“Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний III чуулган болж байна

“Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний III чуулган энэ сарын 8,9-ний өдрүүдэд  олон улсын “Найрамдал” төвд болж байна. БОАЖЯ, БСШУСЯ,Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол”  төслийн хүрээнд зохион байгуулж буй уг чуулганд нийслэл, орон нутгийн 100 гаруй сургуулийн багш, ажилчид, сурагчид, холбогдох яамдын албан хаагчид, аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсролын мэргэжилтнүүд зэрэг  330 орчим төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн чуулганы үеэр хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа дүгнэх,туршлага солилцох, цаашдын зорилтоо тодорхойлох, хөтөлбөрт манлайлж буй сургууль, хамт олныг шагнаж урамшуулж, таниулан сурталчлах ажлыг хийх юм.   

Хөтөлбөрт  манлайлж буй  сургууль, хамт олныг “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”, олон улсын эко шошго “Ногоон туг”-аар шагнан урамшуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 41 сургууль “Хүрэл гэрэгэ” шагнал хүртээд байна.   

ISO14001 стандартад суурилсан “Эко сургууль” хөтөлбөрийг Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гаас дэлхийн 64 улс орны 49000 гаруй сургуулиудад өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох UNEP, UNESCO-тай   хамтран ажилладаг. Монгол улсад “Эко сургууль” хөтөлбөрийг 2007 оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр анх туршиж эхэлсэн. 2011 онд “Байгаль орчны  мэдээлэл сургалтын төв” ТББ нь Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүнээр элссэнээр уг хөтөлбөрийн  албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага болж, 2015 оноос эхлэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл дэмжин ажиллаж байна.

“Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний III чуулганы үйл ажиллагаа уг хөтөлбөрийн ахиц, дэвшил цар хүрээг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.  Чуулганы ерөнхий зохион байгуулагч, санхүүжүүлэгчээр Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, тэргүүн түнш, хэрэгжүүлэгчээр “Байгаль орчны  мэдээлэл сургалтын төв”  ТББ ажиллаж байна.

2017 оны байдлаар нийслэл, орон нутгийн нийт 255 ерөнхий боловсролын сургууль уг хөтөлбөрийн сүлжээнд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

 

Г.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (0)