Шилдэг залуу судлаачид БСШУС-ын сайдын нэрэмжит грант хүртэв

Одон орныг судлах Хүрэл тогоот төвд энэ сарын 07-нд эхэлсэн “Хүрэлтогоот-2017” Байгалийн ухааны салбарын эрдэм шинжилгээний бага хуралд 12 илтгэл хэлэлцүүлэв.


Үүнээс ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаач Л.Сарантуяа тэргүүн байр, ШУА-ийн Ерөнхий сорилын биологийн хүрээлэнгийн судлаач Р.Одонгоо дэд байрт тус тус шалгарч БСШУС-ын Сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо.

Мөн тэргүүн байрын эзэн Япон улсын Саппоро хотод ирэх сарын 23-25-нд болох “Хөгжлийн гарц, шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэгийн дэмжлэгтэй үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнуулсан юм.

Харин ивээн тэтгэгч байгууллага, судлаачдын нэрэмжит тусгай байрын шагналаар Ш.Цэрэндүг /Одон орон геофизикийн хүрээлэн/, Хими химийн технологийн хүрээлэнгийн У.Баярзул, Д.Мөнгөннаран, Б.Болормаа, “Мэргэжил нэгтний нэрэмжит” анхдугаар шагналыг Ц.Тайвансайхан /ШМТДС/ нар хүртлээ.

Дашрамд дурдахад СЭЗИС-ийн багш математикч, доктор, профессор Ч.Наранчимэгийн санаачилсан “Мэргэжил нэгтний нэрэмжит” энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг санаачилгыг “Монхимо” ХХК-ийн Эрдэм шинжилгээ туршилтын төвийн захирал, химич, доктор Д.Дэмбэрэлнямба дэмжиж буйгаа илэрхийлж гурван судлаачид тусгай байрын шагналыг тус тус олгосон юм.

Хурлыг БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хуралдааныг Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг, Гарааны “Технологийн Инкубатор” ХХК, “Монхимо” ХХК, “Хан Лаб” ХХК, “Шинэ Монгол Дээд Сургууль” тус тус ивээн тэтгэж оролцлоо. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)