Даатгал төлөгч жилд хоёр сая төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй

Иргэн гурван багцаас аль нэгийг сонгож үзлэг оношлогоонд хамрагдах боломжтой

-ДААТГАЛ ТӨЛӨГЧ ЖИЛД ХОЁР САЯ ТӨГРӨГИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХТЭЙ-

Монгол Улсын ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн жилдээ 57.6 мянган төгрөгийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгал (ЭМД)-д төлдөг. Үүний дүнд тухайн ондоо хоёр сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхээр хангагддагаа хүн бүр тэр болгон мэддэггүй. Уг нь ЭМД-д багагүй мөнгийг төсөвлөдөг. Энэ жил гэхэд 300 тэрбум гаруй төгрөгийг улсын төсвөөс олгохоор болсны 192 тэрбумыг оны эхний есөн сард зарцуулчихаад байна гэж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас мэдээлж байгаа юм.

Тус газрын мэргэжилтэн С.Сарантуяа “ЭМД-аа төлсөн иргэн хэвтэн эмчлүүлэх, амбулаториор үзүүлж оношлуулах, эмийн үнийн хөнгөлөлт эдлэх, өдрийн эмчилгээ, өндөр төлбөрт эмчилгээ үйлчилгээ, рашаан сувилалд явах зэрэг 16 үйлчилгээг авах эрхтэй байдаг” гэж тайлбарлалаа. Мөн хоёр сая төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад дууссан бол ЭМД төлөгч тухайн иргэн нэг удаа өрхийн гишүүний эдэлж амжаагүй үйлчилгээг шилжүүлэн ашиглах бололцоотой байдаг аж. Монгол Улсын нийт хүн амын 200 мянга нь өндөр настан, 40 гаруй хувь нь 45-аас дээш насны иргэн байна. Бас дээрх насны хөдөлмөрийн чадвартай иргэдийн дунд янз бүрийн өвчлөл их болсон гэх статистик судалгаа ч гарчээ. Тиймээс ЭМД төлдөг, ажил хөдөлмөр эрхэлж буй 40-65 насны иргэдийг 50 мянган төгрөгийн гурван багцаас сонгож үзлэг, шинжилгээ оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдах боломжийг ЭМЯ, ЭМНДЕГ хамтран зохион байгуулж эхэлсэн байна.

Үүнийг нийслэлд хувийн хэвшлийн 32 эмнэлэг, оношлогооны төв, орон нутагт аймаг, сумын нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогооны төвөөр дамжуулан хийж гүйцэтгэх юм. Энэ үйлчилгээнд хамрагдах эрхийн бичгийг 40-65 насныханд харьяа өрхийн эмнэлэг, сум, дүүргийн ЭМД-ын хэлтсээр уламжлан хүргүүлж байгаа гэж мэдээллээ. Дээрх эрхийн бичгийг гардсан иргэн өөрийн оршин суугаа харьяаллаас үл хамааран сонгосон хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлж болох юм. Иргэний өөрөө сонгох үзлэг, оношлогооны эхний багцад дотор эрхтэн, түүний эмгэг багтаж байгаа бол дараагийнхад үе мөч болон дотор эрхтэн, гуравдугаар багцад хавдрын чиглэлийн өвчнүүд хамаарах болно. Энэ гурван багцын үзлэг шинжилгээ, оношлогоонд хамрагдсанаар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах, улмаар эмчилгээ сувилгаанд орсноор өвчнийг бага дээр нь дарж илаарших, эрүүлжих боломжийг олгож буйгаараа давуу талтай ажил болж байна.

Сүүлийн таван жилд 40-65 насны иргэдийн дунд хийсэн эрүүл мэндийн судалгааг үндэслэн үзлэг шинжилгээ, оношлогооны багцыг гаргасан бөгөөд манай улсад зүрх судас, элэг, дотор эрхтний хавдар болон эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин, эмгэг зонхилж байгаа аж. Тиймээс багц болгонд тэдгээрийн 5-6 шинжилгээ, оношлогоог багтаасан байна. Нөгөө талаар улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал их байгааг харгалзан төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж буй энэ ажлыг жил бүр уламжлал болгохоор төлөвлөж байгаа юм.

Манай улсад өнөөдөр төрийн өмчийн 1190, хувийн хэвшлийн 100 эмнэлэг, 46 рашаан сувиллын газар болон 860 гаруй эмийн сан ЭМД-аар үйлчилж байгаа гэх тоо байдаг. Эрүүл бөгөөд залуу нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлбөрийг хариуцаж, ЭМД-ын санг шимтгэлээр бүрдүүлж, эв санааны нэгдлийн зарчмаар явдаг манай орны даатгалын тогтолцооны гол цөм болсон 40-65 насныханд зориулсан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношлогооны ажлыг санаачлан хэрэгжүүлж байгааг иргэд талархан хүлээж авч байна.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)