Д.Хаянхярваа: Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайдтай ажиллах байр суурьтай байгаа

 

МАН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Хурлаараа сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн дэмжиж эцэслэн баталгаажуулсан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөнө. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандана. Дээрх газруудаас холбогдох хариу ирүүлж, татгалзаагүй тохиолдолд нэн даруй УИХ-д Засгийн газрын асуудлыг өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд өнөөдөр ч сайд нарыг бүрэн томилох боломжтой. МАН хуулийн хугацаандаа багтаж, Засгийн газраа байгуулна. МАН бол улстөрийн том хүчний хувьд цаашид улс эрх ашгийн төлөө нэгдсэн байр суурьтайгаар эдийн засгаа сайжруулахын төлөө тууштай ажиллана” гэв

Ингээд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах уу?

-Дэд сайдтай ажиллах эсэхийг эцэслэн шийдээгүй. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайдтай ажиллах байр суурьтай байгаа.

-Шинэ Засгийн газрын гишүүд бүгд “давхар дээл”-тэй байх юм байна. Энэ нь Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд авсан арга хэмжээ гэж ойлгож болох уу?

-Засгийн газарт “Мэргэжлийн”, “мэргэжлийн бус” гэж элдэв нэр өгөх хэрэггүй болов уу. Энэ бол Монгол Улсын Засгийн газар. Ямар ч байсан бид Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар маш нухацтай ярилцсан. Хүчтэй, тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайд өөрөө санал гаргаж, нэр бүхий гишүүдийг сайдад нэр дэвшүүлж байна. Нөгөө талаас сайд нар “давхар дээл”-тэй байхыг хориглосон хуулийн ямар нэг заалт байхгүй. Тиймээс дэвшүүлсэн хүмүүсээ бүгдийг нь, эсвэл заримыг нь дэмжихгүй байх асуудал гарахгүй болов уу. Манай намынхан дотооддоо учир зүйгээ олсон. Цаашид хагаралдах зүйлгүй.

-Нэр дэвшигчдийг санал болгохдоо ямар шалгуур тавьсан бэ?

-Засгийн газрын гишүүдийг сонгохдоо нэлээн ярилцсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тохиролцлоо, нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байна гэж янз бүрээр бичиж байна. Бид ярилцсан. Мөн ард иргэдийн зүгээс ирж байгаа олон шүүмжлэлийг сонсож, ер нь Засгийн газрын гишүүнийг мэдлэг боловсролтой, туршлагатай, салбараа мэддэг салбараа бүрэн дүүрэн аваад явчих чадвартай хүмүүсээ сонгосон.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сайдаар томилогдож байгаа юм байна. Тэгэхээр УИХ-ын дэд даргынх нь албан тушаалыг яах вэ. Оронд нь томилох хүнээ сонгосон уу?

-Дараагийн асуудлыг яриагүй байна. Засгийн газрын гишүүдээ томилсны дараа энэ асуудлыг ярих ёстой.

-АН-ын зүгээс таван яаманд "давхар дээл"-тэй байхыг зөвшөөрнө гэж байсан. Гэвч бүх сайд давхар дээлтэй байх нь. Ингэснээр яг томилгооны үеэр АН дэмжихгүй, танай нам эв зүйгээ олоогүй байвал зарим сайд нар томилогдож чадахгүй байх вий гэсэн асуудал байна?

-Дан, давхар дээлийг хуулиар хориглосон зүйл байхгүй. МАН-ын бүлгийг сайд нараа томилж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Би өмнө нь ч хэлж байсан. МАН дотооддоо эв зүйгээ олж чадна гэж. Ямар нэгэн зөрчил байхгүй. Ажил тууштай үргэлжилнэ.

-Шинэ сайд нар давхар цалин авахгүй гэдгийг сайд нар дэмжиж байгаа юу?

-Анхнаасаа л тийм байсан. Сайд хийж байгаа гишүүн УИХ-ын гишүүнийхээ юм уу, сайдынхаа аль нэгийнх нь л цалинг авдаг байсан. Энэ зарчмаараа аль нэг цалингаа авна.

-Сайд нарыг маргааш томилж амжих уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, АТГ-аас бичиг нь ирж амжвал өнөөдөр томилоход ч бэлэн байна.

Улмаар шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг танилцууллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын сайд нарыг танилцуулбал:
 

Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар


Ерөнхий чиг үүргийн яамд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг


Чиглэлийн яамд:

Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд

Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг

Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (24.15.215.214)

    2017-10-13

    Mongol ulsiin tor nam nertei mafiin bulegleliin zasag bolood 26 jil bolj bna. Mongoliin ard tumen hezee ardchilsan tor zasagtai boloh yum be??? Mongolchuudaa .