Ж.Батжаргал: Аймгийн хэмжээнд 30 гаруй мянган тонн мах бэлтгэнэ

 

        Төв аймгийн Засаг дарга Ж.БАТЖАРГАЛТАЙ орон нутгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

-Танай аймгийн хувьд зуншлага ямар байв?

 

-Төв аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь гантай, үлдсэн нь гандуу байлаа. Тиймээс үүлэнд нөлөөлөх арга хэмжээг хэд хэдэн удаа авсан ч төдийлэн үр дүнд хүрээгүй. Гэхдээ сүүлийн үед хур бороо орж, ган тайлагдах хандлагатай байна.

 

-Зуншлага тааруу байсан учраас отор нүүдэл нэлээд хийж байгаа байх. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

 

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг тавдугаар сард гарган хэрэгжүүлж байна. 2017-2018 онд аймгийн хэмжээнд таван сая гаруй мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарсан. Отор нүүдлийг зохистой, тодорхой төлөвлөгөөтэй, бэлчээрийн даацанд нийцүүлж, аль аль талдаа хүндрэл учруулахгүй байх нөхцөлийг хангах үүднээс аймагт Отрын штаб байгуулсан. Одоогоор манай аймгийн 20-оод сумын 200 гаруй өрхийн мал өөр бүсэд, гаднын 24 мянга гаруй мал манай аймагт зусч байна. Отор хийж байгаа малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх үүднээс сумдын эрүүл мэндийн төвүүдийн үүрэг гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх талд чиглэл, дэмжлэг өгч ажиллаж байна.

 

-Дийлэнх орон нутгийн малчид малаа борлуулах, мах бэлтгэх хандлагатай байна. Танай аймаг энэ жил хэчнээн толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө гаргасан бэ?

 

-Зуншлага гантай, малын тарга тэвээрэг сайнгүй байгаатай уялдуулан мах бэлтгэл нэмэгдэх хандлагатай байна. Аймгийн хэмжээнд нийт 30 гаруй мянган тонн мах бэлтгэхээс 24 мянган тонныг нь зах зээлд борлуулахаар байна. Тиймээс энэ чиглэлд Засгийн газар, салбар яамнаас тодорхой дэмжлэг хэрэгтэй. Аймгийн нутаг дэвсгэрт махны гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Мах бэлтгэх асуудлаар эдгээр үйлдвэртэй хамтарч ажиллаж байна.

 

-Малчид мах бэлтгэх гэхээр гоц халдварт өвчин гарсан бүсээс мал, мах авахгүй гэдэг гэсэн. Вакцинжуулалтад хамруулсан уу?

 

-Вакцин хийлгэх ёстой нийт малын 90 гаруй хувийг хамруулсан. Одоогоор шүлхийн голомттой байгаа учраас орон нутгаас найман пост ажиллаж байна. Голомттой бүс нутаг дахь малыг вакцинжуулсан.

 

-Гантай аймгууд өвсний аюулгүйн нөөцөө бүрдүүлэхэд хүндрэлтэй байх шиг. Хадлан бэлтгэх асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

 

-Хадлан бэлтгэх ажил нэлээд хүндэвтэр байна. Орон нутгаасаа хадлан бэлтгэх боломжгүй байгаа. Тиймээс Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагатай ярилцаж, гэрээ хэлэлцээрийн хүрээнд хадлан бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Аймаг болон сумдын аюулгүйн нөөцөд 3080 тонн өвс бэлтгэх ёстой.

 

-Ургацын нөхцөл байдал ямар байна?

 

-Тариалалт хийсэн нийт талбайн 7.1 хувь буюу 5715 га-г тэжээлд шилжүүлж, 49.4 хувь буюу 39447 га-д ургац алдсан. Тиймээс үлдсэн ургацаа хаягдалгүй, хугацаанд нь хурааж авах зорилт дэвшүүлж, аймгийн Ургацын штабыг байгуулан ажиллуулж байна. Тариаланчдын хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих сан, арилжааны банкуудад нэлээд өртэй байна. Байгалийн хүчин зүйлийн өмнө тодорхой эрсдэл хүлээж байгаа тариаланчдын хүндрэлийг багасгах, бодлогын дэмжлэг үзүүлж, ирэх жилийн үрийн нөөцөд анхаарал хандуулах шаардлагатай байна.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)