С.Энхбулаг : Уран Сайхны Их сургуулийн 80 жил гэдэг бол Монголын хөгжмийн урлагийн түүх юм

 

Улсын хэмжээнд мэргэжлийн дуучин, бүжигчин, циркчин бэлтгэн, үе үеийн суутнуудыг өлгийдсөн С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж нь Монгол Улсы консерватори болсон. Тус Урлагийн их сургууль нь 80 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулаад байна. Энэ талаар тус сургуулийн Уран сайхны удирдагч, хөгжим судлаач С.Энхбулагтай ярилцсанаа хүргэж байна.

 

 

НЭГ. Монголын урлагийн 80 жилийн ой гэдэг утгаараа сонгодог урлагийн тоглолтыг хийнэ

 

Юуны өмнө танай хамт олонд 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хөгжим Бүжгийн Коллеж маань ойгоороо Консерватори болсон нь нэг том шат ахих боломж бүрдсэн гэж харж байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

Баярлалаа. Нэрний хувьд эхлээд зөв ойлголттой байх хэрэгтэй. Консерватори байгуулагдаад 1 сар болчихоод яагаад 80 жилийн ой тэмдэглэж байгаа юм бэ гэсэн шүүмжлэл зарим хүмүүсээс ирж байсан юм. Тиймээс бид 80 жилийн ойгоо “Уран сайхны сургууль- Монгол улсын Консерваторийн 80 жилийн ой” гэж нэрлэсэн.

Манай сургууль 1937 онд байгуулагдснаас хойш долоо удаа нэрээ сольсон байдаг.Тухайн үеийн “Бөмбөгөр театр” буюу Улсын төв театр гэж байх үед театрын хүний нөөц бэлтгэх зорилгоордэргэдээ Уран сайхны сургуулийг байгуулж байсан түүхтэй. Тэр үед төв театрын багш нар хичээл зааж, сурагчид нь театрын тоглолтонд оролцдог байсан гэдэг. Харин доогийн Консерватори гэдэг нь хөгжмийн дээд сургууль гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл ангилал дэвшиж их суруулийн хэмжээнд хүрсэн гэсэн үг.

Энэхүү 80 жилийн түүх нь манай сургуулийн түүх төдийгүй орчин цагийн Монголын хөгжмийн урлагийн түүх гэсэн үг. Учир нь энэ сургуулийн үе үеийн 8000 гаруй төгсөгчид Монгол улсын мэргэжлийн урлагийн байгууллагын 95 хувийг эзэлдэг. Ер нь манай сургуулийн хувьд бага, дунд, ахлах, бакалаврын гэсэн шаталсан сургалттай байсан. Харин Консерватори болсноор бага ангиас ахлах анги хүртэл тусдаа Хөгжим бүжгийн коллеж гэж үлдээд, бакалавр нь биеэ даасан сургууль болж байгаа юм. Мэргэжлийн сургууль учраас шалгуур өндөртэй байдаг.

Ойн арга хэмжээ нэлээн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа юм байна. Энэ 10 дугаар сард ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдах вэ?

Саяхан 9 дүээр сарын 15-нд манай сургуулийн төгсөгчид болох Монголын рок попын хамтлаг дуудчын нэгдсэн тоглолт амжилттай зохион байгуулагдсан.

Ойн арга хэмжээ үргэлжилэн энэ сарын 11-нд буюу лхагва гарагт ДБЭТ-ын тайзнаа Хүн төрлөхтний сонгодог хөгжмийн урлагийн “Охь-дээж” болсон бүтээлүүдийг эгшиглүүлэх юм.

Мөн бид ойн хүрээнд “Уран сайхны сургуулийн 80 жил - Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн 90 жил” арга хэмжээг ирэх 11 дүгээр сарын 1-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр театр нь 1927 онд байгуулагдснаас 10 жилийн дараа Уран сайхны сургууль байгуулагдаж байсан учраас энэ хоёр байгууллага бол салшгүй холбоотой юм. Тиймээс энэ хоёр байгууллагын түүхийг харуулсан архивын материал болон зургийн үзэсгэлэнг танилцуулна.

Түүнчлэн 1930-аад оны соёл урлагийн тухай пянз, дектафоны бичлэгээр үзүүлэхээс гадна Бөмбөгөр театрын тухай баримтат киног үзүүлэх, лекц тавих зэрэг ирэх сарын 11-ийг хүртэл олон арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Ийнхүү 11 дүгээр сарын 11-нд ойн нэгдсэн арга хэмжээ болно. Ойн нэгдсэн арга хэмжээгээрээ Урлагийн сургуулийн ой гэхээсээ илүү Монголын урлагийн 80 жилийн ой гэдэг утгаараа сонгодог урлагийн тоглолтыг хийх болно.

Сонгодог урлагийн тоглолтын маркетингийн ажлыг UB Art Gallery-н хамт олон хариуцаж байна. Тоглолтын хувьд арай өвөрмөц байдлаар зохион байгуулах үүднээс зөвхөн зааланд орж концерт үзэх бус сонгодог театрын орчинг бүрдүүлж, завсарлагааг арай урт хугацаатай байхаар зохион байгуулна.

 


ХОЁР. Хөгжим гэдэг бол онцгой зүйл

Arslan.mn

Одоо тус сургууль хичнээн суралцагч суралцаж байна вэ?

Манай сургууль 1000 гаруй суралцагчид, 300 гаруй багш, ажилчидтай. Багш нарын хувьд залуу, дунд, ахмад гэсэн гурван үеийнхэн багшилж байна. Консерваторит ихэвчлэн 55-60 насны ахмад багш нар маань хичээлээ заагаад явж байна.

Сүүлийн үед Монголчууд сонгодог урлагийг илүү ойлгодог, үздэг болсон байна. Энэ талаар таны бодол?

Энэ бол маш зөв зүйл. Миний хувьд урлагийн бүх төрлийг сонирхдог. Тэр дундаа өөрийн мэргэжил болоод ч тэр үү хөгжмийн урлагийг илүү онцгой урлаг гэж үздэг. Хөгжмийн урлаг дундаа сонгодог урлаг бол бүр онцгой урлаг. Саяхан ОХУ-ын судлаачид хөгжмийн урлагийнханы амьдралын хэв маягийг судалсан байдаг. Тус судалгаанаас хөгжимчид хамгийн урт насалдаг гэсэн дүн гарсан. Хөгжимчид дундаа сонгодог хөгжим тоглодог хүмүүсээс босоо ятга тоглодог хүмүүс илүү урт насалдаг гэсэн сонирхолтой дүн гарсан байна. Тэгэхээр хөгжим гэдэг бол онцгой зүйл. Өнөөдөр манай улсад сонгодог урлагийг сонсдог болж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар үйлчилгээний байгууллагууд ямар ая явуулж байна гэдгээс хамаараад үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Үүнээс үзэхэд хөгжим хүнд ямар их нөлөөлдөгийг харж болно.
Манай сургуулийн хувьд олон улсын уралдаанд манай сургуулиас бага, дунд ангийн сурагчид түлхүү оролцдог. Учир нь хүүхдүүд нэгдүгээр ангиасаа хөгжмийн тухай хичээл заалгаж байгаа учраас хүүхдийг дэлгэж, задалж урлагийн хүн болгоно гэдэг бол ид шидтэй ажил юм. Олон улсад очиход манай хүүхдүүд үнэхээр онцгой байж чаддаг. Хүүхдийг багаас нь хөгжмийн урлагаар хичээллүүлж эхлэхээр хөгжмийг ойлгох гэхээсээ илүүтэй мэдэрдэг болдог.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)