“Хангай” захад портер нүүрсийг 120-200 мянгаар худалдаалж байна

Намрын адаг сарын шинийн 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хангай” захыг өглөө эрт зорилоо.

Сонин хэвлэлийн ажилтан бидний зарим нь хотын төвд орон сууцанд оршин суудаг болохоор амьдралаас тасархай болчихдог нь үнэн бололтой юм. Автобусаар зорчих карт худалдаж авсан боловч өнөөх нь мөнгөгүй (цэнэглэж амжаагүй), микронд сууя гэхээр зорьсон газраа очтол хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй гээд олон асуудалтай учирсан ч цаг хагасын дараа “Хангай” захын ойролцоо буулаа. Зах руу орох машин болгоноос 1000 төгрөг хураах боловч захын гадаа автомашинаа орхисон, мань мэтийн худалдан авагч биш хүнээс татвар хураамж нэхээд байхгүй юм. Гэхдээ л “MGT” гэсэн лого бүхий улаан зураастай, цэнхэр хувцастай хүүхэн нэг их таатай харсангүй.

Захын хаалгаар дөнгөж ормогц дизель түлшний үнэр, баагисан утаа угтах нь жигжиглэн худалдаа эрхэлж буй түлээчид байлаа. Арай томорчихсон нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Булган аймгаас мод бэлтгэж, даац сайтай машинаар татаж авчраад хураачихдаг юм байна. Үүнийгээ тун хямгатай, үсрээд 20 см-ийн хэмжээтэй хөрөөдүүлж, өргөн нарийнаар нь хольж хураагаад өөрсдийн үзэмж, зах зээлийн нийлүүлэлтээс хамааран үнэлж худалддаг аж. Харин энд зах зээлийн арилжаа худалдааны гол гурван зарчим болох эрэлт, үнэ ер хамаагүй юм шиг байна. Цаг агаар хүйтрэхээр хэрэглэгчид авч л таарна. Түлээ түлштэй болохын тулд зээл хууль авдаг л юм байгаа биз. Маньд хамаагүй гэх хатуу зарчим үйлчилнэ.

20х60 см болов уу гэмээр олсон уутанд жиргэж савласан нарс мод 3000, хар мод 3500 төгрөгийн үнэтэй байна. “Үүнийг тэгээд хэдэн удаа гал ноцооход хэрэглэдэг юм бол” гэхэд нүүрсээ асааж, дулаанаа барихын тулд 4-5 удаа ашиглаж болох тухай худалдагч тайлбарлаж байлаа.

Энэ оноос түүхий нүүрсийг хот руу оруулахыг хориглож хязгаарласан нийслэлийн удирдлагын захирамж гарсан ч Налайхаас бусад уурхайгаас оруулж ирэх нүүрсний хэмжээ огт буураагүйг наймаачид хэлж байна. Нүүрсний худалдаачин Б.Энх (өөрийгөө надад ингэж танилцуулсан ч би лав итгээгүй. Тэд мэдээлэл өгөхөөс айдаг юм шиг байсан.Сур) Налайхад ашиглаж байсан нүүрсний амуудыг хааж эхэлсэн тухай хэлээд “Энэ нь хэдийгээр гүний уурхайн ам руу орж ажиллаж байгаа иргэн, уурхайчдын амь насыг хамгаалж буй сайн явдал боловч орлогын өөр эх үүсвэргүй биднийг яаж амьдар гээд байгаа юм бэ” гэж нэлээд ууртай угтлаа. Гэвч бид бодит байдал ямар байгааг сурвалжилж, иргэн хэрэглэгчдэд нүүрс, мод, түлээ түлшний үнэ ханш, эрэлт хэрэгцээ ямар байгааг мэдээлэхээр явж буй учир байдлаа танилцуулахад бас ч ширүүлсэндээ хүлцэл өчиж байна билээ.

Нийслэлийн түлээ, нүүрсний төвлөрсөн гол цэг гэгддэг “Хангай” зах дээр 10.00 цагаас хойш арилжаа наймаа жинхэнэ утгаараа эхэлдэг аж. Нүүрсний гол хэмжигдэхүүн нь “Портер” бололтой. Тухайн машины 40 см орчим тэвшний өндөртэй чацуу Налайхын нүүрс 200 мянга, Багануурынх 140, Алагтолгойн нүүрс 120 мянга байх жишээтэй. “Та нарт яг тэр уурхайнх гэж үзүүлэх баталгаа байгаа юм уу” гэж сонирхвол “Түлээд үзэхээр андашгүй. Илчлэг нь шал өөр. Ядаж л харахад ондоо байгаа биз дээ” гэж хэлэх нь нэг л итгэл үнэмшил муутай. Ямар сайндаа арваад жилийн өмнө итгэл үнэмшилдээ долдойдож, Алагтолгойн нүүрс хэрэглэж байхдаа алдаа эндэгдэл гаргаж, гурван сарын хөдөлмөр, 30-аад сая төгрөгийн хөрөнгөөр босгосон гурван өрөө байшингаараа “мандал өргөчихсөн” болохоор нүүрсний наймаачдад итгэхээ больсон юм даг.

Гэхдээ урд өмнөх Засгийн газрууд хэн нэгнийгээ орон шоронд суулгаж, ял зэм тулгаж байсан ч үе үеийн хотын удирдлага нийслэлийн утааг бууруулах, иргэн айл өрхийг орон сууцжуулахаар цөөнгүй ажил санаачлан хийж байгаа нь ямартай ч үр дүнд хүрч буй бололтой юм. Өчигдөр 08.30 цагийн үед утааны голомт гэгддэг байсан “Хангай” захад очиход хамар амаа таглаад байхаар гашуун утаа, эхүүн үнэр л лав байсангүй. Тэнд буй нүүрсний худалдаачин хоёр бүсгүй “Зарим нэгийг нь хэдэн уут модон дээрээ хоёр уут нүүрс авчихаач” гэхээр толгой сэгсэрдэг болсон” гэж аманцарлаж байлаа. Энэ чинь бас л сайн мэдээ юм биш үү дээ, та минь.

 

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин