Ц.Төрбат: Буган хөшөөний 80 гаруй хувь нь Монголд бий

 

Монголын нутгаар өргөн дэлгэр тархсан буган хөшөөг дэлхийн өвд бүртгүүлэхээр манай эрдэмтэд хичээнгүйлэн ажиллаж байна. Энэ талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.ТӨРБАТААС тодрууллаа.

 

-Монголын нутагт өргөн тархсан буган хөшөө он цагийн хувьд хэдий үед хамаарах дурсгал вэ?

-Археологичид буган хөшөөний он цагийг үнэмлэхүй болон харьцангуй судалгааны аргаар тогтоосон. Буган хөшөө 3200-2600 жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн эцэс, төмрийн түрүү үед хамаардаг. Буган хөшөө нь Алтайн нуруунаас Хэнтийн уулс хүртэлх нутагт өргөн тархсан.

 

-Буган хөшөөг хэдэн оноос судалгааны эргэлтэд оруулсан бэ?

-Төв Ази Монголыг XIX зууны сүүл үед судалсан эрдэм шинжилгээний бүтээлүүдэд буган хөшөөний тухай дурддаг. Энэ хөшөөний тухай Оросын судлаач Д.Н.Потанин олон улсад анх танилцуулсан юм. Нарийвчилсан судалгааг XX зууны хоёр дугаар хагасаас хийж эхэлсэн. Археологичид Евразид 1500 гаруй буган хөшөө бүртгэснээс 1200 нь буюу 80 хувь нь Монголын нутагт бий.

 

-Буган хөшөөний утга агуулгын талаар эрдэмтэд ямар байр суурь баримталж байна вэ?

-Буган хөшөөг эрт үед баатар эрд зориулан босгодог байжээ. Хөшөөнд дайчин эрийн зэвсэг болох чинжаал хутга, билүү, байлдааны зээтүү, нум сум, саадаг, хоромсого, жад, бамбай, гох дэгээ, гүйвэр дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг. Мөн бугын дүрсийн оронд буюу завсар зайд адуу, ирвэс, янгир, зээр, зэрлэг гахай зэрэг амьтад дүрсэлсэн нь ч тохиолдоно. Одоогоор олдоод буй арав орчим буган хөшөөнд хүний нүүр төрхийг дүрсэлсэн байдаг.

 

-Ер нь Дэлхийн өвд манай түүх, археологийн хэчнээн дурсгал бүртгэлтэй байдаг бол?

-Түүх, археологийн дурсгал гэвэл Орхоны хөндий, Монгол Алтайн хадны сүг зургийг дэлхийн өвд бүртгүүлсэн байдаг.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)