А.Тлейхан: Эрчим хүчний зах зээлийг дэлхийн жишигтэй нийцүүлэхийн тулд хийх ажил их байна

 

Жилдээ 5.5 тэрбум гаруй кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, Монгол Улсын нийт хүн амын 86,2 хувийг эрчим хүчээр хангаж, 500 гаруй мянган хэрэглэгчдэд илч дулаан түгээж байгаа Төвийн бүсийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт зөвлөгөөн Орхон аймагт болж өнгөрлөө. Тус уулзалт зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.ТЛЕЙХАНТАЙ ярилцлаа.

 

-Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Баруун, Зүүн, Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнийг энэ салбарын түүхт 95 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа. Тэдгээрийн ач холбогдол, үр дүнг та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ? -Манай эрчим хүчний салбар бол Монгол Улсыг бүхэлд нь хамарсан үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг том айл. Тийм болохоор уулзалт зөвлөгөөнөө бүсчилсэн байдлаар зохион байгуулсан юм. Өнөөдөр эрчим хүчний хэрэглээг найдвартай, тасралтгүй хангахын тулд тодорхой чиглэл, бодлоготой болох явдал юм. Эрчим хүчний салбарт хүний нөөцийг чадавхижуулах, эдийн засгийг сайжруулах, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж, Эрчим хүчний зохицуулах хороо 2017 оны зорилтуудаа тодорхойлсон. Хүнээ сургаж, эдийн засгийн алдагдлаа ашиг орлого болгон хувиргаж, хуучирч муудсан техник технологио шинэчлэн сайжруулж, эрчим хүчээ хэмнэх, ирээдүйд хүрэх хандлагаа тодорхойлох, арга замаа зөв шийдэх нь бидний уулзалт зөвлөгөөний зорилго байлаа. Аливаа байгууллага, компанийн үнэт капитал нь ажилтан ажиллагсад, хүн байдаг. Тиймээс хүний нөөцийн удирдлага, менежментийг шинэ төвшинд гаргах ёстой. Хоёрдугаарт, техник, технологийн бодлого маш чухал. Түүний дараа санхүү, хөрөнгө мөнгө, эрчим хүчний хэмнэлт зэрэг цогц бодлого байх нь зайлшгүй. Эдгээрийг уялдуулан зохицуулж, зохион байгуулснаар салбарын хэмжээнд нэгдсэн бодлогод суурилж, цааш хөгжих учиртай юм.

 

-Та бүхэн зөвхөн техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй хүний нөөц, удирдлага менежментийн асуудлыг тэргүүн зэрэгт тавьж, мэргэжлийн эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулж, бусад компанийн арга барил, туршлагаасаа судалж байгаа нь шинэлэг санагдлаа. Үүнийг бусад хүчин зүйлтэйгээ хэрхэн холбож ажиллахаар төлөвлөж байна вэ?

 

-Дээр хэлсэн үйлдвэрлэл менежментийн дөрвөн бодлогыг онолын талаасаа ямар байдаг, түүнийг практик амьдралд хэрхэн хослуулах талаар мэргэжлийн багш, судлаач эрдэмтдээр лекц уншуулж, илтгэл тавиулсан нь сайн шийдэл боллоо гэж бодож байна. Санхүү, мөнгө хөрөнгө, менежментийн талаар ч манай судлаачид илтгэл тавьж, бидний мэдлэг мэдээлэлд өгөөжөө өгч байгаа юм. Ялангуяа зардал, үр ашгийн менежментийн талаар номын дуу сонсч, компаниудын туршлагаас судалсан, сонссон нь үр дүнгээ өгнө гэж итгэж байна. Үүний эцэст манай эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид бодлого боловсруулж, энэ ондоо багтааж бодлогын баримт бичигтэй болох шаардлагыг тавьсан байгаа. Ирэх онд энэ дагуу ажлаа зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна.

 

-Зорилго зорилтын хувьд тодорхой болж байгаа юм байна. Харин эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

 

-Ийм асуудал цөөнгүй бий. Ялангуяа эрчим хүчний салбар алдагдалтай ажилладаг, санхүүгийн чадвар муу, тэр хэрээр засвар үйлчилгээ хийж чаддаггүй, эрчим хүчний хангамж тасалддаг ийм зовлон, дутагдал байсан. Манай эрчим хүчний салбарынхны хичээл зүтгэл, төрөөс явуулсан тодорхой бодлого, түүний дотор Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, УИХ-ын 2010 оны 72 тоот тогтоол зэрэг эрх зүйн баримт бичиг гарснаар дээрх асуудал шийдэгдэж байна. 2008 онд манай салбар 66 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол өнгөрсөн оноос 10-аад тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж эхэлсэн. Үүний үрээр хэрэглэгчдэдээ хөнгөлөлт үзүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн онд салбарын хэмжээнд 775 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 12 тэрбумын ашигтай ажилласан. Гэхдээ л 600 гаруй мянган хэрэглэгчдэд 44.0 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар хэрэглэгчдэдээ 24 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, аймгийн төвүүд болон 10 000-аас дээш хүн амтай хот суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ. Өнөөдөр улс орны эдийн засгийн байдал хүнд, иргэдийн дунд ажилгүйдэл, ядуурал их байгаа ийм нөхцөлд манай эрчим хүчний салбарынхан олон түмэндээ тодорхой хэмжээний буян болж яваа гэж ойлгодог. Энэ мэтээр цаашдаа улам ихийг хийж, дотоод нөөц бололцоогоо ашиглаж, эрчим хүчний үнийг огцом өсгөхгүйн төлөө бид ажиллах болно.

 

-Иргэд Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааг төдийлөн сайн ойлгодоггүй, зөвхөн үнэ тариф нэмдэг байгууллага гэж төсөөлдөг шүү дээ?

 

-Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн хүрээнд 2001 онд анх байгуулагдсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 123 хуулийн этгээдэд 234 тусгай зөвшөөрөл олгож, энэ хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх болон хангагч хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх нь бидний хуулиар хүлээсэн үүрэг. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн хөгжилтэй уялдан эрчим хүчний салбарт бизнесийн сонирхол идэвхжсэнээр зохицуулалтын үйл ажиллагааг шинэ төвшинд гаргаж тодорхой, оновчтой болгох шаардлага тулгарсан. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үр ашгийг дээшлүүлэх, найдвартай ажиллагааг хангах шаардлагад нийцүүлэн өөрийн орны онцлогт тохирсон зохицуулалтыг бий болгох зорилгоор олон ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Мөн эрчим хүчний хэрэглээний ангилал тус бүрээр бодит өртөг, зардлыг шинжлэн тогтоож, хэрэглэгч ба тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ашиг сонирхлыг тэнцвэртэй тусгасан, нийгмийн асуудлууд, хэрэглэгчдийн төлбөрийн чадвар зэрэг хүчин зүйлсийг нарийн тооцсон үнэ тарифын тогтолцоог бүрдүүлэх, тарифын олон шатлалыг нэвтрүүлэх гээд өнгөрсөн хугацаанд маш их зүйл хийсэн. Жилээс жилд Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа сайжирч, энэ хэрээр эрчим хүчний салбарын алдагдал буурч, ашиг орлого нэмэгдсэн. Цаашид өрсөлдөөнт зах зээл рүү шилжих том сорилт биднийг хүлээж байгаа. Мөн зардлаа хэмнэсэн, орлогоо нэмэгдүүлсэн, эрчим хүчний найдвартай байдлаа хангаж ажилласан, эрчим хүчээ хэмнэсэн компаниудыг урамшуулдаг тогтолцоо руу шилжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын эрчим хүчний салбар нь төрийн зохицуулалттай, өрсөлдөөнт, чөлөөт зах зээлд шилжинэ гэсэн том зорилгоо биелүүлэхийн тулд бодлого боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Манай улсын эрчим хүчний зах зээлийг дэлхийн жишигтэй нийцүүлэхийн тулд судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулж, гаднын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Бидэнд хийх ажил их бий.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)