Д.Золбаяр: “ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД” монгол ахуйг нэвт шингээсэн

 

“Улаанбаатар” Олон Улсын кино наадмыг нээж буй “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино Академийн дээд шагнал гардуулах Оскарын 90 дэх удаагийн наадамд өрсөлдөх эрхтэй болжээ. Энэ тухай тус киноны найруулагч Д.ЗОЛБАЯРТАЙ ярилцсан юм.

 

-Оскарт өрсөлдөх эрх авахын тулд нэлээд шалгуур давсан байх. Ямар шалгуурыг давсан бэ?

-Оскарын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд нийт таван кино нэр дэвшдэг. Нэг улсаас нэг киног сонгож Оскарт өрсөлдөх эрх олгодог. Энэ жилийн хувьд тус төрөлд 92 орны кино уран бүтээлч өрсөлдөж байна. Улс улсаас шалгарсан киног Оскарын хорооноос томилсон есөн хүний бүрэлдэхүүнтэй баг үзэж шилдэг номинацид нэр дэвших таван киног сонгодог. Ингээд тухайн таван киноноос шилдгийн шилдэг бүтээлд Оскарын шагналыг гардуулна. Бидний хувьд өрсөлдөх эрхтэй болсон хэдий ч эцсийн үр дүнг нь үзэхийг хүсч байна. Тиймээс үзэгчид, ард түмний тусламж, дэмжлэг их хэрэгтэй байгаа. Энэхүү наадамд өрсөлдөх эрх авахын тулд үндсэн гурван шалгуур тавьдаг. Нэгдүгээрт, тухайн кино багийн 90 хувиас дээш нь тухайн улсын иргэн байх, хоёрдугаарт, тухайн улсдаа киноныхоо нээлтийг хийсэн байх, гуравдугаарт, олон улсын кино наадамд оролцсон болон үзэгчдийн тоо өндөр байх гэсэн шалгуурыг харгалзан үздэг юм билээ. Үүнээс гадна олон шалгуур бий. Урьд нь Д.Бямбасүрэн найруулагчийн “Ингэн нулимс” кино Оскарын номинацид нэр дэвшиж байсан. Гэхдээ Герман улсын нэрийн өмнөөс нэр дэвшиж өрсөлдсөн. Бид бол анх удаа эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхтэй болсон. Ирэх оны нэгдүгээр сар гэхэд ямар таван улсын кино шалгарсан нь тодорхой болох юм.

 

-Дээрхи номинацид нэр дэвшиж үлдэхэд үзэгчдээс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Эцсийн шат хүртэл үзэгчдийн дэмжлэг маш чухал. Ямар орны кино олны сонирхлыг татаж, үзэгч олон байна тэр кино Оскарт нэр дэвшиж өрсөлдөх эрхтэй болно. Манай кино өрсөлдөх эрхээ авсны дараа америкийн хоёр компаниас хамтран ажиллах санал ирүүлсэн. Киноны компанит ажил явуулах эхний компани 107500 ам.долларын санал ирүүлсэн байгаа. Тэгэхээр киногоо Оскарын номинацид нэр дэвшүүлэхийн тулд мөнгө санхүүгээс авахуулаад олон зүйл шаардагдана. Тэр бүхэнд үзэгчид минь бид бүхэнтэй хамт байна гэж найдаж байна.

 

-Гол дүрд нэгэн америк эмэгтэй тоглосон. Тухайн эмэгтэй “Чингисийн хүүхдүүд” кинонд хэрхэн тоглох болсон бэ?

-Brittany Belt гэж америкийн залуу жүжигчин бий. Америкийн талаас бидэнд санал тавьсан. Энэхүү саналын дагуу америкийн талтай зөвшилцөж энэ эмэгтэйг сонгож хамтран ажиллах болсон.

 

 

-Киноны онцлог юу вэ?

-Америкт кино хийгээд манайх шиг шууд цацчихдаггүй. Эхлээд насны ангилал тогтоодог. Манай кино өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд АНУ- ын Кино ассоциацаас АНУ-д гаргах лиценз болох “General audience” буюу бүх насныхан /G/ ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино болсон. Тэгэхээр манай кинонд насны хязгаар байхгүй. Монголын эртний түүхт морины уралдааны өнөөгийн уламжлал соёл, хурдан морь унах, туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн эрэмгий монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино.

 

-Олон улсын кино наадамд оролцох жагсаалт гарчээ. Энэ дундаас онцолбол ямар кино наадам байна вэ?

-Одоогоор 10 гаруй кино наадамд оролцох урилга авсан байна. Дахиад кино наадмын урилга ирэх байх гэж найдаж байна. Ирэх оны хавар хүртэл Олон Улсын кино наадмын урилгатай байна. Ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сард Энэтхэг улсад болох Олон улсын хүүхдийн кино наадамд оролцоно.

 

-Гадаадынханд киногоо үзүүлэхэд үзэгчид ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Одоогийн байдлаар Итали, Германд болсон кино наадамд оролцлоо. Ер нь киног маань үзсэн хүмүүс “Монголын тухай зөв ойлголттой боллоо. Сайхан тайвширлыг олж авлаа. Танай нутагт очих юмсан” гэдэг. Гадаад үзэгчдийн хувьд хамгийн их асуудаг асуулт бол “Энэ хүүхдүүд яг өөрсдөө морио унасан уу” гэдэг. Би хувьдаа тэдэнд монголд ийм хүүхдүүд маш олон бий хэмээн бахархалтайгаар хариулдаг.

 

-“Чингисийн хүүхдүүд” киноны зохиолыг ямар хүн бичсэн бэ?

-Зохиолыг би өөрөө бичсэн. Ер нь хурдан морийг бага насны хүүхдээр унуулна, унуулахгүй гэсэн зөрчилдөөнтэй цаг үед гарч буйгаараа онцлогтой. Гэхдээ манай кино багийнхан энэ асуудлыг аль нэг тал руу хэлбийлгэлгүй гаргаж чадсан гэж үзэж байгаа. Хамгийн гол нь бид монгол түмнийхээ ахуй соёл, түүх уламжлалыг шингээсэн кино бүтээх зорилго, мөрөөдөлтэй байсан. Бид ийм киног бүтээж чадсан гэж хэлж болно. “Чингисийн хүүхдүүд” кинонд монгол ахуй нэвт шингэсэн. Уран бүтээлчид маань кино бүтээхдээ сэдэвт их ач холбогдол өгөх хэрэгтэй гэж боддог. Манай кинонд ганц ч хар бараан зүйл гарахгүй. Магадгүй энэ нь бидний киноны амжилтад нөлөөлж байгаа байх.

 

-Зураг авалтыг хаана хийсэн бэ?

-Архангай аймгийн Цэнхэр суманд зураг авалтаа хийсэн. Өнгөрсөн 2016 оны наймдугаар сараас есөн сар хүртэл зураг авалт хийсэн. Кино маань нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн төсвөөр бүтсэн. Ер нь Монголын хаана ч очсон сайхан байгаль угтан авдаг. Үүгээрээ бахархдаг. -Кино бүтээхэд ямар бэрхшээл тулгарсан бэ? -Дан ганц манай кино биш ер нь бүх монгол кинонд бэрхшээлгүй байна гэж байхгүй. Жишээлбэл, бид наадам болж байгаа бичлэгийг хийхийн тулд сумын наадмын хэмжээний гурван наадам зохион байгуулж байж зураг авалтаа амжилттай хийсэн. Мөн миний гол санаа зовж байсан зүйл бол уралдааны хэсгийн зураг авалт байлаа. Хурдан морины уралдааны үеийн зургийг нэгхэн уралдаад авчихгүй. Тиймээс олон дахин уралдаж байгаа зураг авахад хүүхдүүд бэртчих вий гэж их санаа зовсон. Бурхны аварлаар бид бэртэл гэмтэлгүйгээр зураг авалтаа амжилттай дуусгасандаа баяртай байна.

 

 

-Гол дүрд тоглосон хүүхдүүдийг хэрхэн сонгов?

-Улаанбаатарт жүжгийн дугуйланд жирийн нэг хүүхэд морь сайн унадаг байх нь ховор байх. Кинонд маань хамгийн гол нь морь сайн унадаг хүүхдүүд хэрэгтэй байсан. Тэгээд Архангайн Цэнхэр сумаас кинондоо яг тохирсон хүүхдүүд сонгож хамтран ажилласан. Мэдээж жүжиглэх талаар ойлголтгүй хүүхдүүдтэй хамтран ажиллахад бидэнд илүү хүндрэлтэй байсан. Гэхдээ найруулагчийн багийнхан хүүхдүүдтэй нээлттэй харилцаж кино зургаа амжилттай дуусгасан. Бага наснаасаа хурдан морь унадаг байсан хүүхдүүдийг сонгосон. Кинонд маань ах, дүү гурван жаалын дүрд тоглож буй хүүхдүүд нь амьдрал дээр ч ах дүүс юм. Энэ хүүхдүүд ээж, аавтайгаа хамт киноныхоо нээлтэд хүрэлцэн ирсэн байгаа. Киногоо үзээгүй байгаа.

 

Товч тайлбар: Эрийн гур­ ван наадам бол монголчуудын зуун дамжсан уламжлалт наадам билээ. Сумын наад­ маар сумандаа хамгийн сайн уяач гэгдэх Болд хурдан морио унуулахаар Дамбийгийн гур­ ван хүүгийн ууган нь болох Доржийг ааваас нь гуйна. Харин дунд хүү Бямбаа нь энэ наадамд заавал хурдан морь унаж уралдахыг хүснэ.

Жич: Энэ бол уг киноны товч түүх юм Киноны жанр: Уянгын драма Үргэлжлэх хугацаа: 100 минут Насны ангилал: Бүх насныханд Найруулагч: Д.Золбаяр Гол дүрд: Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Ц.Батнайрамдал, Р.Анхням, Brittany Belt

 

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • USA (172.113.218.138)

    2017-10-12

    Dund ni zaaval Americ hun havchuulahgui bol Oskar -t ni devshij boldoggui yumuu? Neg ulsaas neg kino geheer Mongoloos uch tuchnuun kino devshih bolomjtoil baisan bna shuu dee. Sharga daaga, Bodliin hulgaich, 2 uulaa untah uu geed zunduu chanartai kino umnu ni hiij baisan. Neg ulsaas neg geheer Mongoloos jil bur neg kino devshih erhtei l yum bna.