Р.Саранцэцэг: Иргэдийн мөнгөн дэвсгэртэд хандах хандлага тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн

 

Монголбанкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аяныг зохион байгуулсан. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгтэй ярилцлаа.

 

-Таны өдөр тутмын ажил “төгрөг”-тэй холбоотой шүү дээ. Үндэсний мөнгөн тэмдэгтэд иргэд хэрхэн ханддагийг та бусдаас илүү сайн мэддэг хүний хувьд энэ тухай сэдвээр ярилцлагаа эхэлье.

 

-Монголбанк хуулинд зааснаар өөрийн үндсэн үүргийн нэг болох мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах, хүчинтэй үгүйг тодорхойлох ажлаа өдөр тутам тасралтгүй явуулж, шаардлагатай судалгаа, тооцооллуудыг хийсээр байгаа. Гүйлгээнд эргэлдэж байгаа төгрөгийн маань чанарын байдал ерөнхийдөө маш их муудсан байгааг би өмнөх ярилцлагандаа дэлгэрэнгүй дурдаж байсан. Хуучирч үнгэгдэн өнгө зүс нь алдагдсан, хиртсэн, урагдсан, нэг багцад байх 3 дэвсгэрт тутмын нэг нь туузан наалттай, эсвэл хамгаалалтын элемент нь арилсан гэх мэтээр гүйлгээнд явуулах шаардлагыг хангахгүй тэмдэгтүүд асар их болсон байгаа.  Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газар шаардлагатай арга хэмжээг авч байгаа хэдий ч олон нийтийн бэлэн мөнгөтэй харьцах соёл, сэтгэлгээг давхар өөрчлөхгүйгээр сайн үр дүнд хүрэхгүй юм.  Иргэдийн энэ талаарх соёл, сэтгэлгээ маш тааруу байна.  Ийм учраас бэлэн мөнгөний харилцаанд байнга оролцож байдаг банкууд, үйлчилгээний компаниуд, иргэдийг шат шатанд нь тус бүрт нь хамарсан сурталчилгаа, мэдээлэл, танилцуулгыг хүргэх зорилготой “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аян”-ыг улсын хэмжээнд орон нутаг дахь өөрийн хэлтэс салбарууд болон банкуудаар дамжуулан өнгөрсөн 2 сарын хугацаанд явуулсан юм.

 

-Монголбанкнаас санаачилсан “Мөнгөний соёлтой хэрэглээ” аян хоёр сарын хугацаатай хэрэгжих үед үр дүн хэрхэн мэдрэгдэж байна вэ, цаашид энэ ажил тогтмол үргэлжлэх байх гэж бодож байна?

 

-Ер нь аянаас бидний хүлээж буй үр дүнг дүрсэлбэл гүйлгээнд эргэлдэж буй цаасан мөнгөний байдал ерөнхийдөө нийтээрээ цэвэрхэн, элэгдэж урагдаагүй, туузан наалтгүй байх бөгөөд үйлчилгээний газруудад төлбөр тооцоо хийж буй аливаа иргэдийг харвал үргэлж хэтэвчнээс цэвэрхэн дэвсгэрт гарган үйлчлүүлж байгааг харах явдал юм.  Гэхдээ одоо аяны үр дүнг хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл энэ асуудал маань өөрөө цаг хугацаа нэлээд шаардсан, өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, манай аян амжилттай хэрэгжиж, үр дүнд нь иргэдийн бэлэн мөнгөтэй харьцах хандлага өөрчлөгдөж, соёлтой хэрэглээнд дадаж эхэлсэн ч гэлээ нэгэнт хэдийнээ хуучирч элэгдсэн дэвсгэртүүд нэг хэсэг гүйлгээнд эргэлдэж л байх болно. Учир нь гүйлгээнд гаргасан нийт бэлэн мөнгөний зөвхөн 30-аад хувь нь л арилжааны банкны кассаар дамждаг бөгөөд зөвхөн энэ хэсэг нь л тодорхой хугацаанд Монголбанкинд ирж ялгагдаж цэгцлэгдэнэ гэсэн үг.  Үлдсэн хэсэг нь иргэд, компаниудаар дамжин эргэлдэж байгаад хэзээ банкинд тушаагдана тэр цагт л цэвэрлэгдэх боломжтой юм. Иймээс цаг хугацаа хэрэгтэй. Мөн бидний зүгээс соён гэгээрүүлэх ажлаа байнга хийсээр л байх болно. Ингэж байж иргэдийн сэтгэлгээ өөрчлөгдөнө гэж бодож байна.

 

-Аяны хүрээнд та бүхэн чухам ямар үр дүнд зорьж ажлаа чиглүүлсэн бэ, арилжааны банкууд ч мөн үүнд идэвхтэй оролцсон шүү дээ?

 

-“Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аян”-д зарим арилжааны банкууд тухайлбал, Худалдаа хөгжлийн банк, Ариг, Капитал, Богд зэрэг банкууд маш идэвхтэй дэмжиж оролцсон, тодорхой хэмжээгээр хөрөнгө зарцуулсан байгаа. Түүнчлэн энэ аян маань хөдөө орон нутагт ч өргөн хүрээтэй  явагдсан бөгөөд үүнд орон нутаг дахь Монголбанкны салбар хэлтсүүд ихээхэн чармайлт гаргаж ажилласан. Аяны хүрээнд иргэдийн сэтгэлгээг өөрчилж соён гэгээрүүлэх чиглэлд бид хамтраад маш олон төрлийн ажлууд хийсэн. Жишээ нь сурталчилгааны чиглэлээр зурагт хуудас, самбар, хөдөлгөөнт инфографик зэргийг бүтээж, олон нийтэд тарааж цацсан, цаашдаа тогтмол сурталчилгаандаа ашиглаж байх сайн бүтээлтэй болох зорилгоор сэтгүүлч нар болон олон нийтийн дунд эссе, нийтлэл, шүлэг, зургийн уралдаан зарлаж шалгаруулсан, өргөн хүрээтэй сургалтыг дор бүрнээ зохион байгуулсан, хүнсний зах үйлчилгээний газруудад банкны ажилтнууд очиж олныг хамарсан өдөрлөг, арга хэмжээнүүдийг явуулсан, АХА, Центавар тэмцээн, ТВ-ийн нэвтрүүлэг, сурвалжлагууд, орон нутагт уул, нуруу, овоо руу чиглэсэн сурталчилгаа гэх мэтээр ийм олон төрлийн ажлууд хийгдсэн байгаа. Ямар ч байсан хүмүүст тодорхой хэмжээгээр хүрсэн, наалдсан, нөлөөлсөн байх гэдэгт ихээхэн найдаж байгаа. Цаашдын ажилдаа хэрэг болохуйц гайгүй сайн бүтээлүүдтэй болсон.

 

-Ярилцлагын төгсгөлд та бид хоёрын ярьсан сэдвийн хүрээнд ямар дүгнэлт хийхийг хүсч байна вэ?

 

-Энэ аяны маань сэдэв бол зөвхөн Монголбанкинд, банкуудад хамаатай асуудал биш бөгөөд цаана нь тусгаар улсын маань нэрийн хуудас болсон монгол төгрөг бол Монголын баялаг, олон улсад Төгрөг нэрээр Монгол улс, түүний түүх, соёл, зан заншил төсөөлөгдөж байдаг тул бүх ард түмэнд хамаатай асуудал гэдгийг ойлгож, бидний санаачилгыг иргэд, олон нийт бүгд дэмжээрэй гэж уриалаад манай аяны хүрээнд явуулсан шүлгийн уралдаанд ирүүлсэн дараах шүлгээр ярилцлагаа өндөрлөе.

Дорноговь аймгийн салбараас зохиож, Хүслийн хайрханы бэлд самбарт байршуулсан:

Сүлдэт монголын мөнгөн тэмдэгт

Сүжгээр өргөх цацал бишийг санацгаа

                        Соёмбот монголын бахархалт баялгаа

                        Салхинд биш  хэтэвчиндээ хадгалцгаая

Үндэсний баялаг Монгол төгрөгөө

Уул овоонд биш банкинд хадгалцгаая.

-Ярилцсанд баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)