Хүнсний ногооны үнэ буурахгүй

 

Намрын зөөлөн салхиар шинэхэн жимс, ногооны үнэр ханхийж, хүнсний ногоогоо цуглуулах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөнд дарагдсан “Мишээл экспо”-г зорилоо. Үндэсний хүнс үйлдвэрлэгч компани, тариаланчдын хөдөлмөрийн үр шимээр бүтсэн хүнсний ногоо, давсалсан загас, жимс жимсгэнэ, зөгийн бал, эмийн ургамал гээд төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй лангуу угтах нь намар цаг аргагүй л баян улирал юм гэх бодлыг хэн бүхэнд төрүүлнэ. Нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг хангах зорилгоор ХХААХҮЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өчигдөр ийнхүү нээлтээ хийж, худалдан авагчдын сэтгэлийг тэнийлгэлээ. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ ургацын дээжийг иргэдэд хүргэх зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаа “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор болж байгаа бөгөөд энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ. Оролцогчдын хэлснээр энэ удаагийн үзэсгэлэн өнгөрсөн жилийнхээс харьцангуй цомхон, жижиг талбайд болж буй аж. Гэсэн ч үзэсгэлэн худалдаанд хар суль, нохойн хошуу, чонын хэл зэрэг эмийн ургамал, сармисны спиртэн ханд зэрэг эрүүл мэндэд чухал ач холбогдолтой олон бүтээгдэхүүнийг борлуулж байв. Энэ дашрамд хэлэхэд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зорьсон иргэд шинэ ургацын ногоо хэт үнэтэй байгаад гомдоллож байв. Үзэсгэлэнг сонирхож явсан Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Цэнгүүн “Хүмүүс органик хүнсийг өдөр тутамдаа хэрэглэхийг зорих болсон. Харин Монголын хөрсөнд тарьж, химийн бодисоор бус сэтгэлээрээ бордож, хөдөлмөрөөрөө бий болгосон хүнсний бүтээгдэхүүнийг олоход амаргүй байна. Би жил бүр тус арга хэмжээнд ирж шинэ ургацын ногоо худалдан авдаг. Ногооны үнэ буурахгүй улам л өсөөд байх юм. Уг нь намар болохоор үнэ нь буурдаг шүү дээ. Энэ жил эсрэгээрээ байна” гэв. Тус үзэсгэлэн худалдаанд кг төмс 800-1000, лууван, манжин 1200-1500, байцаа 1200-1500, өргөст хэмх 4000-4500, сонгино 1500, улаан лооль 5000 төгрөгийн үнэтэй байлаа. Уг нь энэ үед найр, наадам дуусч, намрын ажил цэгцэрч, төмс, хүнсний ногоо хураах ажил шувтрах шатандаа ордог. Гэвч шинэ ургацын төмс, хүнсний ногоо нийслэлийн худалдааны төвийн лангууг эзлэх мөчид үнэ нь огцом нэмэгддэг хандлага сүүлчийн хэдэн жилд бий болжээ. Сар орчмын өмнө “Барс” худалдааны захад кг төмс 800, лууван, манжин 1000, байцаа 900 төгрөгийн үнэтэй байсан нь үүнийг нотолно. “Үндэсний үйлдвэрлэл”, “шинэ ургац” гэдэг чамин үгээр далимдуулан зах зээлийн бус ханш тогтоож иргэдийг хохироодог байдал манайханд тогтож байгаа нь эндээс харагдаж байна.

Ногооны үнэ яагаад ийм өндөр байгааг худалдагч, Чингэлтэй дүүргийн “Ферм эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны” гишүүн, Н.Хандаа хэлэхдээ “Шинэ ургацын ногооны ханш өнгөрсөн зуны цаг агаарын байдалтай шууд холбоотой. Бороо бага орсны зэрэгцээ халалт их байсан. Тиймээс ургац ховор байна. Талбайн 50 хувьд ч хүрэхгүй ургац авч байна” гэж тайлбарлав. Тэрбээр цаашдаа ногооны үнэ буурахгүй харин ч өснө гэж хэлсэн юм.

Харин ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр, энэ онд 268 мянган тонн төмс, хүнсний ногоо, дөрвөн мянган тонн жимс, жимсгэнэ хураан авахаар төлөвлөөд байгаа аж. Энэ нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (103.10.21.49)

    2017-09-20

    valiar shunaltai nofshnuud

  • Зочин (202.179.27.72)

    2017-09-20

    Хөлдөөгөөд малын тэжээл болгож болно шүү дээ ногоочдоо. Амжилт хүсье.

  • (103.229.121.65)

    2017-09-20

    Ногооны үнээ буулгахгүй бол урдаас хоргийг цуцлаад ногоо оруулаад ирэхээр яахын ингээд замыг нь засаад өгөхөөр үхэр монголчууд хуншгүй зан гаргаад байдаг юм ш дэ урдаас ногоо ирж байхад арчаагаа алдаад төмс ногоогоо хямдруулаад 2зуу 3зууд л өгдөг байсан биз дэ.

  • (27.123.214.121)

    2017-09-20

    Tegeed avahgui shde

  • zochin (124.158.126.197)

    2017-09-20

    tumsnii une udahgui 300 tugrug boltoloo buuna