “тэргүүн фронт”-оо нээсэн. Тэд найман хувийн зээлийн орон сууцны бодлогыг хэрэгжүүлж, барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж байлаа. Энэ нь хэт нэг талыг барьсан бодлого болж, баялаг бүтээгч үйлдвэрлэлийн салбар хаягдаж гээгдсэн. Тийм болохоор худалдан авагч /борлуулалт/-гүй баахан барилга, ипотекийн найман хувийн зээл олгох эх үүсвэргүй, улайчихсан данс л энэ Засгийн газар хүлээж авсан. Гадаадын хөрөнгө оруулалт дээр төр, засгийн тууштай бодлого дутсанаас гаднынхан хөрөнгөө татаад зугтах шахуу гарлаа. Иймэрхүү хүнд хэцүү нөхцөлд шинэ Засгийн газар ажиллаж, зарим нэг өөрчлөлт хийж байна. Түүний нэг нь олон янзын санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтыг нэгдсэн төсөвт зангидаж эхэллээ. Цаашилбал, ОУВС-гаас зээл тусламж авахаар хөөцөлдөж байна. Ингэхээс ч өөр аргагүй.

 

-Сүүлийн үеийн анхаарал татсан гол асуудал энэ л болчихоод байна. Тэгэхээр ОУВС- гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд төсвийн зарцуулалт, иргэдийн нийгмийн асуудал, татварын бодлогод олон өөрчлөлт хийж байгаа. Энэ талаар та ямар үнэлэлт дүгнэлттэй байна вэ?

 

-ОУВС-гийн шаардлагыг биелүүлэх л ёстой. Нөгөө талаар хагас дутуу гүйцэтгэлтэй дэд бүтэц, эх үүсвэргүй ипотекийг яах вэ гэдэг асуудал шийдлээ хүлээгээд хэвээрээ байж байна. Дэд бүтэц гэхэд дотроо хэд хэдэн томоохон салбартай. Төмөр зам гэхэд маш их хөрөнгө оруулсан мөртлөө хийсэн ажил нь маруухан байна. Нэг жаахан далангийн шороог овоолж, хэдэн суурь багана л босгожээ. Эрчим хүчний салбарт багагүй хөрөнгө зарцуулсан боловч Амгалангийн дулааны станцыг л барьсан. Нар, салхины гэхчлэн сэргээгдэх эрчим хүчний хувьд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр байгаа ч энэ нь манай улсын суурь хэрэглээг хангаж чадахгүй. “ТЭЦ-V” гээд томоохон төсөл байсан боловч байршил, хөрөнгө оруулагчийг дахин дахин сольсоор байгаад бүр замхруулсан. Автозамын сүлжээний хувьд бүх аймгийг засмал замаар холбоно гэсэн ч бас л дутуу дулимаг байдалтай. Одоогийн Засгийн газар Говь-алтайг автозамаар холбох, Баянхонгороос цааш замаа тавих, Ховд, Завханыг төв замтай нь нийлүүлэх ажлыг хийх байх. Их ч хөрөнгө шаардлагатай болно.

 

-Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд одоогоор багагүй юм амласан ч яг ороод ирчихсэн нь ховор бололтой. Тийм үү?

 

-Үнэндээ хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил сэргэхгүй байна. Өчнөөн хурал чуулган зохион байгуулж, айлчлал хийгээд гаднынхан хөрөнгө амлаж байгаа ч үйлдлээрээ харуулахгүй байна гэдэг нь итгэхгүй байгаагийн л шинж. Гэрээ байгуулаад хөрөнгө оруулалтаа манай банкны дансанд байршуулж гэмээнэ үүнийг хөрөнгө оруулалт жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэллээ гэж ойлгож болно. Яг үнэндээ 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээнээс хойш гарын үсгээрээ баталгаажуулаад эхлүүлчихсэн томоохон ажил алга гэж хэлэхэд хилсдэхгүй. Шинэ Засгийн газар дээрх алдааг давтахгүй л байх хэрэгтэй. Аливаа төсөл хөтөлбөрөөс нэг салбарын яам хожих нь чухал биш. Монгол Улсад баригдаж буй нэг үйлдвэр, хэрэгжих нэг төслөөс ажлын байр бий болж, татварын орлого нэмэгдэж, дараагийн үйл явцын суурь болно гэх илүү өргөн утга агуулга, үр өгөөжийг нь олж харах ёстой юм. Салбарын явцуу эрх ашиг бол хол явахгүй. Үүнд би, авто болон төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийг хэлж байгаа юм. Үүнийг Ерөнхий сайд юмуу Шадар сайдын төвшинд аваачиж, зангидаж ажиллах учиртай. Одоо харж байхад эдгээр мега төслүүд нэг л эзэнгүй яваад байх шиг. Өмнөх Засгийн газрын үед М.Энхсайхан гэж сайд байсан боловч тэр нь дороо ямар ч хөл, гар байхгүй учраас хэцүү л байсан байх. Одоо үүнийг засч, ажлын алба бүтэц бүрэлдэхүүнд нь ч анхаарах ёстой.

 

-ОУВС-гаас санхүүжилт авахдаа тулж байтал УИХ- ын нэг тогтоолоос болоод хугацаа нь хойшилчихлоо. Үүнийг засч залруулаад тус сангийн Захирлуудын зөвлөл нь нааштайгаар шийдэх бололтой. Үүнийг хэрхэн, юунд зарцуулах нь илүү үр дүнтэй байх бол?

 

-Хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагын талаар олонтаа ярьсан. Ямартай ч улсын төсвийн тодотголоо хийсэн нь сайн ч бизнесийн орчинд үнэхээр харш тогтоолыг баталсан болохоор засч залруулахаас аргагүй. Таныг ХААН банкинд заавал данстай бай, орлого зарлагаа түүгээрээ дамжуул гэсэнтэй л адил агуулгатай юм шүү дээ. Дараа нь засч байгаа боловч иймэрхүү шийдвэрээ бас сайтар бодолцож, хэлэлцэж байж гаргахгүй бол УИХ- ын нэр хүнд гэж юм байна. Гаднынханд нөгөө туйлбаргүй, хувирамтгай байдлаа л баталж байгаа хэрэг. Одоо ОУВС шийдвэрээ гаргахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг бас харах байх. Ер нь ОУВС-гийн хөтөлбөр нь манайд зам гүүр, барилга байшин барьдаг хөгжлийн хөрөнгийг санхүүжүүлэхгүй. Харин улс орны санхүү, мөнгөний тогтолцоог хэвийн хэмжээнд нь оруулах, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл үүнийг дагалдан орж ирэх Энэтхэг, Япон, Хятадын ч юмуу АХБ, ДБ-ны зээл тусламжийг бид харин бүтээн байгуулалтдаа ашиглаж болох юм. Үүний тулд эхлээд суурь төсвийн зарцуулалтаа зөв, хэмнэлттэй болгох нь чухал. Ер нь манай улсын төсвийн тогтолцоо төлөвлөлт маш муу, улс төрийн хараат байдалтай, мэргэжлийн бус шинж чанартай болчихоод байгаа юм. Энэ нь тэрний, энэний Засгийн газар гэлтгүй нийтлэг хандлагатай байна. Түүний эх сурвалж нь Үндсэн хууль гэж хэлж болно. “Эцэг” хуульд Монгол Улс хөгжлийн бодлоготой байна, төлөвлөлт нь сайн байх ёстой гэх зэрэг чиглүүлж заасан нэг ч үг өгүүлбэр байдаггүй. 1990 онд хуулиасаа аваад хаячихсан хэрэг. Одоо тэгэхээр ямар ч бодлого чиглэлгүй, аль ч Засгийн газар юу ч хийж болох юм шиг л таамгаар явж байна. Нөгөө талаар хариуцлага гэдэг ойлголт Үндсэн хуульд байхгүй. Томоохон төслүүдийг дөнгөж эхлүүлээд хаячихсан, түүнд зориулах ёстой их хэмжээний хөрөнгө мөнгийг шамшигдуулсан байхад хэн ч хариуцлага хүлээж шийтгэл эдэлдэггүй. Энэ нь зөвхөн томоохон төсөл хөтөлбөр гэлтгүй бүх аж ахуйн нэгж, төрийн болон төсөвт байгууллагад байх ёстой зарчим. Бас эдийн засгийг төлөвлөгөө, зорилттой хэрэгжүүлэх утга агуулга Үндсэн хуульд орхигдсон байна. Япон, Солонгос, Хятад тодорхой хугацааны зорилт дэвшүүлэн тавьж, түүндээ хүрэхийн төлөө дээр доргүй ажилладаг. Манайд ийм төлөвлөлт үгүйлэгдэж байна. Тогтолцооны хувьд сайжруулах ийм доголдолтой зүйл цөөнгүй бий.

 

-Манай улс эдийн засгаа солонгоруулна, олон баганатай болгоно гэж ярьсаар өдий хүрлээ. Гэтэл нөгөө л уул уурхайн салбараа “мэрсээр”, “мөлжсөөр” байна. Ойрын үед энэ салбарын хөгжил ямар байх төлөвтэй байгаа вэ?

 

-1970-аад оны эхээр байгуулсан “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц багасч, баяжмал дахь агууламжийн хувь буурч байна. Энэ хэмжээгээр улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ багассаар байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед хувьчлал нь буруу явагдсан гэж үзээд 100 хувь төрийн өмчид авсан ч маргааныг эцэслэн шийдээгүй байна. Миний бодоход, нэгэнт нөөц нь шавхагдаж байгаа үйлдвэрлэлийг төрийн өмчид байлгах гэж зүтгэх хэрэг байна уу, үгүй юү. Хувийн хэвшлийнхэн хөрөнгөө оруулж тэндээс бага боловч ашиг олно гэж тооцож байгаа бол тэр нь дээр байхыг ч үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл эхнийх нь дээрх агууламж, нөөцтэй холбоотой. Хоёрдугаарт, төрийн өмчид 100 хувь байвал янз бүрийн шахаа, улс төрийн томилгоо, хардлага сэрдлэг тасрахгүй хэцүү шүү дээ. Түүний оронд хувийн хэвшлийг оролцуулаад тэднээс татвараа л сайн авах нь чухал баймаар. Саяхан шүүхээр 49 хувийн хувьчлалын асуудлыг хэлэлцээд ТУЗ- ийн бүрэлдэхүүнийг дахин сэргээхээр болж байх шиг байна. Тиймээс төр, хувийн хэвшлийнхэн харилцан ойлголцож, дундын хувилбараа гаргаж ирэх нь дээр болов уу. Цаашдаа 10-20 жилийн дараа уулын үйлдвэрийг түшиглэсэн Эрдэнэт хот, Орхон аймаг юунд тулгуурлаж хөгжих, амьдрах талаар эртнээс бодох л хэрэгтэй. “Оюутолгой” компанийн хувьд үйлдвэрээ хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, одоо үйлдвэрлэлийн процесс хэвийн явж байна. Энэ жил тэдний татварын орлогыг “Эрдэнэт”-ээс дөрөв дахин их байхаар төлөвлөжээ. Энэ нь олон жилийн өмнөөс ярьж шүүмжилж ирсэн “ашиггүй гэрээ”, луйвар” гэх ярианд бодит хариу болох байх гэж бодож байна. Түүнээс цааш гүний уурхайн бүтээн байгуулалтад төр, засгаас анхаарч тодорхой дэмжлэг үзүүлэх байх. Энэ жилийн хувьд хоёр дахь шатны бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгөөс 400-500 тэрбум төгрөгийн татвар орж ирнэ. Тэр хэрээр манай татварын бааз суурь өснө гэсэн үг.

 

-”Эрдэнэс Тавантолгой” улсын өмчит компани гадаад өрөө барагдуулж дууссан. Хэдийгээр “Чалко”-д нүүрсээ нийлүүлэх нөхцөл нь хэвээр байгаа ч худалдах үнэ нь зах зээлийнхээр тогтоогдох бололтой юм билээ. Ер нь нүүрсний салбарын хэтийн төлөв ямар байх бол?

 

-Манай улсын нүүрсний экспорт сүүлийн саруудад сэргэсэн. Хятадын нүүрсний зах зээлд Австралитай “түрүү, аман хүзүү” булаалдаж байна. Энэ нь коксжих нүүрсний хэмжээгээр гэдгийг онцолъё. Цаашдаа нийлүүлэлтээр тэргүүлж, үнэ өсөх боломжтой. Үүний тулд хийх ёстой ажил нь дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалт юм. Манайх Хятадтай хил залгаа 200-гаадхан км-ийн цаана байж 1000 км алс Австралиас зөөж байгаа нүүрстэй адилхан, зарим талаараа их зардал гаргаж, нийлүүлэлт хийдэг. Энэ сөрөг байдлыг ашиглаад Өмнөд Солонгос, ОХУ манайхаас өрсөөд урд хөршийн зах зээлийг эзэлчих гээд байна. Оросын нэг жилийн экспортын нүүрс 150 сая тн байдаг. Түүний ихэнхийг Япон, Солонгос, Хятадын зүүн болон зүүн өмнөд хэсэгт нийлүүлж байгаа юм. Түүнтэй өрсөлдөхийн тулд төмөр зам зайлшгүй шаардлагатай. Одоохондоо бид Хятадын хойд хэсэгт нь нүүрсээ хүргэж байна шүү дээ.

 

-Зарим бага, дунд зэргийн барилга байгууламж, ажлыг концессын гэрээгээр хийлгэчихээд төр мөнгийг нь олгохгүй байх, хойрго хандах явдал их байна гэж шүүмжилдэг. Энэ нь төр, хувийн хэвшлийн харьцааг хөргөж, харилцааг холдуулдаг байх. Та ямар бодолтой явдаг вэ?

 

-Концесс гэдэг маань төр хувийн хэвшлээсээ мөнгө зээлж бүтээн байгуулалт хийлгэж байгаа хэлбэр юм. Гэхдээ төлбөрөө гэрээний дагуу тогтоосон хугацаанд буцааж төрөөс авах юмуу тухайн компаниас үйлчилгээ авч буй иргэн, аж ахуйн нэгжээс тарифаар татан төвлөрүүлэх ийм л хоёр нөхцөлтэй тохиролцоо гэж хэлж болно. 2010 онд Концессын тухай хуулийг баталснаас хойш хэрэгжүүлэх явцад алдаа оноо аль аль нь л байлаа. Алдаагаа засч, оноогоо бататгахын тулд зайлшгүй хийх гурван зүйл байна гэж хардаг. Тухайлбал, төр амласнаа хугацаанд нь биелүүлдэг болох. Концессын хуульд хувийн хэвшил хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол... гээд баахан торгууль шийтгэл байж байдаг. Тэгтэл юмаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй тохиолдолд төр ямар хариуцлага, шийтгэл хүлээх нь тодорхойгүй байна. Үүнийг засч, хуулийн заалтдаа эрх тэгш үүрэг хүлээж, хариуцлага тооцохоор тусгах шаардлагатай. Өнөөдөр өмнөх Засгийн газрын концессоор хийлгэсэн ажлын хөлс, оруулсан хөрөнгийг төлөх эсэх талаар бөөн маргаан болж байна. Төлөх л ёстой юм. Нөгөө нэг зүйл нь концессоор хийх ажил ч уралдаант шалгаруулалттай байх учиртай. Аль нэг таньдаг, мэддэг хүнийхээ компанид тухайн ажлыг тулгаж “Төлбөрийг нь дараа өгнө” гэх нь зохистой биш. Хожим маргаан үүсэхээс сэргийлж, тендерээр шийддэг байвал илүү дээр хувилбар болно. Гуравдугаарт, зөвхөн зам биш сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга гээд бүгдийг концессоор хийлгэж болох талтай. Гэхдээ төлбөрийг нь улсаас хийнэ, үйлчилгээг нь та бүхэн үзүүл гэж тохиролцож болох юм. Жишээ нь, нийслэлд ерөнхий боловсролын дунд сургууль хүрэлцэхгүй мөртлөө хувийн маш олон их дээд, дунд сургууль байдаг. Тэдэнтэй яриа хэлцэл хийж, сургалтын үнэ тарифыг нь багасгаж бусад хүүхдийг хамруулж болж байна. Түүний оронд сургууль барихаас арай бага хөрөнгөөр тэднийг санхүүжүүлэх ч юмуу, ийм хувилбар байж болох мэт. Мөн нийлүүлэлт нь хахчихсан зарим мэргэжлийн сургуулийг нэгтгээд сул орон байрыг нь дунд сургуулийн зориулалтаар ашигласан ч болохгүй гэх газаргүй. Энэ нь нөгөө талдаа төсвийг хэмнэх ач холбогдолтой юм.

 

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)