В.Путин Пхеньяны эсрэг хоригийг үзэглэв

 

Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолыг дагаж мөрдөхөө илэрхийллээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, энэ зарлигт “Умард Солонгосоос зэс, никель, мөнгө болон цайр худалдан авах, Пхеньянд нисэх болон хөлөг онгоц худалдаалахыг хориглоно” гэж тусгажээ. Мөн Умард Солонгост цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн хэрэгжилтэд саад болох зорилгоор техник технологи нийлүүлэхийг хориглосон байна. АНУ-тай харилцаа хурцдаж, хамгийн гол холбоотон нь болох БНХАУ зайгаа барих болсонтой холбоотойгоор Умард Солонгос Москватай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Гэтэл ОХУ Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөн Умард Солонгосоос мөн холдохыг оролдож байна гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн В.Путин БНАСАУ-тай холбоотой банк санхүүгийн гүйлгээ, экспортын бараа бүтээгдэхүүнд хориг тавилаа. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр, В.Путин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Пхеньяны цөмийн зэвсэг, пуужингийн төлөвлөгөөнд оролцсон тус улсын 11 хүн, 10 хуулийн этгээдэд хориг тавьжээ. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Умард Солонгосын хөрөнгө мөнгийг санхүүгийн солилцоонд оролцуулахгүй, Оросын талаас дээрх хувь хүн, хуулийн этгээдэд хөрөнгө мөнгө нийлүүлэхийг хориглоно хэмээн заасан байна. НҮБ- ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-тай холбоотой тогтоолыг өнгөрсөн сард баталж, Пхеньян цөмийн зэвсэг, пуужингийн төлөвлөгөөгөө орхихыг шаардсан билээ. АНУ- ын Ерөнхийлөгч Д.Трамп “ОХУ Умард Солонгосын эсрэг хоригт нэгдэхгүй байгаа нь Пхеньяны цөмийн бодлогыг далдуур дэмжиж буй хэрэг” хэмээн мэдэгдэж байсан. Энэ талаар В.Путин “Биднийг Умард Солонгостой нэг жагсаалтад тавьчихаад дараа нь Умардын эсрэг хориг тавихад туслаач гэж гуйж байна. Гэсэн ч бид Вашингтоны байр суурийг басамжлаагүй. Манай байр суурь зарчмын шинж чанартайг онцолъё. Орос улс дэлхийн зах зээлд 400 сая тонн газрын тос, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Харин Умард Солонгост 40 мянган тонн газрын тос нийлүүлдэг. Энэ бидний хувьд ашиг харсан худалдаа биш. Умард Солонгосын 30 мянган иргэн манайд ажилладаг” хэмээн мэдэгдэл хийж байсан юм. Харин энэ удаад Оросын эрх баригчид “Пхеньяны цөмийн болон пуужингийн туршилт бүс нутгийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа учраас эдийн засгийн хориг тавихад хүрлээ. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг зогсоосноор Умардын төлөөлөгчдийг энхийн хэлэлцээрт дуудах боломжтой. Энэ асуудалд холбоотой бүх тал байдлыг эрүүлээр дүгнэж, дипломат аргаар шийднэ гэдэгт найдаж байна” гэжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • gvaf (182.160.6.104)

    2017-10-20

    Танай сайт яагаад дандаа ийм уйтгартай албаны мэдээ оруулдаг юм

  • Зочин (59.153.112.161)

    2017-10-20

    Орос тэр бүсийн эрсдэлтэй хэсгээс иргэдээ нүүлгэсэн нь орон нутгийн хятадуудад их том боломж олгосон энэ бол алсдаа алдаа байсныг ойлгосон байх