Дэлхийн ур чадварын тэмцээн өнөөдөр дүнгээ гаргана

 

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо гурав дахь өдрөө үргэлжиллээ. Манай улс 2015 онд есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан бол энэ удаад мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, тогооч, сантехник гэсэн зургаан төрлөөр оролцож байгаа билээ. Гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов даралтат сав гагнах хамгийн хүнд даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү даралтат савыг 60 хүртэлх баарын хүчээр ус шахаж шалгадаг. Эксперт багш С.Батсайханы өгүүлснээр “Савны битүүмж сайн байх ёстой. Гагнуурын дөрвөн төрөл бүгд ордог хүнд даалгавар учир арав орчим цаг гагнадаг юм” гэлээ. Гагнуурын төрөлд 34 орон оролцож байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Япон, БНХАУ-ын оролцогчид бэлтгэл сайтай байгаа аж. “Энэ гурван орон медалийн төлөө өрсөлдөх байх гэж харж байна. Гэхдээ манай оролцогч бас сайн оролцож байгаа” эксперт багш хэллээ.

Цахилгааны төрөлд оролцогч Л.Төгөлдөр гурав дахь өдөр угсралтаа дуусгалаа. Тэрбээр эхний өдрийн угсралтын ажил гүйцэтгэжээ. Хоёр дахь өдөр гэмтэл хайх даалгавар гүйцэтгэсэн талаар түүний эксперт багш Б.Эрдэнэ “Цахилгааны төрөлд 36 орон оролцож байна. Эхний өдөр бид нар угсралтын ажлаа эхэлсэн. Хоёр дахь өдөр гэмтэл олгох даалгавар гүйцэтгэсэн. Энэ даалгаврыг манай оролцогч бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад сайн гүйцэтгэж арван оноо авахаас долоог авсан. Угсралтын ажил гурав дахь өдрөө дуусна. Дөрөв дэх буюу тэмцээний сүүлийн өдөр өмнөх өдрийн угсралтаа шалгаад, программчлалын даалгавар руугаа орох ёстой. Хоёр төрлийн программчлалын даалгавар ирсэн. Энэ хоёр программчлалыг өөрийн угсарсан хэсэг рүү шарж оруулж туршсанаар даалгавар бүхэлдээ дуусах ёстой” хэмээсэн юм.

Харин өрөг угсралтын оролцогч Ц.Мягмарсүрэнгийн эксперт багш Л.Эрдэнэчулуунтай уулзахад “Оролцогч маань даалгавраа хугацааны дагуу гүйцэтгэж байна. Хоёр дахь даалгаврыг гүйцэтгэсний дараа эхний даалгаврын хоёрдугаар хэсгийг өрөх байсан. Тэр өрлөгөө зургийн дагуу хийж байна. Гуравдугаар даалгавар нь Эмиратын сүлд шонхор шувуу байгаа. Үүнийг тэмцээний сүүлийн өдөр өрнө” хэмээлээ.

Сантехникийн оролцогч Ц.Долгормаад нарны үүсгүүрээр хүйтэн ус халаах систем суурилуулах даалгавар ирсэн. Энэ ажил гурав дахь өдрөө үргэлжиллээ. Түүний даалгаврын талаар эксперт багш С.Батаа ”Эхний өдөр нарны үүсгүүрийн дэлгэцийг савтай нь холбох ажил гүйцэтгэж эхэлсэн. Усаа шахаад даралтаа шахаж үзсэн. Хоёр дахь өдөр зуух болон тухайн нарны эх үүсвэртэй холбох ажил хийлээ. Гурав дахь өдөр хийн системийн угсралт хийж байна. Үүнийг дуусгаад хуванцар хоолойн гагнуурын ажил хийх ёстой” гэсэн юм.

Тогоочийн төрөлд оролцогч Б.Дагвасүрэнгийн хувьд гурав дахь өдөр загасаар хоол хийх хамгийн хүнд даалгавраа амжилттай давлаа. Өмнөх хоёр өдрийн даалгавраа амжилттай давсандаа эксперт багш Г.Мөнгөндолгио ч сэтгэл хангалуун байсан. Мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнх хоёр дахь өдөр Дубайн дарвуул хэлбэрт цамхагийн 2D ажлыг гүйцэтгэн цагтаа амжиж хүлээлгэн өгсөн. Харин гурав дахь өдрөө 3D индрийн хийцийг гүйцэтгэж эхэллээ. Энэхүү ажлыг нийт 11 цаг гүйцэтгэж, тэмцээний сүүлийн өдөр дуусгаж үнэлгээгээ авах учиртай. 2019 оны Дэлхийн ур чадварын тэмцээн ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдана. 2021 оны эрхийг БНХАУ-ын Шанхай хот авсныг саяхан албан ёсоор зарлаж баталгаажуулсан. Монгол улс 2019 болон 2021 онуудад хичнээн мэргэжлээр өрсөлдөх вэ гэдэг асуудал сонирхолтой байгаа.

Энэ талаар ХНХЯ-ны МБСХ-ийн дарга, Монгол Улсын багийн ахлагч А.Халиунаа: “Дэлхийн ур чадварын тэмцээн 51 мэргэжлээр явагддаг. Бидэнд олон мэргэжлийн боломж байгаа. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох мэргэжлийн тоог нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах болно” гэлээ.

АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулагдаж байгаа 44 дэх удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнд 77 орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорьж байна. Тэмцээний дүн өнөөдөр орой гарна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)