С.Болд: Нүүрсний алдагдлыг зэсийн орлогоос нөхөж болох юм

 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас “Хөгжлийн ший­дэл” ТББ-тай хамтран “Түншлэлийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форумыг зохион байгуулсан юм. Энэ форумын үеэр Хас банкны ерөнхий эдийн засагч С.Болдтой Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн төлөвийн талаар ярилцлаа. 

 

-Манай улсын эдийн засгийн хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл байдал ер нь ямархуу байна вэ. Эдийн засагч, судлаачийн хувьд өөрийн үзэл бодлоо хуваалцана уу?

-Монгол Улсын маань эдийн засаг нэг салбар, тухайлбал уул уурхайгаас хамааралтай явж ирлээ. Нөгөө талаар маш бага хуримтлалтай эдийн засаг оршиж байна. Гадаад валютын улсын нөөц, 90 мянга гаруй хүний моргейж, банкны системд байгаа 7-8 их наяд төгрөгийн хадгаламж гээд л болчихно. Мөн дундаж давхарга маань маш нимгэн, богино хугацаат мөчлөгийн үед доогуур орлоготой, ядуу хэсэг рүү орчих гээд байдаг эрсдэлтэй. Үүнээс гадна байнгын шинж чанартай, өндөр инфляцтай байсаар байна. Өнгөрсөн 25 жилд ерөнхийдөө иймэрхүү л дүр зурагтай байлаа. Жижиг, дунд үйлдвэрлэл төдийгүй хувийн секторын үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн орчинд гурван том мөчлөг нөлөөлж байна. Нэгдүгээрт, уул уурхайн 3-5 жилийн мөчлөгтэй цикль байдаг. Хоёрдугаарт, улс төрийн цикль гэж айхавтар нөлөөлөл байна. Уг нь дөрвөн жилийн мөчлөгтэй баймаар боловч Засгийн газар ойр ойрхон солигдож байгаагаас 1-2 жил болж ойртсон. Гуравт нь, улирлын чанартай буюу цаг агаар, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мөчлөг байдаг. Иймэрхүү дотоодын олон хүчин зүйлийн нөлөө байдаг ч ЖДҮ-ийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлье, ажиллагсдын тоог өсгөе, хөдөлмөрийн зах зээл дээрх байр суурийг нь тэлж, тогтвортой хадгалъя гэж санаа тавьж, хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгж, компанийн удирдлага бол асар их үнэ цэнэтэй хүмүүс гэж ойлгодог.

 

-Тухайн салбарт валютын урсгал сайн байвал хөгжилд нь тус дэм болох байх л даа. ЖДҮ-ийн салбарт энэ урсгал ямар байдаг юм бол?

-Валютын орох, гарах урсгал нь бидний мөнгө олж байгаа байдал, эдийн засаг дахь эргэлт ямар байхыг тодорхойлох хөтөч, гол үзүүлэлт юм. Энэ урсгал их байх тусмаа эдийн засгийн шокийг зөөллөж тогтворжуулах, улмаар тэлэх арга хэрэгсэл, боломж нэмэгдэнэ гэсэн үг. Өнгөрсөн 10 жилийн цикль, ойрын хоёр жилийн төлөвийн тухай цөөн зүйл хэлье. 2006-2008 онд уул уурхайн тэлэлтийн үед экспорт жилд 34 хувийн өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулалт 400-450 сая ам.долларт хүрч, 10 тонн алт олборлож Монголбанкинд тушаадаг байж. Харин энэ үед гадаадаас зээл бага авдаг байсан. 2009 оны эдийн засгийн хямралаас шалтгаалж экспорт 24 хувиар агшиж, алтны олборлолт, тушаалт хоёр дахин багассан байдаг. Хямралын дараа уул уурхайн “халуурал”-ын хоёр дахь шат эхэлж, хэт тэлэлт бий болжээ. Энэ үед Оюутолгойн хөрөнгө оруулалт, нүүрсний олборлолт нэмэгдсэнээр экспорт 30-40 хувиар огцом өссөн байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн 3.2 тэрбум ам.долларын зээл орж ирсний дотор Хөгжлийн банкны 580 сая, Засгийн газрын 1.5 тэрбумын үнэт цаас, “Энержи ресурс”- ийн 600 сая ам.долларын IPO хийсэн хөрөнгө гээд олон эх үүсвэр багтаж байгаа юм. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг ажлын байр бий болгох, хуримтлал үүсгэхэд зарцуулж чадаагүй нь алдаа болсон. 2012-2016 онд уул уурхайн нэг мөчлөг дуусч, эдийн засаг маш хүн байдалд орсон үе байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт огцом багасч, бонд болон Засгийн газрын үнэт цаас гаргаж эх үүсвэртэй болохоос өөр аргагүй болсон. 2017 оны эхэн үеэс эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Үүний нөлөөгөөр ойрын гурван жилд экспорт 16 хувиар өсөх, гадаадын хөрөнгө оруулалт жилдээ 1-1.5 тэрбум ам.доллар болох, алт тушаалт тогтвортой байх хүлээлт бий. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор улсын секторт гадаадын хөрөнгө оруулалт татах нөхцөл хязгаарлагдмал, өмнөх бонд, зээлийн эргэн төлөлтийг хийхэд анхаарахаас аргагүй байдалтай байна. Харин хувийн секторынхон гаднын хөрөнгийн эх үүсвэрийг татах боломжтой.

 

-Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш 15 сарын хугацаанд эдийн засагт ямар эерэг өөрчлөлт гарч байна вэ. 5.3 хувийн өсөлттэй гэсэн ерөнхий л нэг тоо яриад байна шүү дээ?

-Өнгөрсөн оны эхний хагас жилд Монгол Улсын гадаад худалдааны эргэлт бага, нөхцөл нь таатай бус, экспортын зэсийн ханш 4800 орчим, нүүрс тонн нь 30 гаруй ам.доллар байлаа. Төсвийн алдагдал их, түүнийг нөхөх эх үүсвэргүйн улмаас багагүй хэмжээний өртэй байсан. Банкны системийн зээл нэг хүрэхгүй хувиар л өсч байжээ. Харин бүтцийн шинж чанарын хувьд харьцангуй боломжийн үзүүлэлттэй байсан гэж хэлж болно. Төлбөрийн тэнцэл алдагдалгүй, нам инфляцийн төвшинтэй, валютын нөөц 1.3 тэрбум ам.доллартай, банкны чанаргүй зээл 8-9 хувьд тогтвортой хадгалагдсан гэх мэт. 2016 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн сөрөг хүлээлтүүд үүссэн. Энэ шокийн нөлөөгөөр хэд хэдэн суурь өөрчлөлт гарсан байдаг.

 

-Энэ нь бодвол ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой байх. Таны дээр дурдсан цаг хугацааны хувьд энэ тухай ид ярьж байсан үе шүү дээ?

-Хөтөлбөрийн дараа гадаад эрэлт өсч, улсын төсөвт ч эерэг өөрчлөлт гарч, тээвэр, худалдаа үйлчилгээ, бүтээгдэхүүний татвар зэрэг эдийн засгийн гол сигмент дээр нааштай үр дүн мэдрэгдэж эхэлсэн. Одоо аравдугаар сарын 15-ны байдлаар эдийн засаг харьцангуй тогтвортой, эерэг дүр зураг ажиглагдаж байна. Гэхдээ үүний цаад суурь шалтгаан нь Хятадын зах зээлд гаргасан нүүрсний экспорт гэж хэлэхэд болно. Учир нь, экспортын 40 хувийн өсөлтийн 90 гаруй хувийг нүүрс дангаараа бүрдүүлж байгаа юм. Энэ хэр тогтвортой байх үзүүлэлт вэ гэдгийг Хятадын эдийн засгийн ойрын ирээдүйн төсөөлөлтэй уялдуулж харах ёстой. Үүнээс үзвэл, Хятадын эдийн засгийн өсөлт 7.0 хувь руу дөхөж, аж үйлдвэрийн хөгжил хурдсах төлөвтэй байгааг олон улсын байгууллага, шинжээчид хэлж, бичиж байна. Энэ нь манайд давуу тал олгох өндөр магадлалтай. Манай хямд үнэ, өндөр чанартай коксжих нүүрс өмнөд хөршийн аж үйлдвэржилтэд зайлшгүй хэрэгтэй. Коксжих нүүрсний үнэ 30-аас 67-68 ам.доллар руу орж байгаа ч олон улсын тэнцвэртэй үнийн төвшинд хараахан хүрч чадаагүй байгаа юм. Хятадууд 70-90 ам.доллар гэж төсөөлж байна. Эрчим хүчний нүүрсний хувьд харин тийм ч таатай биш байгаа. Сүүлийн дөрвөн жилд үнэ унасаар байсан.

 

-Зэсийн экспорт нүүрснийхээс доогуур байгаа ч олон улсын зах зээлд үнэ ханш нь гайгүй өсч байна уу даа?

-Тийм. Бидний хүлээж байснаас харьцангуй өндөр өсөлттэй байна. Зэсийн ханш бараг 40 хувиар өсч, 7000 руу ойртоод байгаа. “Голдман сакс” зэрэг үнэлгээний байгууллага ирэх жилүүдэд зэсийн ханш 6000-6200 ам.доллар байна гэж төсөөлж байгаа ч яг одоохондоо бидэнд асар их боломж олгож байна. Нүүрсний хувьд хятадуудын шахалт хавчилтаас болоод манайх өдөрт 4-5 сая ам.долларын борлуулалтаа алдаж байна. Цаашдаа өдөрт хил гаалиар 500-гаас дээш машин оруулж, гаргахгүй гэвэл бид 800 сая гаруй ам.доллараа алдах гээд байгаа юм. Үүнийг зэсийн экспортын орлогоос нөхөхийн тулд үнэ ханшийг 6200-д түгжээд Оюутолгойн олборлолтыг нэмэх шаардлага байна. “Эрдэнэт”-ийн хувьд олборлолт нь тогтвортой байдаг. Ингэж гэмээнэ 600 сая ам.долларын борлуулалтын орлого нэмж олох боломж байна. Тэгвэл ирэх оны 5-6 хувийн өсөлтийн төсөөлөлд тун ойртож очих юм.

 

-Энэ бүхний үр дүнд гарах эдийн засгийн эерэг өөрчлөлтүүдээс дурдвал юу хэлж болмоор байна вэ?

-ОУВС-гийн программчилсан төсөөллөөс үзвэл эдийн засгийн өсөлт нам орчноос дундаж руу орно. Инфляц найман хувиас нэг их өсөхгүй, 2017, 2018 оноос төлбөрийн тэнцлийн илүүдэлтэй буюу эдийн засаг дахь нийт мөнгө гадаад активаар илүү өсдөг нөхцөл бүрдэх нь. Үүнээс үүдэн банкуудад зээлийн багцаа өсгөх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгоно гэж дүгнэж болохоор байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын эдийн засаг 3.0-3.5 хувийн өсөлттэй гарч, ирэх онд 4-6, 2019 онд бүрэн сэргэлт эхэлж 6-8 хувийн өсөлттэй байх болов уу гэж төсөөлж байна. Энэ нь зөвхөн арилжааны банкны бус Төвбанк, олон улсын судалгаа, үнэлгээний байгууллагын төсөөлөл ч иймэрхүү хандлагатай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн бүтцийн шинэчлэл рүүгээ анхаарах, банкууд хувийн секторт зээлээ түлхүү олгох боломж нээгдэнэ гэж ойлгож байна.

 

-ОУВС-гийн хөтөлбөр манай эдийн засагт үр өгөөжөө хэр өгнө гэж бодож байна вэ. Саяхан тус сангийн Суурин төлөөлөгчийн газраас энэ хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан юм чинь амжилттай хэрэгжүүлж байж л гарах ёстой. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд батлагдсан донор улс орон, олон улсын байгууллагын хөрөнгийг цаг хугацаанд нь авах л хэрэгтэй. Тэгэхгүй бол санхүүжилт нь дутуу орж ирэх, хугацааг нь хойшлуулах зэрэг сөрөг үр дагавар үүсч болзошгүй юм. Түүнээс гадна ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа зөрчихгүйгээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах уу гэсэн том, чухал асуулт гарч ирнэ. Үүний тулд Засгийн газарт төсвөөс гадна нэмүү орлого, илүү эх үүсвэр олох чадамж байх учиртай юм. Түүний нэг хэсэг нь хөдөлмөрийн зах зээлийг шингээж, дундаж давхаргыг бий болгодог ЖДҮ-д бодитой, бодлогын дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй чухал. Энэ нь санхүү, хөрөнгө мөнгөгүйгээр явахгүй нь тодорхой.

 

-Манай улсын банкны салбарт өөрийн орон зайгаа эзэлсэн Хас банк саяхан олон улсын батламж гардсан. Энэ нь ямар ач холбогдол, үр өгөөжтэй баримт бичиг юм бэ?

-Бид JTR буюу Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэлийг гардаж авсан. Дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж 100 сая ам.долларын санхүүжилтийг дээрх итгэмжлэлийг авсан байгууллагад дэмжлэг болгож өгдөг юм. Тиймээс бид тус сангийн гишүүн байгууллагын хувьд харьцангуй хямд эх үүсвэрийг татаж, эко органик бизнесийг санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлээд байна. Мөн манай банкны зүгээс бага хүүтэй бизнесийн зээлийг санал болгож, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих байнгын бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа юм. Бас Жайка олон улсын байгууллага, Тайванийн худалдааны санхүүжилтийн байгууллага зэрэг хөрөнгийн эх үүсвэрийн бага хүү, урт хугацаанд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнээ тогтвортой үргэлжлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор зээлийн хүүг гурван пункт буюу 300 нэгжээр бууруулаад байгаа юм. Цаашдаа ч энэ нөхцөлд илүү анхаарна.

 

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)