“SingleLadies” үргэлжилнэ

Ганц бие бүсгүйчүүдэд тохиолддог хөгтэй, хөгжилтэй бас адармаатай зүйлсийн талаар өгүүлдэг “Single Ladies” киноны ээлжит анги үзэгчдийн хүртээл боллоо. Киноны анхны анги гарсан цагаас үзэгчдийн дунд хүлээлт үүсч дараагийн ангид ямар үйл явдал өрнөх тухай таамгийг хүмүүс дэвшүүлсэн. Амьдралын хувьд гурван өөр “өнгө” гэж хэлж болох бүсгүйчүүдийн энэ удаагийн аяллын ихэнх үйл явдал Өвөрхангай аймгийн Найман нуур хэмээх байгалийн үзэсгэлэнт газар өрнөжээ. Дэлгэцийн бүтээл дотоод төдийгүй гадаадад улс үндэстнийхээ соёл, зан заншлыг сурталчилдгийн хувьд ийм газар киноныхоо зургийг авсан нь уг бүтээлийн нэг онцлог юм. Кино багийнхан бүтээлдээ монгол зан заншил, нүүдэлчин монголчуудын онцлогоос харуулахын зэрэгцээ хөдөөгийн ард түмний хөгжил дэвшлийн талаар тусгахыг зорьжээ. Өмнөх ангиудын үйл явдал түм түжигнэсэн нийслэлд өрнөдөг байсан болоод ч тэр үү энэ удаагийн бүтээлийн ерөнхий массын хамрах хүрээ бага юм шиг санагдсан. Зургийн ихэнх хэсэгт олны танил цөөн хэдэн уран бүтээлчийн зургийг давамгай харуулсан нь ингэж дүгнэхэд хүргэсэн байж магадгүй юм. Сүүлийн үеийн зарим бүтээл инээдмийн хэмээн жанраа тодотгосон ч нүдээ олоогүй байдаг. Харин “Single Ladies- 3” киног романтик инээдмийн гэсэн нь “бай”-гаа оножээ.

Үүнд, гол дүрүүдийн нэг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаагийн жүжиглэх ур чадвар, орчин нөхцөлөө мэдэрч дүрээ бүтээж буй нь өнгө нэмсэн байв. Мөн жүжигчин Г.Алтаншагай, дуучин П.Баярцэнгэлийн дүр киноны шигтгээ болжээ. Киноны гол дүрүүдийн нэг Сарангуа өмнөх ангийн төгсгөлд ганц бие ээж байхаа больсон. Харин шинэ ангид цагаан цайлган, өхөөрдөм Гэрэлээ хосоо олно. Харин ямар залуу түүний харааг булаасныг киноноосоо үзээрэй. Хэдийгээр киноны нэр “Single Ladies” боловч одоо Ари л хосоо ололгүй үлджээ. Амьдрал баян болохоор түүнийг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр ганц бүсгүйн амьдрал “Single Ladies- 4”-өөр үргэлжилж Ари хүсэн хүлээсэн хүнээ олж л магадгүй. Үүнийг ч жүжигчин Г.Ундармаа үгүйсгэсэнгүй. Тэгэхээр ирэх жил бид эдгээр уран бүтээлчтэйгээ шинэ бүтээлтэй эргэн уулзах нь. Гэхдээ Аригаас бусад нь амьдралын ханиа олсон учир кино нэрээ өөрчилж магадгүй юм. Тиймээс уран бүтээлчдэдээ амжилт хүсээд дараагийн бүтээлтэй нь удахгүй уулзахын ерөөл өргөе.

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)