Монголчууд бид хэзээ сая жуулчин хүлээн авах вэ

 

Үндэсний хөгжлийн газар, Тайланд, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал” төслийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болжээ.

Тус төслийг Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймгуудад хэрэгжүүлэх аж. Ингэснээр орон нутагт ажлын байр бий болгохын зэрэгцээ эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ хэмээн тооцжээ. Гурван улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй тус төслийн танилцуулгыг өчигдөр хийв. Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Өнгөрсөн хугацаанд манай улс энэ салбарт олон төсөл хэрэгжүүлэх гэж оролдсон. Гэвч бодит байдал дээр аль нь ч урт хугацааны өсөлт авч ирээгүй. Харин энэ төсөл үр дүнгээ өгөх байх гэж найдаж байна” гэв. Мөн тэрбээр “Энэ салбарт төрөөс тогтвортой бодлого гаргах учиртай. Тухайлбал ямар хөнгөлөлт эдлэх, хөрөнгө оруулалтыг хэрхэн хийхийг тодорхой болгох хэрэгтэй. Харин хувийн хэвшлүүд үйлчилгээг нь үзүүлчихнэ” гэв.

Уг нь манай улсын Засгийн газар жилд нэг сая жуулчин хүлээн авах бололцоотой хэмээн танилцуулсан. Мөн Аялал жуулчлалын холбооны судалгаагаар энэ салбар ДНБ-ий 15 хувийг эзлэх бололцоотой гэж үзсэн нь бий. Одоогийн байдлаар ялал жуулчлалын салбар ДНБ-ийн 3.5 хувийг л эзэлж буй. Аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнууд нэг жуулчин хэдэн төгрөг үлдээж байна гэсэн нарийн судалгааг гаргадаг бол манайд одоогоор ийм судалгаа алга. Гэвч төрд ч, хувийн хэвшилд ч тэр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн сонирхол байсаар байгаа гэсэн үг. Үүний зэрэгцээ гадаад, дотоодын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй 300 гаруй компани бий. Жижиг зах зээлд энэ бол давуу тал. Учир нь, аялал жуулчлал бол бизнес. Тийм учраас энэ салбарыг хувийн хэвшлийнхэн хөгжүүлэх нь тодорхой. Гэтэл бодит байдал дээр өнгөрсөн жилүүдэд манай улсад аялах жуулчдын тоо цөөрсөөр байна. Тодруулбал 2012 онд 475 мянга, 2013 онд 451, 2014 онд 392 мянган жуулчин хүлээж авсан бол өнгөрсөн жил 420 мянган жуулчин хүлээн авчээ. Яг энэ үед Азийн улс орнуудад жуулчдын тоо зургаан хувиар өссөн үзүүлэлттэй байв. Харин энэ жил 20 орчим хувиар өссөн гэнэ. Мөн энэ салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар жуулчид зөвхөн долдугаар сард ирэх хандлага хэдийнэ бий болжээ. Энэ нь улсын баяр наадмаас өөр сонирхол татах томоохон арга хэмжээ байхгүйтэй холбоотой юм.

Зөвхөн энэ зуны тухайд л гэхэд өмнөх Засгийн газрын үед зохион байгуулж ирсэн “Хүрээ цам” даншиг наадмыг зохион байгуулах эсэх нь гадаадын жуулчдад төдийгүй дотоодын наадамчдад ч тодорхойгүй байв. Ийм нөхцөлд аялал жуулчлалын компаниуд зориулалтын хөтөлбөр боловсруулж чадаагүй гэсэн үг. Гэсэн атлаа Засгийн газар жилд сая жуулчин хүлээж авах тухай мөрөөдлөө тээсээр буй нь сонин. Үгүйдээ л гэхэд нислэгийн бүх компани бүтэн жилийн хугацаанд 510 мянган суудал худалдаж байгаа юм. Үүний 40 орчим хувийг монголчууд худалдаж авдаг гэхээр иргэний агаарын тээвэрт том бодлого зайлшгүй шаардлагатай гэдэг нь тодорхой байгаа юм. Хамгийн энгийнээр бодоход 5-9 дүгээр сард нислэгийн компаниуд 290 мянган суудал худалдаж буйн тал хувийг МИАТ эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улсын Засгийн газрын мөрөөдөл бодит байдлынхаа тал хувьд хүрэхгүй байна гэсэн үг. Мөн дэлхийн бусад орон жил бүрийн есдүгээр сар гэхэд жуулчдад зориулсан үнийн тариф гаргасан байдаг бол манай компаниуд 12 дугаар сард ч ханш тогтоох боломжгүй. Шалтгаан нь МИАТ, төмөр зам хэзээ ч тасалбарын үнээ нэмж магадгүй. Үгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ хэд байх нь тодорхойгүй. Тухайн үеийн ханшаар жуулчид оруулж ирээд аль нэг салбарт үнийн өсөлт гарсан бол мэдээж хувийн компаниуд эрсдэл хүлээнэ. Энэ бол ердөө л энгийн бэрхшээл юм. Үүнээс цаашлаад салбар, яамны бодлого сонгуулийн мөчлөг даган солигддог, компаниудын үйлчилгээ ижил, чанартай үйлчилгээ байхгүй, жуулчдыг татах гол үзмэрүүдийн хоорондын зай хол байгаагийн дээр автозам болоод түүнийг дагасан бүтээн байгуулалт бараг байхгүй гэх мэт олон бэрхшээл бий. Үгүйдээ л гэхэд хоолны үйлчилгээ, ШТС, техникийн засвар, бие засах газар зэрэг бүхий л үйлчилгээг багтаасан цогцолбор алга. Үүнийг хэрхэн шийдэх талаар хувийн хэвшлүүдийн төлөөлөл “Төр оновчтой бодлого гаргахгүй байна” гэсэн хариултыг өгдөг. Энэ хэрээр манай улсад аялал жуулчлалын салбарт стандарт гэж одоогоор алга. Хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар хэмжигддэг энэхүү эмзэг салбарт харин ч эсрэгээрээ хандаж, ирж хоноод идэж уугаад яваад өгнө гэсэн сэтгэхүйгээр хандах нь элбэг болжээ.

Гэтэл дэлхий дээр тэрбум хүн өөр улс орон, тив рүү аялан жуулчилж, энэ үйлчилгээг хүргэхээр 200 гаруй сая хүн ажиллаж байна.

Дэлхийн зургаан хүн тутмын нэг нь хэрэглэгч болдог энэхүү салбарын нийт орлого өдөрт гурван тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Ийм цаг үед бид харин хэзээ нэг сая жуулчин хүлээж авах вэ...

 

Д.Булган

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.24.255)

    2017-09-20

    baasandaa holildchood uhsenee juulchin muulchin be gichiinuudee