Ерөнхийлөгч Х.Баттулгад Канад Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул Итгэмжлэх жуух бичиг барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Дэвид Спрул уулзалтын эхэнд Улаанбаатар, Оттава хоёр нь  дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдгээрээ ижил гэдгийг дурдаж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Канад бол уул уурхайн орон гэдгийг онцлоод ялангуяа нөхөн сэргээлт хийх тал дээр туршлагатай. Байгаль орчныг нөхөн сэргээх тал дээр хамтран ажиллах сонирхолтой гэдгийг илэрхийллээ. Мөн хоёр талын худалдааны эргэлт чамлалттай хэмжээнд байгааг дурдав.

Элчин сайд Дэвид Спрул уул уурхай, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх боломжтой гээд 2017 оны эхээр хүчин төгөлдөр болсон Монгол Улс, Канад Улсын хоорондын Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр хоёр орны хамтын ажиллагаанд чухал түлхэц болно хэмээн үзэж буйгаа хэллээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголд ХАА бол том салбар байдаг. 70 сая толгой малтай боловч газар нутгийнхаа ганцхан хувьд газар тариалан эрхэлдэг нь чамлалттай. Хоёр тал ХАА-н салбарт хамтран ажиллах боломжтой. Мөн Канадын Ойн яамтай ойр ажиллахыг сонирхож байгаа гэлээ. Монгол орны газар нутгийн наймхан хувь нь ой мод, бусад нь тал хээр байдаг. Иймээс Канадын ойжуулах туршлагыг хэрэгжүүлж ой модтой талбайгаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэдгийг энэ үеэр мөн илэрхийлсэн юм.

Элчин сайд бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдын ажилд амжилт хүслээ.

Итгэмжлэх жуух бичиг барихад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, албаны бусад хүмүүс байлцлаа.

 

Эх сурвалж: President.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)