Германд гурав дахь хүйстнийг хүлээн зөвшөөрөв

 Германы Дээд шүүх интерсексуал иргэдийг албан ёсны баримтад бүртгэхдээ гурав дахь хүйс болгон тэмдэглэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Герман улс эр, эм гэсэн хоёр хүйсийн заалтаас гадна интерсексуал хүйсийн заалттай Европын анхны орон боллоо. Тус улсын шүүх интерсексуал иргэдийн эрхийг хамгаалж, тэдний хүйсийг гурав дахь ангилалд багтаах нь зүйтэй гэж үзсэн байна. Интерсексуал иргэд Германы Дээд шүүхийн шийдвэрийг өөрсдийн эрхийг хамгаалах үйлсэд гаргасан бяцхан ялалт гэж үзэж байгаа юм. Тиймээс Карлсруэ дахь Үндсэн хуулийн цэцийн шүүх 2018 онд хүйсийн нэмэлт хэсэг гаргаж, Засгийн газар энэ дагуух хуулийг батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэрвээ хуулиар баталбал, гурав дахь хүйсийн хүмүүсийг бичиг баримтан дээр нь “интер” эсвэл “бусад” гэсэн бичээсээр тэмдэглэхээр болжээ. Гурав дахь хүйс буюу интерсексуал иргэд нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн хэв шинжийг шингээсэн, биологийн өвөрмөц хромосом бүхий иргэдийг хэлдэг юм байна. НҮБ-ын мэдээлж байгаагаар, манай гарагийн нийт хүн амын 1.7 хувь нь интерсексуал иргэд байдаг аж. Эдгээр иргэнийг Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Балба, АНУ-д албан ёсоор хүйсийн гурав дахь бүлэг болгон бүртгэж эхэлжээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)