Алтайн өвөр говийн мазаалай ихэр бамбарууш төрүүлжээ

 

        Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой хэмээх Говийн их дархан цаазат газарт хамаардаг нутагт 20-40 мазаалай баавгай амьдарч байна. Олон улсын “Баавгай” нийгэмлэг, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, “Говийн баавгай” судалгааны баг хамтран дөрөвдүгээр сарын 26-наас Шар усны баянбүрдэд судалгааны ажлаа эхэлжээ. Тэд нас бие гүйцсэн нэг шармаахай /эр баавгай/-г шинээр илрүүлж, хүзүүвч зүүсэн байна. Мөн тэндхийн байгаль хамгаалагч ихэр бамбаруушаа /алманцаг/ дагуулсан мазаалайтай таарснаа тэмдэглүүлжээ. Энэ ховор тохиолдлын талаар ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Наранбаатараас тодрууллаа.

 

-Энэ хавар Алтайн өвөр говийн мазаалай баавгай ихэр төл гаргасан тухай мэдээлжээ. Ийм тохиолдол хэр олон байдаг вэ?

 

-Мазаалай ихэр бамбарууш төрүүлэх нь маш ховор тохиолдол. Ингэ ихэр ботго гаргадагтай л адил. Манайхны өсч үржихийн бэлгэдлийг бодвол сайхан явдал болсон байна. Тус хүрээлэнгийн ажилтан, доктор Д.Амгалангаар ахлуулсан судалгааны баг тэнд ажиллаж байгаа болохоор тэд баталгаажуулаад ирэх байх.

 

-Та бүхэн мазаалайн хоол тэжээлд хэрхэн анхаарч байна вэ?

 

-Өнгөрсөн намар ичээндээ орохоос нь өмнө гурван тонн, энэ хавар гуравдугаар сарын эхээр ичээнээсээ гарахад нь найман тонн тэжээлийг Алтайн өвөр говь дахь мазаалай тархсан нутгаар тарааж байрлуулсан. Бас ус ундны талаар ч анхаарч байна. Ер нь мазаалай ичээндээ байх үед бамбаруушаа төрүүлчихээд хавар ичээнээсээ дагуулаад гарч ирдэг онцлогтой амьтан. 2004 онд манай судалгааны автомат камерт ихэр бамбарууштай мазаалайн үйл хөдлөл бичигдэж үлдсэн байсан.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (2)

  • (202.131.246.179)

    2017-05-22

    Мхзххлхй минь өсөх болтугай

  • zochin (124.158.126.197)

    2017-05-20

    us shuu hujiraar hangah heregtei