Ж.Мөнхбат: БСШУСЯ-нд шат шатандаа хариуцлага тооцох асуудал байгаа гэдгийг анхаараарай

        Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилуулах санал оруулсныг УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин түүнийг БСШУС-ын сайдаар томиллоо.

 

Улмаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат  БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт 12:00 цагт тамгыг нь хүлээлгэн өглөө.

 

 

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Засгийн газрын тухай хуулийн дагуу  МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байсан юм.  

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат академич Г.Чулуунбаатарт тамгыг хүлээлгэн өгөхдөө “Хэдийгээр хариуцлага алдсан хэмээн салбарын сайд нь огцорсон боловч өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх асуудал ганц сайдын буруугаас болоогүй. Үүнийг БСШУСЯ-ны бүх ажилтан, албан хаагч, дарга, удирдлагууд дор бүрнээ сайтар тунгааж бодоорой.

 

Салбарын сайд огцорсноор асуудал шийдэгдэхгүй. Тиймээс шат, шатандаа хариуцлага тооцох асуудал байгаа гэдгийг анхаараарай. Ажлаа хүлээж авсан сайд та Монгол Улсын зүрх, тархи болсон хамгийн чухал салбарт алдаа, дутагдал гаргалгүйгээр хурдтай, ёсзүйтэй, хариуцлагатай ажиллахыг хүсье” гэв.

 

Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудал юунаас эхтэй вэ гэдгийг оношлохоос эхэлнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудал яригдана.

 

Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэйгээр сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.140.46)

    2017-06-14

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.