О.Энхтайван: Нэг салбараас хамааралтай эдийн засаг хэт эрсдэлтэй болдог

 

Дэлхийн санхүүгийн төв “Wall Street”-д ажилладаг О.Энхтайвантай цахимаар ярилцлаа. Тэрбээр долоодугаар ангид байхдаа АНУ-ыг зорьж, өдгөө Нью-Йорк хотын Wall Street банк, санхүүгийн дүүрэгт шинжээчээр ажиллаж байна.

 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдын амгаланг айлтгая. Намайг Оюунбазарын Энхтайван гэдэг. 1992 онд төрсөн. Долдугаар ангид байхдаа АНУ-д ирээд есдүгээр ангид орж арванхоёрдугаар ангиа төгсөөд “John F.Kennedy”-ийн сургуульд дөрвөн жил сурсан. Түүний дараа “Saint Peter's University” сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Одоогоор АНУ-ын New Jersey мужийн Jersey хотод амьдарч байна

 

-“Wall Street”-ийн банк, санхүүгийн салбарт шинжээчээр ажиллаж байгаа гэсэн. Яг ямар чиглэлээр ажиллаж байна вэ?

-Нью-Йорк хотын “Wall Street” банк, санхүүгийн дүүрэгт байрладаг, олон улсын хөрөнгө оруулалт болон хил дамнасан хөрөнгө оруулалтын ногдол ашигт ногдуулсан гадаад улсын татвараас хөрөнгө оруулагч нарт давхар татварын гэрээнд суурилсан татварын буцаалт олгох үйлчилгээ үзүүлдэг “GlobeTax Services” гэдэг компанид санхүүгийн шинжээчээр ажиллаж байна. Манай компани 40 гаруй улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан олон нийтийн компани болон тухайн улсын банк санхүүгийн байгууллага, татварын ерөнхий газартай хамтарч ажилладаг. Тодруулбал, 40 гаруй улсын олон нийтийн компаниудын хувьцаа эзэмшдэг 15 гаруй улсын иргэн, аж ахуйн нэгж, тэтгэврийн сан болон хөрөнгө оруулалтын сангуудад үйлчилгээ үзүүлж байна. Жишээлбэл, “Хайнекен” Голланд улсад бүртгэлтэй олон нийтийн хувьцаат компани мөртлөө Нью-Йоркийн бирж дээр хувьцаа гаргасан байдаг. Олон улсын иргэн, компани, хөрөнгө оруулалтын сангууд хувьцааг нь худалдаж авдаг юм. “Хайнекен” ногдол ашиг зарлахад Голландын бус иргэд аж ахуйн нэгжүүд давхар орлогын татвар төлөх болдог. Гэхдээ улс орнууд хоорондоо давхар татварын гэрээтэй байдаг учраас хувьцаа эзэмшигчид хүсэлт гаргаж, Голландын татварын албанаас татварт өгсөн мөнгөнөөсөө тодорхой хувийг буцаалт хэлбэрээр авч болдог. Манай компани хөрөнгө оруулагчдад энэ буцаалтыг авахад туслах үйлчилгээ үзүүлдэг юм.

 

-“Wall Street”-д ажилд ороход мэдээж амаргүй байсан байх. Шалгуур нэлээд өндөр байдаг биз?

-Нью-Йорк хот бол дэлхийн санхүүгийн төв. Мэдээж, энд санхүүгийн чиглэлээр ажилд орохын тулд тодорхой хэмжээний шалгуурыг давах хэрэгтэй. Олон үе шаттай ажлын ярилцлагад ордог. Би их сургуульд байхдаа Нью-Йорк хотод банк санхүүгийн чиглэлээр ажилд орох зорилт өөртөө тавьсан юм. II дамжаандаа CV-гээ бичиж, ажлын ярилцлагад хэрхэн орох талаар бэлтгэж эхэлсэн. Сургуулийн маань багш нар болон карьер төлөвлөлтийн оффисын ажилтнууд надад их тусалсан. 2012 онд зуныхаа амралтаар Монголдоо ирж Японы хөрөнгө оруулалттай "Frontier Securities" компанид дадлага хийж, хамгийн том хөрөнгө оруулалтын чуулга уулзалт "Invest Mongolia 2012"-ыг зохион байгуулах ажилд оролцсон. III дамжаандаа Нью-Йорк хотод бондын зах зээл дээр арилжаа хийдэг хөрөнгө оруулалтын менежментийн компанид дадлага хийж байлаа. АНУ-д хүмүүс оюутан байхдаа мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийж эхэлдэг. Тэгээд төгсөхдөө дадлага хийж байсан компанидаа жинхэлдэг жишгээр анхныхаа ажилд орсон.

 

-Таныг уйгагүй хөдөлмөрлөж чадсан учраас дэлхийн том өрсөлдөөнтэй, өндөр хөгжилтэй оронд эдийн засагч мэргэжлээр өөрийн байр сууриа олж, амжилттай яваа гэж бодож байна. Энэ хүртэлх зам амаргүй байсан байх?

-Анх АНУ-д бараг англи хэлгүй жаахан хүүхэд ирж байлаа. Дунд сургуульд байхдаа хэлний бэрхшээлээ давах, бусад сурагчдын төвшинд очих гэж их хичээсэн. Дунд сургуулиа амжилттай төгсч, их сургуульд тэтгэлгээр сураад дараа нь ажлын байранд очих хүртэл мэдээж хэрэг олон бэрхшээлтэй тулгарсан. Урьд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар өөрийнхөө хэмжээнд хэрэгжүүлсээр ирсэн. Хүн хичээл зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж, өөрт байгаа боломжуудаа ашиглаж, зорьсон зорилгодоо тууштай байвал үүд хаалга нээгддэг гэж боддог.

 

-Таны хийж буй ажлын онцлог юу вэ. Эерэг сайн тал болон бэрхшээлтэй зүйл нь юу вэ?

-Манай компани энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг дэлхий дээрх хамгийн том компани гэдэг утгаараа их онцлогтой. Бидний үйлчилгээнээс өндөр настан, тэтгэврийн сан, хүүхдүүдийн коллежийн фонд, албан байгууллагууд төсвийн санхүүжилт авч байдаг нь их эерэг санагддаг. Бэрхшээл гэхээсээ илүүтэйгээр манай компанийн бизнес асар их судалгаа, технологи дээр суурилдаг учир маш өндөр хариуцлагатай. Компани маань судалгааны болон программ хангамжийн том том хэлтэстэй. Олон мянган хувьцаа эзэмшигчдийн хил дамнасан хөрөнгө оруулалтыг хянах, давхар татварын үйлчилгээг үзүүлэхэд маш нямбай, сахилга бат шаарддаг. Брокерын пүүс, банк, татварын газар болон хөрөнгө оруулагчидтай ажилладаг учраас тун хариуцлагатай байх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөх, татварын газруудаас аудит ирэх болон дэлхийн 40 гаруй улсад зургаан сая орчим хувьцаа эзэмшигчийн татварын буцаалтыг хянах гэдэг амаргүй даваа.

 

-Олон улсын томоохон банкинд ажиллах явцдаа байгууллагын соёлоос эхлээд өөр олон зүйлд суралцаж, туршлага хуримтлуулж байгаа байх?

-Багаар хэрхэн үр бүтээлтэй ажиллах талаар их зүйл сурч байна. Биеэ зөв авч явах, хамт олонтойгоо болон бизнесийн харилцагчидтайгаа хэрхэн мэргэжлийн төвшинд харьцах, өөрийгөө яаж зөв ойлгуулах зэрэгт суралцаж байна. Соёл гэвэл манай компанийн бүх ажилтан "open door" буюу нээлттэй хаалга гэсэн зарчим баримталдаг. Асууж мэдэх зүйл байвал менежер, хэлтсийн дарга, захирлуудын өрөө нээлттэй гэсэн үг. Дарга цэрэг гээд зааглаад байхгүй бүх хувь хүн өөрийнхөө "ego" буюу хувиа хичээсэн бардам занг хойшоо тавиад багаар ажиллавал бүтээмж арвин байдаг юм билээ.

 

-Та юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Дунд сургуульд байхдаа дөрвөн жил америк хөлбөмбөг, гурван жил "lacrosse" гэдэг америкийн индианчуудаас үүсэлтэй спортоор хичээллэсэн. Тэр үеэс спортод их сонирхолтой болсон. Зав гарвал фитнесст явж, сагс, хөлбөмбөг тоглож стрессээ тайлж эрч хүч авдаг. Мөн амжилттай яваа хүмүүсийн намтар уншиж урам зориг нэмдэг.

 

-Та Монголдоо ирж ажиллана биз дээ?

-Залуус гадаадад сургууль төгсөөд шууд эх орондоо ямар ч ажлын туршлагагүй очихыг би дэмждэггүй. Тиймээс ойрын төлөвлөгөө гэвэл Нью-Йоркод ажлын туршлагатай болох зорилготой байна. Монголдоо болж буй үйл явдлыг байнга ажигладаг, мэдээж хэрэг эх орондоо очиж өөрийнхөө хувь нэмрийг оруулах хүсэлтэй явдаг.

 

-Та дэлхийн эдийн засгийн чиг хандлага, өнөөгийн байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

-2008-2009 оны үеийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг ерөнхийдөө сэргэсэн. Тухайн үед АНУ-д ажилгүйдэл 10 хувиас давж байсан бол өдгөө дөрвөн хувь хүртэл буурсан. Хөрөнгийн биржийн индекс олон сараар тасралтгүй өсч байна. Хятад улсын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой байгаа боловч эдийн засгийн бүтэц нь үйлдвэрлэлээс илүү үйлчилгээний салбар руу өргөжиж байгаа нь сонирхол татаж байна. Сүүлийн 20 гаруй жил Хятадад маш их хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоо Хятадын компаниуд хуримтлалтай болчихсон учраас бусад улсад хөрөнгө оруулалт ихээр хийж, өөр улсын бирж дээр хувьцаа гаргаж байна. Технологийн салбар асар хурдтай хөгжиж байгаа нь дэлхийн эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулах төлөвтэй байна. Мөн улс төр, геополитикийн нөхцөл байдал их ээдрээтэй болчихлоо. Их Британи Европын холбооноос гарчихлаа. Украйнд дайн болж байна. Мөн Хойд Солонгосын асуудал олон улсын анхаарлыг татаж байгаа. Эдгээр хүчин зүйлс улс орнуудын хоорондох харилцаа болон гадаад худалдаанд нөлөөлж байна.

 

-Эдийн засагч хүний хувьд Монголын эдийн засгийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Манай улсын эдийн засгийн одоогийн байдлыг олон улсад хэрхэн харж байгаа бол?

-Манай орны эдийн засаг энэ жил өсөлттэй байна гэсэн судалгаа гарсан нь сайшаалтай. Уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал гээд гол салбаруудаа сайн дэмжиж ажиллах хэрэгтэй. Эхний ээлжид уул уурхайн салбараас хуримтлал үүсгэж байгаад дараа нь олон тулгуурт эдийн засгийн бүтцээ дэмжинэ гэсэн бодлогоо цаашдаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж боддог. Нэг салбараас хэт хамааралтай байвал эрсдэлтэй гэдгийг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унахад бид харсан шүү дээ. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид бизнес хийх таатай орчинг бүрдүүлж, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгаж, өрсөлдөж чадахуйц салбартаа хөрөнгө оруулалт татвал эдийн засагт өгөөжтэй. Ингэж байж ажлын байр болон татварын орлого нэмэгдэнэ. Хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газрын үйл ажиллагаа болон Олон улсын валютын сантай ярилцаж тохирсон хөтөлбөрийг анхааралтай ажиглаж байгаа нь ойлгомжтой.

 

-Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа. Монголын эдийн засгийн хямралын шалтгааны талаар эдийн засагчид олон янзын онош тавьдаг. Харин та юу гэж хэлэх вэ?

-Манай нэг номерийн импортлогч улсын өсөлт удааширч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унаснаар эдийн засагт нөлөөлсөн гэж харж байна. Гадаад эрсдэлүүдийг даван туулахын тулд бид дотооддоо их хариуцлагатай, сахилга баттай байх ёстой. Төсөв болон мөнгөний бодлого дээрээ анхаарч, нарийн тооцоотой ажиллах учиртай.

 

-Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар алхам хийвэл зүгээр вэ?

-Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид Олон улсын валютын сантай хийж буй хэлэлцээрийг анхааралтай ажиглаж байна. Эдийн засгаа тогтворжуулахын тулд улс орнууд ОУВС-гийн богино хугацааны "stand-by" хөтөлбөрт хамрагддаг. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хэлэлцээрийн ширээний ард сууж гэрээ амжилттай болсон. Энэ хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч дараа дараагийн алхмууд илүү тодорхой болох байх гэж бодож байна.

 

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Баяр (172.58.224.16)

    2017-12-25

    Мундаг залуу байна, амжилт хүсье

  • Баяр (172.58.224.16)

    2017-12-25

    Мундаг залуу байна, амжилт хүсье