Эзэндээ ээлтэй үхэр эрдэнэ

Эрт урьдын цагт бурхан багшаас хүн төрөлхтөнд элч илгээх гэж үхрийг явуулжээ. Үхэр дээд тэнгэрээс хүний ертөнцөд ирэх замдаа бурхан багшийн захиаг буруу уламжлав.

 

    Тэрхүү захианд хүн төрөлхтөн өдөрт гурван удаа нүүрээ угааж, нэг эриний хоол ид гэснийг нь үхэр  тонгоруугаар нь уламжилж, нэг удаа нүүрээ угааж, гурван эриний хоол ид гэж хэлжээ. Бурхан багш машид хилэгнэж:

- Тэгвэл чи хүний ертөнцөд бууж, тэдний гурван эриний идэх хүнс, уух усанд нь хүчээ өг гэсэн байна.

 

 

 

 

Үхэр гуай хөрст ертөнцөд буусан ч хүний амьдралыг хөндөөгүй зэрлэг байсан нь үнэн. Хууч судлалд үндэслэвэл хүн төрөлхтөн одоогоос 8000 — 10000 жилийн өмнө үхрийг гаршуулан малласан байдаг. Номхотгон тэжээсэн гол газар нь дундад Ази, Африк тив, Европ тив гэж олонх судалгаачид үзэж бий.

Домог үргэлжилсээр …

Хүн төрөлхтөн зэрлэг үхрийг гаршуулсан явцад нөр их хөдөлмөр зарцуулан амьдралын нөхцөлийг нь өөрчилж, байгалийн шалгарлын нөлөөг багасгаснаар үс, арьс, биеийн байдал, араг яс зэрэгт нь илэрхий хувиралт гарснаар барахгүй хөдлөл барил, зан араншинд нь хүртэл өдий төдий хувиралт гарч, бурхан багшийн зарлиг зааврыг гүйцэтгэхээр үхэр сая жинхэнэ хүний амьдралд орсон юм.

Хээр талаар хичнээн түмэн жил зэрлэг үхэр давхидаг байсан нь алгуур аажмаар номхон, эзэндээ ээлтэй, айл хотноосоо холддоггүй гэрсэг тэжээвэр болсон нь домог биш үнэн болохыг түүхэн материал гэрчилнэ.

Нийтийн он тооллоос өмнөх гуравдугаар зууны үед тогтнож байсан Хүннүгийн үед даруй үнээ сааж, сүү шимээр нь гол хүнс болгож байв. Монгол үхэр, хичнээн мянган жилийн туршид сэрүүн бүс  дэх задгай орчинд даацтай, бат бэх, хүдэр биетэй. Үзэмчин үхэр, Барга үхэр, Халх үхэр, Өөлд үхэр зэрэг нутгийн үүлдэр болж удамшжээ. Монголын өндөрлөгийн өвс бэлчээр, монголын өндөрлөгийн уур амьсгал, монголын өндөрлөгийн хүн ардтай эе зохицлоо олсон монгол үхэр нүүдэллэн мал маллах амьдрал ахуйгаа цогцолж явсан өвөг дээдсийн маань яруу үйлс нь болон уламжлагдаж, эдлэхийн буяны тавилангаар тохиосон энэхүү амьд эрдэнэ аажмаар таван хошуу малын хоёр дахь халуун хошуут өглөг буяны бэлгэ тэмдэг болсон юм.

Домгийн үхэр үнэний туйлаар мөөрнө. Бурхан багшийн зарлигаар үхэр гуай шим тэжээл сайтай сүү цагаа, мах тосоо хүний ертөнцийн гурван эриний идэх хүнсэнд харамгүй өргөснөөр барахгүй ялгадсаа хүртэл өсгөж бүүвэйлсэн нутгийн шороо ба малчин түмэндээ өргөж, хөрс шороог сайжруулан өвс ургамалд шим хангаж, аргалын халуун илчээрээ үе үеийн хүмүүсийг дулаацуулан хүүхэд нялхсаа хуурайлан өсгөх гэр бүлийн орчинд нь хүчин чадлаа өргөсөөр иржээ. “Гадна нь аргалын овоо даланлан харагдаж байна, энэ айлынх ажилсаг хөдөлмөрч, амьдралын ухаантай шүү!” хэмээн бага байхад аавыгаа дагаж аян хөөхөд аргалын овоогоор айл гэрийг гадарлан ярьж байсан нь одоо ч гэсэн чихэнд туулдана.

Домог үргэлжилсээр …

Үхэр гуай хүний ертөнцтэй дасалцан ижилшсэн хойно “Уух усанд нь хүчээ өг” гэсэн бурхан багшийн зарлиг зааврыг ер мартаагүй нь үнэн.

Хурдан гүйдэлтэй агт морийг бодвол үхэр гуай удаан хөдөлгөөнтэй амьтан боловч хүнд тээштэй ачааг алсад зөөн зүтгэхэд чадал хүч, зан араншингийн хувьд өвөрмөц давуу талтай. Ус аргал тээх нь үхрийн хувьд хурууны үзүүр хум падын явдал болж, жингийн цуваагаар нүүдэл холын аяны хүнд ачаа тээврийн үүргийг бүгд үхрийн нуруунд хатуухан буулаа.

“Хүннүгээс эхэлж өртөөлсөн их нүүдлийн сэрүүн цуваа … Уулсаа ачаалсан урьдын их нүүдэл … түүхтэй хуучинтай их цуваа минь …”. Нүүдлийн цуваа гэхэд үхэр тэргэний зам зурайж, тансаг сайхан зураг талын дундуур харагдана. Үхэр тэрэг нь барааны тэрэг, хашаа тэрэг, ган тэрэг, ханан тэрэг, тоонон тэргүүд цөрхөлөгдөн, арлын шарууд алхаа жигдэрч, их нүүдлийн тэргэн цуваа маань юутай гойд!

Арлын шар, аралт хасгийг хэдхэн үгээр ярьж дуусах биш, тэд хэдэн мянганы тэртээгээс өнөө цагт хүрч иржээ. “Үргүй хүн үхэхээр хэцүү, үхэргүй хүн нүүхлээр хэцүү” гэдэг. Олон зууны аянд үхэр тэрэг нь ачаалбар болж арлын шартайгаа буулгаа ачаалан зүтгэсээр ирснийг нүүдэл мал аж ахуйн амьдралын түүх гэрчилнэ.

Он жилийн орчилт, аж ахуй нийгмийн хөгжлийг дагалдан нэг мэдэхэд аяны замаар хөнгөн машин давхин нүүдлийн цуваагаар галт тэрэг довтлох болж, түмэн тонны хүнд ачааг түүртэлгүй чирсэн илчит тэрэг залуурчидтайгаа хамт “Арлын шар ”-ын үзэл санаагаар ар өвөргүй довтолно.

 

Домог дууслаа, үлгэр биш үнэний учралд тулгарч, үхэр тэрэг бид бүхний “багш” болсон нь үнэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин