Малын халдварт өвчин удаа дараа гарч буй нь отор, нүүдэлтэй холбоотой

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим, олон улсын ЖАЙКА байгууллага, Япон улсын Хоккайдо их сургууль тус улсын Зооноз өвчин судлалын төвийн судлаачидтай хамтран “Мал амьтны халдварт болон зооноз өвчнүүд” сэдэвт олон улсын хурлыг зохион байгууллаа.

Дэлхийд мал амьтнаас хүнд халдварладаг 212 өвчин бүртгэгдсэн байна. Манай улсын хувьд бруцеллёз, цусан суулга, хулгана тахал, ям, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварууд, бэтэгтэх, цагаан хорхойтох зэрэг 30 шахам өвчнийг одоогийн байдлаар бүртгэжээ. Манай улс бруцеллёзын өвчлөл ихтэй оронд багтдаг бөгөөд өвчний халдварын 60 гаруй хувь нь мал төллөх үед гардаг байна. Энэ оны хагас жилийн байдлаар 18 аймагт давхардсан тоогоор 405 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт халдварт өвчин 911 удаа гарч 7129 мал, амьтан өвчилснийг Мал эмнэлгийн үржлийн газрын тайланд дурджээ. Оны эхний хагас жилийн байдлаар боом, галзуу, дуут хавдар, сохор догол зэрэг нийт 19 төрлийн халдварт өвчин 19 аймаг, нийслэлд бүртгэгдсэн байна. Мөн ДХХ-өвчний 218, галзуу өвчний 97, цусан халдварт өвчний 92, колибактериоз өвчний 57 гаралтыг тус тус бүртгэжээ. Энэ нь өнгөрсөн зургаадугаар сар хүртлэх мэдээлэл бөгөөд үүнээс хойш орон нутаг гэлтгүй нийслэлд мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин цөөнгүй гарсан. Өнгөрсөн зургаадугаар сараас өнөөдрийг хүртэл нийслэлийн хоёр дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий зургаан удаа, нэг дүүрэгт үхрийн хорт салст халуурал өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоов.

Улс орны эдийн засагт хохиролтойг нь бодож мал амьтны халдварт өвчний талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахгүй байхыг холбогдох байгууллагаас хүсдэг ч хүн амын эрүүл мэндийн төлөө нийтэд мэдээлэхээс өөр аргагүйд хүрч буй талаар судлаачид ярив. Шүлхий өвчний гаралт энэ оны эхний найман сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар их буюу 88 хувиар өссөнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн байна. Мөн энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд тарваган тахал нэг, шүлхий 35, хонины цэцэг 49, галзуу 52 үхрийн хорт салст халуурал нэг, боом ес, мялзан гурав, цусан халдварт өвчин нэг удаа гарчээ. Хурлын үеэр Япон улсын ШУА- ийн гишүүн, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн профессор Hiroshi Kida манай улсад шүлхий, цэцэг зэрэг өвчний тархалт элбэг буйг анхааруулж яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэв. Тэрбээр манай улсын мянга гаруй малаас цусны дээж авч мал амьтны халдварт өвчний судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд манай улсад өмнө нь оношлогдож байсан ч төдийлөн судлаагүй таван өвчин тархалттай байгааг тогтоожээ. Тодруулбал, анаплазма, үхрийн хорт салст халуурал, үхрийн вирусийн диарей, лейкод, ид сүрьеэ өвчин хүнд халдахгүй ч мал амьтны тарга тэвээрэгт сөргөөр нөлөөлж, мах сүүний гарц, чанарыг бууруулж, зарим тохиолдолд мал үхэж үрэгдэх аюултай учир манай улсын эдийн засагт нэлээд хохирол учруулж болзошгүйг анхааруулав. Эдгээр өвчнийг эмчлэх боломж тун бага байдаг аж. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж Hiroshi Kida зөвлөв. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн захирал, доктор А.Гомбожав “Сүүлчийн жилүүдэд манай улсад малын шүлхий, цэцэг өвчин ихээр гарч байна. Баруун аймагуудад мялзан өвчин түлхүү гарсан. Малаас хүнд дамжин халддаг өвчин нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх аргыг боловсруулах шаардлага тулгарч байна.

Одоогоор манай улс Мал эмнэлгийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Намрын чуулганаар эцсийн шатны хэлэлцүүлгийг хийж эцэслэн батална гэж судлаачид найдаж байна. Хуулийг баталснаар мал эмнэлгийн байгууллагууд босоо тогтолцоонд шилжиж, халдварт зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг авах хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр манай улсад дэгдэж буй гоц халдварт өвчнүүдийн гаралт багасна. Малын шилжилт хөдөлгөөнийг хянаж чадахгүй байна. Үүнд хууль эрх зүйн зохицуулалтаас гадна биднээс үл хамаарах байгаль орчны нөлөөлөл байна. Энэ жил Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь гантай байсан учир малчид зайлшгүй отор нүүдэл хийх шаардлага тулгарч буй. Тиймээс малчид отор нүүдэл их хийж байгаа нь малын халдварт өвчин тархахад гол нөлөө үзүүлж байна гэж хэлж болно. Мөн аль улсаас ямар хэвшлийн вакциныг оруулж ирвэл манай улсын малд илүү үр дүнтэй үйлчилж буйг тогтоож тогтсон нэг орныг сонгож вакцин захиалах хэрэгтэй” гэв.

Харин Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн С.Ганзориг “Мал эмнэлэг, үржлийн газрын зүгээс малын халдварт өвчин тэр дундаа шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр халдварт өвчин гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, мал сүргийг вакцинжуулах арга хэмжээ авч байна. Халдварт өвчин удаа дараа гарч буй шалтгаан нь отор, нүүдэл их байгаатай холбоотой. Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатарт вакцин хийлгээгүй малтай айл отор нүүдэл хийж шүлхий өвчин тараасан тохиолдол энэ жил цөөнгүй гарсан. Шадар сайдын албан даалгавраар эрүүл бүсээс өвчтэй бүс рүү мал амьтны отор нүүдлийг хориглосон. Мөн өвчтэй бүсээс эрүүл бүс рүү малын нүүдлийг хориглосон шийдвэр гаргасан. Гэтэл малчид үүнийг мэдсэн ч отор нүүдэл хийж малаа эрсдэлд оруулж байна. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн баасан гарагт Улаанбаатарын өвчний голомтын сэжигтэй бүсэд байсан малчин Төв аймгийн Алтанбулаг суманд шүүж ирэн шүлхий өвчин тараасан тохиолдол гарлаа. Малын шилжилт хөдөлгөөнийг ирэх оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл хориглосон байгаа. Тиймээс малчид шилжилт, отор нүүдэл хийхдээ анхааралтай байх хэрэгтэй” гэсэн юм.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)