Дайны сургаар ханш нь өссөн крипто валют

 

Грек хэлний “нууцлал” гэх үгнээс гаралтай крипто валютын талаарх ойлголт тархаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Цахим мөнгө, дижитал мөнгө зэргээр нэрлэж буй уг шинэ төрлийн валютын ханш зах зээл дэх хамгийн дээд амжилтаа тогтоогоод хэдхэн хонож буй юм. Хагас жилийн ерөнхий үзүүлэлт эерэг гарсан ч зах зээлийн хэлбэлзэлд өртөж, савлагаатай байна. Технологид суурилсан уг цахим мөнгөний ханш чан­ гарч байгаа нь хөрөнгө оруулагчид, маркетруудын анхаарлыг татаж байгаа аж. Хэдийгээр шинэ технологи ч хэд хэдэн салбар худалдаа арилжааны төлбөрийн гол­ лох хэрэгслээ болгожээ. Санхүүгийн зах зээлийн хувьсал, инноваци гэгдээд буй уг шинэ технологийн төрлийг зарим шинжээч “луйвар” гэж шүүмжлэлтэй ханддаг бол “шинэ боломж” гэж үзэх нэгэн ч байна.

 

КРИПТО МӨНГӨН ТЭМДЭГТ ГЭЖ ЮУ ВЭ

 

Крипто мөнгөн тэм­ дэгт гэдэг нь цахим тоон системийн цифрэн валют юм. Хуурамчаар үйлдвэр­ лэхээс сэргийлсэн крипто­ графийн аргаар нууцлалыг нь хангадаг. Уг цахим мөнгөн тэмдэгт математик алгоритм өгөгдлөөр бодож, кодлосон урт гинжин олон тооны цифрээс бүрддэг аж. Олборлолтын процессоор бий болдог дижитал төл­ бөрийн хэрэгсэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гарт баригдаж, нүдэнд хараг­ дахгүй онлайнаар ашиглах цахим мөнгө аж. Евро, юань, рубль, доллар, төгрөгтэй адил арилжаа, худалдааны төлбөрийн хэрэгсэл бөгөөд хүн төрөлхтний дундын валют гэж тодорхойлох нь ч бий. Уг цахим мөнгөөр бүх төрлийн худалдаа наймааг хийж болно. Крипто мөнгөн тэмдэгтийг “блокчейн” буюу гинжин хэлхээн технологийн хэлбэр гэж тодорхойлдог. Цахим валютыг цаасан мөнгө шиг олноор үйлд­ вэрлэх боломжгүй. Учир нь, олборлолтын зарч­ маар буюу цахим орчин, “блокчейн” программчлал­ тай тусгай компьютер ашиг­ лан олборлодог байна. Олборлолтын эхэн үед уг валютыг хямдаар буюу хэдхэн центээр үнэлдэг бөгөөд тоо ширхэг нэмэгдэх тусам үнэ нь өсч байдаг аж. Цахимаар худалдан авалт хийхдээ кредит карт ашиглахын оронд, цахим мөнгөний төрөл болох “биткойн”, “ванкойн” зэргийг ашиглах боломжтой. Санхүүгийн зах зээлд танигдаад 7-8 жил өнгөрч байгаа ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас үнэ цэнэ нь өсч, зах зээлийн үнэлгээ нь 13.8 тэрбум ам.долларт хүрчээ.

 

АНХНЫ ЦАХИМ МӨНГӨ

 

Анхны цахим мөнгө “Биткойн”-ын нэг ширхэг зоос 10 центээс эхэлсэн гэдэг. “Биткойн” нь анхны цахим валют гэдэг утгаараа хамгийн түгээмэл юм. Уг валютыг 2008 оны арваннэгдүгээр сарын 11-нд хэсэг программистууд загварыг нь боловсруулан эх кодыг нь бичжээ. Улмаар 2009 онд Сатоши Накомото гэх нэрийн дор олон нийтэд тараасан байна. Тэдний танилцуулах захидалд аливаа Засгийн газраас хараат бус хүн бүрийн хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк, эсвэл гуравдагч хүнийг хамруулах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй бүх нийтийн мөнгөн тэмдэгт хэмээн тайлбарлаад хямрал, инфляцид амархан нэрвэгдэхгүй доллар, евро зэргийг орлох валют хэмээжээ. “Биткойн”-д мөнгөн дэвсгэрт шиг сирийн дугаар байхгүй бөгөөд энэ нь цифрээр илэрхийлсэн дижитал файл гэсэн үг аж. Үүний дараанаас эхлэн “Ванкойн”, “Ethereum” зэрэг олон крипто валютын төрөл бий болж, өөр өөрийн үнэ цэнээ бий болгож байна. Эдгээр валют нь бусад мөнгөн тэмдэгт шиг улсынхаа төвбанкнаас хамааралтай бус цэвэр эрэлт нийлүүлэлтээс үнийн ханш тогтдог байна. Анхны цахим мөнгөөс хойш 680 гаруй крипто валют гарсан аж.

 

ЦАХИМ МӨНГӨТЭЙ ХАРЬЦАХ ХАНШИЙН ӨСӨЛТ

 

Зах зээлийн хамгийн үнэлгээтэй цахим мөнгөөр “биткойн”-ыг нэрлэдэг. Таваарын зах зээл дээрх алтны ханштай адил зураглалаар урагшилж яваа энэ валютын ханш өнгөрсөн сарын сүүлчээр буюу Хойд Солонгос Япон тэнгис руу баллистик пуужин харвасантай холбогдуулан бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээ буюу 5000 ам.долларт хүрчээ. “Биткойн”-ын ханшийн өсөлтийг геополитикийн хурцадмал байдал, Умардын дайн өдөөх вий гэсэн олон улсын айдастай холбон тайлбарладаг. Дижитал мөнгөтэй зэрэгцэн алтны үнэ сүүлчийн 11 сарын дээд хэмжээнд хүрч өссөн нь мөн л дайн, геополитикийн хямралтай холбоотой юм. Олон улсын харилцааны хямралтай холбогдуулан эрсдэлээс сэргийлэх гэсэн иргэд бэлэн мөнгөө крипто руу шилжүүлж байгаа нь ханш өсөх шалтгаан гэнэ. Өөрөөр хэлбэл, ямар ч нөхцөл, аль ч бүсэд байсан хадгалсан цахим валютаа бэлэн мөнгө болгон солиулах боломжтой гэж үзэж байгаа аж.

 

САНХҮҮГИЙН “ТОМЧУУД”-ЫН БАЙР СУУРЬ

 

Цаасан мөнгө шиг ханшийн уналтад орохгүй, инфляцид өртөхгүй тул уг “хөрвөх” валют нь “ирээдүйн мөнгө” гэж үзэн ач холбогдол өгч буй Засгийн газар байгаа ч хориг тавих орон мөн байна. Тодруулбал, “биткойн”- той адил крипто мөнгөн тэмдэгт шинээр гаргаж, бизнесээ санхүүжүүлэх ажиллагааг ICO гэж нэрлэдэг аж. Тэгвэл Хятадын төвбанк энэ сарын эхээр ийм ажиллагааг хууль буст тооцох шийдвэр гаргажээ. ICO хийх бизнесийн ажиллагааг тус улсын санхүүгийн дэг журмыг алдагдуулах эрсдэлтэй гэж үзэн, үүний цаана луйвар, гэмт хэрэг нуугдах боломжтой гэсэн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадад ICO буюу шинэ дижитал валют гаргаж, хөрөнгө оруулагчдыг татах арга газар авчээ. Зарим судлаачид шинэ мөнгөн тэмдэгт гаргах ажиллагааг санхүүгийн пирамид схемтэй адил гэж үзэх нь бий. Зөвхөн энэ он гарсаар Хятадад 65 шинэ койн зах зээлд гарч, 2.6 тэрбум юанийн хөрөнгө босгосон аж. Харин шууд хамааралгүй ч “биткойн”-ын ханш Хятадын төвбанк бодлогоо зарласны дараа 5000 ам.доллараас 4000 болтлоо унасан нь крипто мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл суларч, зах зээлд эргэлзээ бий болсноос үүдэлтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Мөн уг мэдэгдлийн дараа АНУ-ын зах зээл дэх “биткойн”-ын ханш 7.3 хувиар буурчээ. ОХУ-ын хувьд “блокчейн” технологийг дотоод зах зээлд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. ОХУ эдийн засгаа төрөлжүүлж, газрын тос болон байгалийн хийн экспортоос хараат байдлаа бууруулахын тулд цахим валютыг нэвтрүүлснээр эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж буй юм. Түүнчлэн Москвагийн бирж цахим мөнгөний арилжаа хийх тусгай дэд бүтцийг бий болгох ажлыг эхлүүлсэн байна. Харин АНУ-ын хамгийн том банкуудын нэг “JPMorgan”-ын гүйцэтгэх захирал Жейми Даймон хэдхэн хоногийн өмнө “биткойн”-ыг луйвар гэж мэдэгдэв. Мөн тэрбээр тус цахим мөнгөөр арилжаа хийсэн ажилтнаа хална гэдгийг анхааруулсан байна. Тэрбээр “биткойн”-ыг удахгүй дампуурна гэж мэдэгдээд үүнийг луйвар гэдгийг мэдсээр байж арилжаанд оролцож байгаа хүнийг “тэнэг” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Санхүүгийн зах зээлийн нөлөө бүхий эрхмийн энэ мэдэгдлийн дараа “биткойн”-ын ханш найман хувиар унаж, өчигдрийн байдлаар 4000-3700 ам.доллар болтлоо буурчээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)