Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр (2017.10.18) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн болон тус газрын Ахлах эдийн засагч Деклан Магий нарыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хатагтай Ёланда Фернандез Ломмэнийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд 1990 оноос хойш Азийн хөгжлийн банкнаас үзүүлсэн зээл, тусламж Монгол Улсад бодит үр дүн авчирсан гэдгийг онцолсон юм.

Тэрбээр “Таныг шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ Азийн хөгжлийн банкнаас 2017-2020 он хүртэл нийт 1.2 тэрбум ам долларын дэмжлэг үзүүлэхээр болсон тухай мэдээллийг авсан. Эдийн засагтай холбоотой асуудал манай Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг учраас дээрх асуудлаар тодорхой мэдээлэл авах үүднээс таньтай уулзаж байна” гэв.

Хатагтай Ёланда Фернандез Ломмэн Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвад хүлээн авч уулзаж буйд нь талархлаа илэрхийлж, түүний асуусан асуултад хариулт өглөө.

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад нийтдээ 2 тэрбум орчим ам.долларын зээл, тусламжийг үзүүлсэн байдаг. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед ОУВС-гаас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд бид ирэх дөрвөн жилийн хугацаанд 1.2 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон нь маш чухал шийдвэр юм.

Дээрх санхүүжилтийг төсвийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 50 хувийг нь, бодит төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 хувийг нь зарцуулахаар төлөвлөж байгаа тухай, энэ нь эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих гэсэн тэргүүлэх 3 чиглэлээр хэрэгжүүлэх стратегийг батлаад байгаа тухай Ёланда Фернандез Ломмэн мэдээлсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газартай тохиролцсоны дагуу Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг боловсруулан баталсан гэж тэрбээр нэмж хэллээ.

Энэ үеэр хатагтай Ёланда Фернандез Ломмэн “Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги”-ийн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвад гардуулан өгсөн.

Дараа нь талууд дээрх асуудлаар үргэлжлүүлэн санал солилцож, ойрын хугацаанд дахин уулзаж нарийн мэдээлэл авахаар тохиролцсоноор уулзалт өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)