Сурагчдад “Хуримтлалын эхлэл” бий болгожээ

 

Монголбанкнаас “Санхүүгийн боловсрол” гурван сарын хугацаат аяныг улс орон даяар эхлүүлээд байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Монголбанк, ХБНГУ-ын “Хадгаламжийн Банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан”, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран Дэлхийн хуримтлалын өдрийг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болгохыг зорьж буй.

Энэ хүрээнд Монголбанкны Говь-Алтай аймаг дахь салбараас “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан хуримтлалын ач холбогдол болон Монгол улсын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурагчид, хүүхэд залуучуудад таниулах, тэднийг хуримтлал, хадгаламжтай болох дадал хэвшилд уриалах зорилгоор мэдээлэл хийсэн байна.

Тус хамт олон Монгол Улсын Гавьяат багш Б.Гомбын нэрэмжит Есөнбулаг сумын Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургуулийн Нандинчимэг багштай  6В ангийн сурагчдад  “Хуримтлалын эхлэл” бий болгох ажлыг зохион байгуулжээ. Тус салбарын ажилчид  6В  ангийн сурагч бүрт хуримтлалаа эхлүүлэхэд нь зориулан сурагч бүрийн нэр дээр 1000 төгрөг бүхий “хуримтлалын авдар” бэлэглэсэн бөгөөд цаашид тогтмол хуримтлуулахын ач холбогдлыг тайлбарлан, сурагчид өөрсдөө энэхүү хуримтлалаа үргэлжлүүлэн дараа жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр”-өөр түүнийг нь хүүхэд бүрийн нэр дээрх хадгаламж болгохоор тохирсон байна.

Түүнчлэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тус сургуулийн 12 дугаар ангийн Б, Е бүлгийн 51 сурагид, 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн А, Б, В бүлгийн 73 сурагчдад   “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх  хөтөлбөр”-ийн зорилго, “Санхүүгийн боловсрол” аяны танилцуулга, хуримтлалын ач тус, хэрхэн хуримтлалтай болох вэ зэрэг сэдвээр сонирхолтой баримт, жишээнд тулгуурлан мэдээлэл сургалтыг хийсэн байна.

Гурван сарын турш үргэлжлэх Санхүүгийн боловсрол аяны үеэр иргэдэд эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ, санхүүтэй холбоотой аливаа эрсдлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл олж авах, мэдээлэлдээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хувь хүний болон өрхийн санхүүтэй холбоотой зөв дадлыг амьдралдаа хэвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдэж байна.

П.Наран

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)