Охидоо өдөр бүр анхаарч сонсъё

Айл гэр, аав ээж, эмээ өвөөгийнхөө нар нь болсон охид минь инээмсэглэ. Та нарыг инээмсэглэж байвал энэ дэлхий баяр баясгалангаар бялхаж байдаг юм. Охидынхоо инээмсэглэлээр бахархаж, өөдрөг амьдрахыг чинь харах гэж л ээж нь та нарыг нартад төрүүлсэн юм шүү дээ. Ялангуяа охид хоорондоо шивнэлдэн инээлдэж, элдвийн яриа өрнүүлж байгааг харах сайхан байдаг юм. Тэгээд ч бүсгүй хүнтэй дэлхий бүтэн эргэж, бүүвэйн дуунд үрс нь жаргалтай өсөн торнидог биз ээ. Магадгүй яруу найрагч Б.Энхтуяа “Охин үрээ хайрла” хэмээх шүлгээ тэдний омогшил бахархал, гэгээн цагаан инээдэнд хөглүүлэн байж бичсэн байх. Ерөөс охидын шүлэг, яриа, инээмсэглэл нэг л цагаахан, зөөлөн, дулаахан байдагсан. Би ч бас охинтой ээж хүн болохоор үүнийг сайн мэдэрч байна. Хааяахан уулзахдаа Ардын уран зохиолч Ш.Дулмаа багш маань хэдэн эмэгтэй шавь нараа “Миний охин” гэж дуудаж, бас болоогүй ээ “Охид нь сайн уу, охиноо л сайн хүн болговол та нар жаргана шүү” гэж захидаг юм. Багшийн минь захиас цаанаа л нэг учиртай байж таарна. Тиймээс охиноо сайн хүн болгохыг хичээнэ. Мэдээж энэ нь ээж хүн болгоны хүсэл шүү дээ.

Тэгээд ч өнөөдөр “Олон улсын охидын өдөр” тохиож байна. Ийм л учраас миний бие охидын тухай хүүрнэн бичиж байгаа маань энэ. 2012 онд НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 11- нийг “Олон улсын охидын өдөр” болгон зарлаж, тодорхой сэдвийн хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэж иржээ. Харин энэ жилийн хувьд охидод боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд голлон анхаарч түүнээс гарах гарцыг эрэлхийлсэн олон ажил хийхээр зорьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, улс орон бүр энэхүү асуудалд анхаарлаа хандуулж дуу хоолойгоо нийлүүлэн шийдвэр гаргагчдад хүргэх зорилгыг агуулж буй. Харин манай орны хувьд уг өдрийг тохиолдуулан дүүрэг бүр охидын эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

Жишээлбэл, Налайх дүүрэгт 120 хүүхдийн дунд “Охидоо сонсъё” уулзалт, Сонгинохайрхан дүүрэгт 300 хүүхдийг хамруулсан “Хөөрхөн дэлхий” сургалт, Чингэлтэй дүүрэгт “Охидын инээмсэглэл” өдөрлөгийг дүүргийнхээ хүүхдүүдийн дунд зохион байгуулна. Ийнхүү дүүрэг бүрт нэг өдрийн турш охидынхоо үгийг сонсч, тэднээр “гоёж” өнжихөөр шийджээ. Гэхдээ гол нь энэ арга хэмжээг нэг өдөр биш өдөр бүр зохион байгуулж тэдний эрх ашгийг хамгаалъя. Ингэж чадвал тэд айдас хүйдэсгүй, эрүүл энх өсөн торних бус уу.

Б.ДААРИЙМАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.141.200)

    2017-10-11

    зөв эерэг гэр бүлд зөв өссөн эмэгтэй хүүхэд андашгүй, нүүр царай нь цаанаасаа гэрэлтээд өөртөө итгэлтэй, ямар ч хүний сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлдэг, ийм эмэгтэй хүнээс муу эр хүн айж явдаг , юу юугүй элэг барих гэхгүй , баргийн хүнд хүндлэгдэж амьдардаг .