“Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-д эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй шалны халаалт, цахилгаан халаагуурыг танилцуулж байна

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор уг төв нь “Барилга Мегастор” төвд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан “Барилга Мегастор”-т нээсэн, “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаатай танилцлаа. Нөгөөтэйгүүр, 11-р сарын 1-нээс Засгийн газраас гаргасан шөнийн тарифыг тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлж байгаа юм.  

“Барилга Мегастор”-н хоёрдугаар давхарт байрлах мэдээллийн төв нь өнгөрсөн сарын 23-наас иргэдэд мэдээлэл өгч, үйлчилж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүний давуу тал, онцлогийг танилцуулсан үзэсгэлэнг гаргасан байлаа. Уг төвд очсон иргэд 20 гаруй компанийн 50 гаруй нэр төрлийн технологитой танилцах, хооронд нь харьцуулах байдлаар өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож авах боломжтой аж.

Тэгвэл “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-д БЗД-ийн 23-р хорооны иргэн Д.Болдын гэр бүл халаалтын технологи сонирхож байсан юм. Тэрбээр амины орон сууцанд амьдардаг бөгөөд цахилгаанд хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулсан технологиудыг харьцуулан, мэдээлэл авч яваагаа дуулгалаа. Д.Болд “Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь сайн хэрэг болсон. Мэдээллийн төвөөрөө дамжуулан өөр олон технолгиудыг танилцуулж, иргэдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар техник, технологи ашиглах талаархи мэдээллийг түлхүү өгөх хэрэгтэй байна. Мөн мэдээллийн энэ төвийг өөр олон газарт байгуулж ажиллах шаардлагатай гэж бодож байна. Мөн энд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа компаниуд үнийн уян хатан нөхцлийг санал болгож оролцох ёстой болов уу” гэсэн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)