Ф.Могерини: Ираны цөмийн хөтөлбөр бүс нутгийн байдлыг хурцатгаж болзошгүй

 

Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрээр Тегераныг хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан байна. Энэ тухай Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан орлогч Федерика Могерини өнгөрсөн даваа гарагт мэдээллээ. Тэрбээр “Би Ираны талд олон удаа сануулга өгсөн. МАГАТЭ (Олон улсын атомын эрчим хүчний агентлаг) Иран улсыг хүлээсэн үүргээ биелүүлэхийг долоон удаа шаардсан” хэмээжээ. Мөн АНУ-ын хэлэлцээрээс гарах боломжийн талаар “Энэ олон улсын хамтын нийгэмлэгийн хэлэлцээр. Европын холбоо хэлэлцээрт оролцсон талуудыг ижил тэгш үүрэг хүлээхийг шаарддаг” гэсэн тайлбар өгчээ. Федерика Могерини цөмийн гэрээ хэрэгжүүлэлтийн талаарх өнөөдөр эхлэх “Их зургаа”-гийн (Орос, Их Британи, Хятад, АНУ, Франц, Герман) Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярина. Тэрбээр “Энэ төрлийн хэлэлцээр ихэвчлэн төлөөлөгч, орлогч сайд нарын хэмжээнд болдог. Харин энэ удаад дээд төвшинд хэлэлцэх гэж буй нь сайшаалтай.

“Их зургаа”-аас 2015 онд Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх та­лаар тохиролцоонд хүрч, хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан билээ. Уг гэрээг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Харин энэ удаад НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АНУ, Европын холбооноос цөмийн хөтөлбөртэй холбогдуулан Тегеранд тавьсан хориг арга хэмжээний хамрах хүрээг өргөжүүлнэ. Ингэснээр Тегеран олон улсын хяналтан дор цөмийн үйл ажиллагаагаа хязгаарлах болно. Ираны цөмийн асуудал АНУ-ын төдийгүй олон улсын анхаарал зайлшгүй хандуулах сэдэв” хэмээн Исламын Бүгд Найрамдах Иран улсын цөмийн хөтөлбөрт шүүмжлэлтэй ханджээ. Иран улс “Эцэг бөмбөг” зохион бүтээснээ зарласан нь тогтворгүй байгаа бүс нутгийн байдлыг хурцатгаж болзошгүй гэж Федерика Могерини сэтгэл зовниж байгаа аж. Ингэхдээ Ираны талын “Шинэ туршилт цөмийн зэвсгийн чадавхийг сайжруулах зорилгогүй” гэж мэдэгдсэнийг үгүйсгэсэн юм. “Эцэг бөмбөг” зохиолоо гэсэн Тегераны мэдэгдэлтэй холбогдуулан Иранд хориг арга хэмжээ авч болзошгүй гэж хэвлэлүүд өнгөрсөн ням гарагаас мэдээлж эхэлсэн билээ. Могерини Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, уг асуудлаар хэлэлцээр хийхээ мэдэгдсэн. Харин НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хэйли Тегераны цөмийн нөөц бололцоог хазаарлах саналыг Аюулгүйн зөвлөлд өнгөрсөн сарын 16-нд хүргүүлсэн билээ. Түүнчлэн АНУ-ын Сангийн яамнаас баллистик пуужингийн төлөвлөгөө боловсруулсан, АНУ-ын банк, санхүүгийн салбарын интернетэд халдсан хэмээн Ираны дөрвөн байгууллага, долоон хүнд хориг тавьсан юм.

 

АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, энэ удаагийн хоригт Иран, Украины тус бүр хоёр байгууллага, Ираны компьютер, технологийн салбарын нөлөө бүхий долоон ажилтанд санхүүгийн хориг тавьжээ. Тэд Ираны баллистик пуужингийн төлөвлөгөөг дэмжиж ажиллах буюу Иран, Сирийн хилд зэр зэвсэг зөөвөрлөхөд тусалсан. Мөн манай улсын банк, санхүүгийн салбарын интернет сүлжээнд халдсан тул тэдний АНУ-ын нутаг дахь хөрөнгийг царцааж, иргэдийг тэдэнтэй хэлхээ холбоотой байхыг хориглоно” гэж заажээ. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш, баллистик пуужингийн төлөвлөгөө зохиож байна гэсэн шалтгаанаар Тегеранд тавих хоригоо чангаруулсан билээ. Харин баллистик пуужин хөгжүүлэх эсэх нь манай улсын халдашгүй эрх хэмээн Ираны Засгийн газраас хариу мэдэгдсэн байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)