Майкл Макфол: ОХУ, БНХАУ-ын дэмжлэгтэйгээр АНУ зорилгодоо хүрэх хэрэгтэй

 

АНУ-аас ОХУ-д сууж байсан Элчин сайд, улстөрч Майкл Макфолын “Америкийн дуу хоолой” радиод өгсан ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Энэ эрхэмтэй Оросын олон улсын харилцааны мэргэжилтэн, Төв Ази, Хойд Америк судлаач Юлия Савченко ярилцжээ.

 

-Майкл, бидний уулзалт цаг үеэ олсонгүй. Та “Хүйтэн дайн”-ы дараа АНУ, ОХУ-ын харилцааг сэргээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хүний нэг. Хоёр улсын харилцаа ээдрээтэй болсон энэ үед Вашингтон, Москваг эвлэрүүлэх боломж бий юү?

-Миний төдийгүй дэлхийн анхаарлын төвд Орос, АНУ-ын харилцаанаас илүүтэй Хойд Солонгос байна. Ардчилсан Солонгосын асуудлыг нэн тэргүүнд шийдэхгүй бол Москва Вашингтоны хямралаас илүү олон улсын аюулгүй байдалд нөлөөлнө. Хоёр улсын нөхцөл байдал үнэхээр ээдрээтэй байна. Энэ хямралыг зөв гэтлэхийн тулд “Хүйтэн дайн”-ы түүхийн ээдрээт үеийг судлах хэрэгтэй. Би Москва, Вашингтоны хямралыг эмгэнэлт үйл явдал гэж харж байна. Гэхдээ нөхцөл байдал Ерөнхийлөгч В.Путиний бодлогоос хамаарна. “Танго бүжиглэхийн тулд хамтрагчтай байх шаардлагатай” гэсэн улс төрийн зарчим бий. Үүнтэй адил харилцаагаа сэргээхийн тулд хоёр талын хүчин чармайлт чухал. Гэвч сүүлийн хоёр жилд талууд олон улсын эрх зүйг зөрчсөн хэд хэдэн томоохон шийдвэр гаргасан. Тухайлбал, Крымийг булаан авч, Сирид цэрэг оруулсан, АНУ- ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гээд олон асуудал бий. Эдгээр үйлдэл хариулт шаардаж эхэлсэн.

 

-Вашингтон дахь Оросын Элчин сайд Анатолий Антонов Ерөнхийлөгч Дональд Трамптай саяхан уулзсан. Антоновын хэлснээр, уулзалт нөхөрсөг уур амьсгалтай болжээ. Та Антоновыг яриа хэлэлцээр хийхдээ хатуу нэгэн гэдгийг мэднэ. Тэрбээр АНУ, Оросын харилцаанд ямар үе эхлүүлнэ гэж төсөөлж байна вэ?

-Антонов бол дипломат салбартаа “хатуу самар”, сайн зохицуулагч. Магадгүй тэрбээр итгэмжлэлээ гардуулахдаа л Ерөнхийлөгчтэй нөхөрсөг уулзалт хийсэн байх. Шинэ Элчин сайд Антонов зөвхөн Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний удирдлагатай төдийгүй Конгрессын гишүүн, сэтгүүлч, АНУ-ын иргэний нийгмийн төлөөлөгчидтэй харилцаа тогтоож, АНУ дахь Оросын Засгийн газрын төлөөлөгч болно гэдэгт би итгэлтэй байна.

 

-Бид сонирхолтой яриа өрнүүлж байна. Анатолий Антонов АНУ-ын нийслэлд ирэхдээ “Москва Вашингтоноос холдохгүй” гэсэн. Ийм нөхцөлд үг яриаг үйлдэл болгох нь чухал. Таныхаар ямар зарчим баримталбал оновчтой вэ?

-Өнгөрснөө мартаж болохгүй. Дэлхийн II дайны үед бид Европт нэгдэн орсон. Бид зарим зүйл дээр санал зөрдөг ч хамтдаа олон асуудлыг шийдвэрлэсэн. Гэхдээ бидний сонирхол давхцах үед хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх ёстой. Жишээлбэл, терроризмын эсрэг тэмцэхэд, бид юуны түрүүнд Ардчилсан Солонгосын аюул заналхийллийг намжаах хэрэгтэй. АНУ, ОХУ НҮБ- ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд учраас олон улсын шинж чанартай асуудал дээр зайлшгүй нэгдэх шаардлагатай.

 

-Та Солонгосын хойгийн хямралын талаарх нийтлэлдээ “Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд Хойд Солонгосын асуудлаар нэгдмэл бодлого баримтлах ёстой” гэсэн. ОХУ Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн. АНУ Умард Солонгосын талаар ОХУ-тай нэгдэх боломжтой юу. Хэрвээ үгүй бол Хойд Солонгосын асуудлыг Оросын оролцоогүйгээр шийдвэрлэх гарц бий юү?

-Д.Трампын засаг захиргааны хамгийн эхний алхам Умард Солонгост бодлогоо тодорхойлох явдал юм. Одоо манай гадаад бодлогын зорилго тодорхойгүй байна. Денуклеаризация гэж юу вэ. Дүрэм өөрчлөгдөх үү. Цөмийн хөтөлбөрийг зогсоох уу гэсэн гурван чухал асуудлыг Цагаан ордон шийдвэрлэх нь чухал. Д.Трампын баг эхний хоёр сэдвээр их ярьдаг бол сүүлийн асуудалд Конгрессын гишүүд, одоогийн Засгийн газар шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс эхлээд тодорхой зорилго дэвшүүлэх шаардлагатай байна. Бид Аюулгүйн Зөвлөлд хандаж, ОХУ, БНХАУ-ын дэмжлэгтэйгээр энэ зорилгодоо хүрэх стратегийг тодорхойлох хэрэгтэй. Миний бодлоор энэ стратегийн эхний үе Умард Солонгост дарамт шахалт үзүүлэх, дараа нь Умард Солонгостой хийх шинэ хэлэлцээрийг бий болгох юм. Энэ утгаараа Б.Обамагийн засаг захиргаа Ираны цөмийн хөтөлбөрийг шийдвэрлэсэн стратегиас ялгаагүй.

 

-Та Умард Солонгостой албадлагын дипломат арга барил баримтлах хэрэгтэй гэлээ. Улс төрийн шахалт, дарамт Пхеньянд нөлөөлөх үү. Ер нь дипломат шахалт үр дүнгээ өгсөн түүх хэр олон бэ?

-Умард Солонгос ардчилсан улс болж, цөмийн зэвсгээс татгалзахыг олон улс хүсч байна. Бид цэргийн хүч ашиглах нь аюултай. Умард Солонгос бүс нутаг дахь манай холбоотнуудын эсрэг цөмийн зэвсэг ашиглаж магадгүй. Түүхээс үзэхэд дипломат шахалт өнгөрсөн хугацаанд үр дүнтэй болох нь батлагдсан. Цагаан ордны зүгээс Ираны Засгийн газар ноцтой дарамт учруулсан гэж би боддог. АНУ Ираны Засгийн газрыг 2010 онд хэлэлцээрийн ширээний ард суулгахын тулд харгис гэмээр хориг арга хэмжээнүүд авч байсан. Энэ дарамт шахалтгүйгээр бид Ираныг буулган авч чадахгүй шүү дээ. Иймээс бид хэлэлцээр хийтэл нь Умард Солонгост үр дүнтэй стратегийг хэрэгжүүлэх болно гэдэгт би итгэлтэй байна.

 

-"Гадаад бодлого" сэтгүүлд "Цөмийн дайн эхлүүлэхээр шийдсэн бол Д.Трампыг хэн зогсоох вэ" гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Та энэ асуултад хэрхэн хариулах вэ?

-Цөмийн зэвсгийг ашиглах журам нь шалгалт, тэнцлийн тогтолцоог бүрдүүлдэггүй. Би Д.Трампын засаг захиргааны нөлөөтэй хүмүүсийг мэднэ. Д.Трампыг цөмийн дайн бүү эхлүүлээсэй л гэж хүсье.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)