Малын гоц халдварт өвчний вакциныг Монголдоо үйлдвэрлэхэд чиглэж ажиллана

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхаа газар, хэлтсийн дарга нартай уулзаж, төрийн албанд өндөр хариуцлагатай, шударга, үр дүн гаргаж ажилдаа эзэн болж ажиллахыг үүрэг болголоо. Мөн энэ өвлийг өнтэй давах бэлтгэлийг бүрэн базаах, төрийн ажлыг цалгардуулалгүй хийх чиглэлийг салбарынхаа дарга нарт өгөв. Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая мал өвөлжих тооцоо гарчээ. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг улсын хэмжээнд 82.1 хувьтай хангажээ. Үүнээс Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг 80-86, бусад нь 80-аас доош хувьтай бэлтгэл хангасан байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 23 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн төвшинд 88.5 хувийн биелэлттэй байна.

Таван аймгийн 13 сум хорио цээрийн дэглэмтэй байна

Баруун бүсийн таван аймагт бог малын төлийг мялзан өвчний вакцинжуулалтад хамруулахаар 5.4 сая тун вакцин хүргэсэн байна. Хонины цэцэг өвчин есөн аймгийн 43 суманд оношлогдсоноор нийт 14 аймгийн хэмжээнд 23.6 сая толгой хонь вакцинжуулахаар төлөвлөж өнөөдрийн байдлаар 1.4 саяыг хамруулжээ. Шүлхий өвчин таван аймгийн 13 суманд гарч, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ өвчнөөр 8300 толгой мал өвчилж, 7800 толгой малыг устгасан байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг чанартай, чанаргүй гэсэн мэдээлэлд цэг тавьж, нэг улсаас вакцин авдаг зохион байгуулалт хийхийг холбогдох газрын дарга нарт анхаарууллаа. Цаашдаа малын гоц халдварт өвчний вакциныг Монголдоо үйлдвэрлэхэд анхаарч, үүнийг бодит ажил хэрэг болгохыг холбогдох газруудад үүрэгдлээ.

 

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)