Ү.Хүрэлбаатар: Миний бүтээл бүхэн миний л зан араншин

Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, сэтгүүлч Ү.ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.Тэрбээр Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг / MOSCAP/-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. 

-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Шүлэг, дуу, шүүмж, нийтлэл алийг нь их тэрлэв ээ?

-Тэрлэх гэдэг нь бараг гүйцэтгэж,эцэслэж хараахан дуусаагүй гэсэн утгатай үг юм. Энэ утгаар бол хориод номын ураг умайд бүрэлдэж байгаа. Хувийн архиваа цэгцлэхэд нэлээд хугацаа орох янзтай. Тэр үед эдгээр номын эхийг бэлтгэж дуусах байх. Түүнд шүлэг, дуу, шүүмж, нийтлэлийн аль аль нь бий. Хийсэн, хийж буй зүйлээ анзаарахад би чинь ясны сэтгүүлч л хүн юм байна. Тэр тусмаа өдрийн тэмдэглэлийг бичлэгийн төрөл зүйл болтол нь нухаж. “Газрын зүйдэл” гурван мөрт, “Тэнгэрийн зүйдэл” дөрвөн мөрт шүлгийн болон “Ерөнхий эрхлэгчийн зурвас”, “Өлзийт өглөөний мэнд” сэтгүүл зүйн ном бол үнэндээ өдрийн тэмдэглэл минь юм билээ. Тиймээс өөрийн бичсэн өдрийн тэмдэглэлүүдээ цуглуулж байна. Бүтэн жилийн турш ганц ч хоног алгасалгүй өдрийн тэмдэглэл бичиж байж. Түүнийгээ эргээд уншихад хувийн амьдрал гэхээс илүү тухайн он цагийн үйл явдал, үнэт баримт, үнэлэмж гэж хэлж болохоор санагдаж байна. Ер нь сүүлийн үед твиттер, фэйсбүүк болон хувийн архивтаа өдрийн тэмдэглэл бичиж байна. Өдрийн тэмдэглэл бол үнэндээ сэтгүүл зүйн бие даасан төрөл, баримтат уран зохиолын маш сонирхолтой бие бүрэлдэхүүн юм. 

-Та энэ их бүтээлийн хажуугаар төрийн бус байгууллагын ажлаа хэрхэн амжуулдаг вэ. Эсвэл бүхнийг хийж амжуулдаг оюун ухааны арвин сантай хүн үү?

-Залуу байхад жаран чавганцын ажлыг ганцаар өлхөн хийдэг байж. Одоо бол сайн дураар “зарцлагдах” төрийн бус байгууллагуудын сонгуульт ажлаа хөнгөлж байгаа. Олон жил Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажилласан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын зохиолчдын эвлэл, Хэвлэлийн хүрээлэнгийн ажлаа бүгдийг нь залуучуудын гарт шилжүүлчихсэн. Одоо төрийн бус байгууллага болох Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга, хамтын удирдлагын байгууллага болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Цаг хугацаа гэдэг нь олны төлөө ажиллах бүлээн сэтгэл, бүтэн зүтгэлээр дүүрэн байвал далай шиг арвин, харин бүхнийг зоосны нүхээр харж золбин сэтгэлээр хандвал шалбааг шиг шальчгар зүйл юм. Олон жил цалин мөнгөгүй боловч цаг хугацаа, бие сэтгэлээ харамгүй зориулсан төрийн бус байгууллагууддаа би ямагт талархалтай явдаг. Харин уран бүтээлийн тухайд цагийн хязгаар байхгүй. Шөнө унтах, өглөө сэрэх, зурагт үзэх, зугаацан алхах зэрэг ямар ч цаг хугацаа, орчинд уран бүтээлийн үүдэл санаа тараг бүрэх адил тархинд бүрэлдэж байдаг учраас элдэв нөхцөл шаардах нь бага. Хүн ер нь хийе гэвэл ямар ч юмыг яаж ийж байгаад амжуулж чаддаг гүн чадвартан юм.

 

БИ ЭХ ОРОНЧ ХҮН ГЭЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЭД БАЙГАА НЭГНЭЭС ИХЭД БОЛГООМЖИЛДОГ

 

-Та ер нь энэ их урт цаг хугацаанд Ү.Хүрэлбаатар гэдэг хүнийг олсон уу. Юу хийх гээд тэмүүлээд явдаг, ямархан зан араншинтай хүн байх юм. Лав л эх оронч сэтгэлтэй болох нь бүтээлээс тань анзаарагддаг юм, надад?

-Хэр эх оронч хүн бэ гэж хэмжих хэмжүүр гэж байдаггүй. Би эх оронч хүн гэж цээжээ дэлдээд байгаа хүнд би ихэд болгоомжтой ханддаг. Тэд голдуу хууранбаанууд, хулхибаанууд, худалчбаанууд байдаг. Дүр эсгэсэн эх орончид дүүрчихсэн луйварчдаас бэрх. Чонотой нийлсэн хотны ноход шиг харийнхны гар, хөл болсон туйранбаануудыг харахаар туйпуу шүүрмээр санагддаг. Энэ л бараг эх оронч хүний эхний шинж тэмдэг байх. Би одоо ч гэсэн дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Хэлэх гэсэн зүйлээ хэлэхгүй байж чаддаггүй. Энэ дутагдал эх оронч үзлийн өрнөл байх. Харин эх орон элгэн нутаг, ээж аав, хайр сэтгэлийн тухай олон дуу бүтээснээ эх оронч хүний сэтгэлийн тайлан гээд хэлчихэж болох байна. Ер нь би Үржингийн Хүрэлбаатар гэдэг хүнийг сайн танина. Тэр бол өөрийгөө олсон хүн. Түүнийг зоргоор нь орхи. Тархиа зарахгүй, тахимаа өгөхгүй хүн. Үнэний эрэлд мориноосоо буухгүй насан туршдаа давхиж яваа эрэлчин. Харахад эргэл боргил мэт боловч халдахад эгэл жирийн зөөлөн хүн. Бусдын төлөө төрчихсөн юм шиг дэндүү өглөгч сэтгэлгээтэй сонин хүн. Юу хийх гээд тэмүүлж явааг нь энэ өнцгөөс нь харвал дөхөм байж магад.

-Таны зан араншин бичиж байгаа бүтээлд тань тусдаг уу. Зарим хүн уран бүтээлээрээ дамжуулж өөрийнхөө амьдралыг хүүрнэн бичдэг шүү дээ?

-Миний бүтээл бүхэн миний зан араншин юм. Хүссэн ч эс хүссэн ч миний бүтээлийн сайн нь ч минийх, муу нь ч минийх. Уран бүтээлч хүний зүрх нь хувь хүнийхээс хэтийдэж сэтгэл нь нийгмийн харьяалалтай байдаг. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч нь хувь хүн боловч бүтээл нь нийгмийн тусгалын үр дүн юм. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж өөрийгөө бичдэг гэхээсээ өмнө өөрөөрөө дамжуулж уран бүтээлээрээ нийгмийн мөн чанар, ааш араншинг тольддог цайр сайтай толь гэвэл зохилтой.

-“Хөх тэнгэрийн дуудлага Хөх толботой төрсөн-би монгол хүн Уртын дууны уянгалаг шуранхайд нь Уярч мэлмэрдэг уяхан-би монгол хүн”хэмээн “Би монгол хүн” шүлгээ та омогшин бичсэн. Тиймээс таныхаар монгол хүн болж төрсний утга учир юунд оршдог юм бэ?

-Монгол хүний таримал бус төрмөл төрөлх мөн чанараар бахархдаг. Хөх толбот, улаан залаат монгол хүний заяа буян мөнх хөх тэнгэрийн дуудлага мөн байх гэж боддог. Зэргэлээ хүртэл цуцам зээрэн шаргал энгүй их талыг эгшгээр сүвлэн нялхардаг уртын дууны шуранхайн цохилго эх дэлхийн зүрхний цохилт мэт санагддаг. Буй энэ орчлон орги онгоноороо бидний үед өвөг дээдсээс минь өвлөгдөн ирснийг нүдээр үзэж биеэр мэдрэхэд “Би монгол хүн” гэх омогшил оволзоод л ирдэг юм. Харин энэ онгон зэрлэг байгаль эх маань хар элгийн хүмүүсийн шуналын золиос болж,цаазын тавцанд бүлтэгнэн зогсч байхыг харах мэт болоход яс янгинаад явчихдаг. Олхиогүй төрийн овилгогүй түшээдийн хар балаг бидний үеэс эхэллээ гэж бодоход ямар хэцүү байдаг гэж санана. Нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн тэмээн жингийн цувааны хонхны дууг таслах учиргүй.

 

БӨХИЙН БАРИЛДААНЫ “ХОРТ ХАВДАР” БОЛСОН ЦОЛНЫ НАЙРААНЫ ХАЛДВАР “БОЛОР ЦОМ”-Д ХАЛДЧИХСАН

 

-Та нэгэнтээ “Алтай бол уран зохиолын ундарга” гэж дуу алдсан тал бий. Энэ нь нутгаа магтаж, бахархсан омогшил гэж ойлгож болох уу?

-Алтай гэдэг үгэнд алтайнхны ааш араншин, авьяас билиг, амь нас баринтлагдсан байгаа. “Алтай”, “Алт+тай”, “Алт +ай”, “Алт /ны/+ай /сав/” гээд зөвхөн үгийг нь хэлбэрийн хувьд задлаад үзэхэд агуулгын чамин тансаг утга тодроод ирдэг юм. Энэ бол газрын гагнаас шар алт, хүний оюун ухааны хөдөлгүүрийн алт эрдэнэсийг давхар хэлээд байх шиг санагддаг. Ер нь Алтайн өндөр уулс авьяастны эх ундарга юм. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг үзэхэд Говь-Алтайн зохиолч, сэтгүүлчид тооны хувьд ч ТОП-ын хувьд ч жин дардаг юм. Ойрын хорин жилд энэ жин бан нэг их өөрчлөгдөхгүй биз ээ. Нутгийн гэнэ үү, үнэний гэнэ үү омогшил бахархал маань энэ л дээ.

-Шилдэг шүлэг шалгаруулдаг гэх тодотголтой “Болор цом” наадамд өрсөлдөх бүтээлийг аваад эхэлчихсэн байна билээ. Та энэ наадмын утга учрын талаар үзгээ шүүрч, үгээ хэлсэн. Тухайлбал, “Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх бол гэж бичсэн тань олны анхаарлыг татсан. Энэ тодотголоороо та юуг илэрхийлэхийг зорьсон юм бэ?

-“Болор цом” бол уншигч, зохиолчдын амьд гүүр болж ирсэн уран зохиолын уламжлалт наадам. Харамсалтай нь, яруу найргийн наадмын энэ дэвжээг зах зээлийн шуурганд уруудуулан алдаж уралдаан тэмцээн, уралцаан тэмцэлдээн болгочихсон. Улсын баяр наадмын бөхийн барилдааны “хорт хавдар” болсон цолны найрааны халдвар “Болор цом”-д ч халдчихсан. Шүлэг, мөнгө хоёрын аль нь уралдаад байгааг ялгах аргагүй болчихсон. Яруу шүлэг шалгаруулах “Болор цом” маань яруу найрагч шалгаруулах “Балар цом” болж хувирсан. Аль нутагт болно, тэр зүгийнх түрүүлдэг жишиг үндсэндээ тогтчихлоо. Энэ нь уг наадмыг хэн, яаж санхүүжүүлнэ тэр нь хөгжмөө захиалдаг зах зээлийн “хууль” бололтой. Би үүнийг л шүүмжилсэн юм. Яван явсаар “Болор цом” маань утга зохиолын хөгжилд сөрөг нөлөөллийг буй болгож эхэлсэн. Алга ташуулдаг шүлгийн шар урсгалыг хөхиүлэн хөөргөж жинхэнэ яруу найргийн нэр хүнд, үнэ цэнийг бүдгэрүүлсэн. Энэ нь зөвхөн сүүлийн жилүүдэд ч хамаатай зүйл биш, олон жилийн өмнөөс угшилтай зүйл. Дорнын их яруу найрагч Д. Нямсүрэнгийн “Цас” шүлгийг нэгийн даваанаас хассан он жилүүд тэртээд байсан юм шүү.

-Таныг “Эрх саран”, “Хайрын бурхан” гээд олон зуун дууны шүлэг бичсэнийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Сүүлийн үед дууны шүлэг бичдэг хүн олширсон байна. Зарим нь ч мөнгө хөөж бичээд байгаа нь илт байдаг. Тэр хүмүүст хандаж та мэргэжлийн хүний хувьд юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Утга зохиолын хамгийн адармаатай төрөл нь яруу найраг, тэр дундаа дууны шүлэг байтал хамгийн амархан, амны цаас мэт хялбархан гэж ойлгох болсон нь сайн дурынхан, ашгийнхан шар усны үер мэт уран зохиолд орж ирсэнтэй шууд холбоотой. Тэд дууны шүлгийг зоосны нүхээр харж, нэр хүндийн тавцанд нисэн буух хэрэгсэл мэтээр сэтгэж байна. Уран зохиолын их мөрөн урсгал дундаа шилгээхээ шилгээж, шингээхээ шингээгээд өнө мөнхөд урсана л даа. Дууны шүлэг бичдэг хүн олон болсон нь гайхах зүйл биш. Үе үеийнхэнд ийм хандлага үе үе үерлээд л өнгөрдөг. Тийм нэгэн давалгаа явж байх шиг байна. Хэн ч ямар ч дууны шүлэг бичих нь хаалтгүй боловч ардын ухаан, цагийн саалт гэж хатуу шүүлтүүр буй. Зөвлөхөд мэргэшихийг хичээх хэрэгтэй.

 

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ АХИЖ УРГАХГҮЙ АЛТ ЭРДЭНЭС БУС ШАВХАГДАШГҮЙ УНДАРГАТАЙ ОЮУНЫ БАЯЛАГ ШҮҮ ДЭЭ

 

-Оюуны өмчийг дээдлэх, зохиогчийн эрхийг хамгаалах талаар дээр дооргүй нэлээд ярьдаг ч биелэлт нь маш муу байна. Яавал энэ нь биеллээ олж уран бүтээлчид “Хулгайд бүтээлээ алдчихвий” гэж сэтгэл зовох зүйлгүй болох вэ. Та ч бас зохиогчийн эрхийн талаар их дуугардаг хүний нэг билээ?

-Уран бүтээл бол тухайн зохиогчийн оюуны өмч юм. Өмч учраас өөрийн хамгаалалттай байх учиртай. Оюуны өмч, зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хууль Монголд үйлчилж байгаа боловч хэрэгжилтэд хяналт тавьж буй төрийн хяналтын тогтолцоо байхгүй. Хаана ямар дууг концертын байгууллагад дуулж, хэв­ лэл мэдээллийн хэрэгслээр цацаж, орц хонгилд караокед ашиглаж бай­ гааг хамтын удирдлагын болон төрийн бус байгууллага хянах ямар ч боломж байхгүй байна. Чухамдаа төрийн байгууллага хуулийн дагуу үүнд хүчтэй, байнгын хяналт тавьж чадахгүй байгаагаас уран бүтээлийн хулгай тамтгаа алдаж байна. Төр оюуны өмчөө бүртгэлжүүлж, эзэн­ шүүлж, хуульчилж хамгаалах учиртай. Уг нь хуулиндаа зохиогчийн эрхийг хамгаалах боломжуудыг нээж өгсөн боловч Оюуны өмчийн газрын бие даасан хараат бус байдлыг алдаг­ дуулж, өөр агентлагтай нэгтгэх зэргээр төрийн ухарсан бодлого хялар дээр улцан гэгчээр сөрөг нөлөө үзүүлсээр байна. Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг / MOSCAP/ үгтэй болон үггүй хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалах талаар сүүлийн гурван жил гаруй эрчимтэй ажиллаж байна. Дууны урлагийн зохиогчийн онцгой эрх нь хөгжмийн зохиолч, яруу найрагчид хадгалагдана. Түүнийг хамгаалахын тулд уран бүтээлчдийн болон уран бүтээлийн олон улсын кодыг албан ёсоор авч, Олон улсын зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо /СISAC/-нд ажиглагч гишүүнээр элсч, эрх ашгаа хамгаалах орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Их үйлсийн эхлэлийг зөв тавивал цаашдын зам дардан байх болно. Дуу бүтээгч хөгжмийн зохиолч, яруу найрагчдын зохиогчийн язгуур онцгой эрхийг дэлхий даяарын сүлжээнд хамруулж байж хамгаална. Яагаад гэвэл дуу хөгжим бол хил хязгааргүй урлаг. Дөрвөн уулын дунд тийчлээд бүтэхгүй.

-Тэгвэл Монголд оюуны бүтээлийг яаж үнэ цэнэтэй болгох вэ. Энэ талаар танд бодож төлөвлөсөн гарц, шийдэл юу байна. Монгол хүний оюуны үнэлэмж доогуур байгаа нь гутамшиг мөн биз дээ?

-Оюуны үнэлэмж шавартай хутгалдаж хөлийн гишгүүр гарын угаадас болж байгаа нь үнэн. Гэтэл Монголын хөгжлийн гарц ахиж ургахгүй алт эрдэнэс бус шавхагдашгүй ундаргатай оюуны баялаг шүү дээ. Монгол хүний оюуны баялаг нь үнэ цэнээ алдаж, үнэлэмж хамгийн доод төвшинд байгаа нь төрийн түмэн алдааны уучилж болшгүй хэсэг нь. Харийнхныг шүтэж өөрийнхнөө доош нь чихдэг харьжсан доромж сэтгэлгээ, хувь хүний давтагдашгүй авьяасыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хормойноос татдаг атаач үзэл үндэсний гамшгийн хэмжээнд хүрснийг оюуны үнэлэмжийг үл хайхардаг төрийн хөлдүү хүйтэн бодлогоос тов тодорхой харж болно. Оюуны үнэлэмжийг дээшлүүлэх гол хөшүүрэг нь зохиогчийн онцгой эрхийг хуульчлан хамгаалах явдлаас эхлэх нь гарцаагүй. Зохиогчийн язгуур эрхийг хамгаалахгүйгээр түүнд хамаарах бусад эрхийн тухай ярих боломж үнэндээ байхгүй. Усны эхийг нь бохирдуулчихаад адгаас нь ариусгаж болохгүй. “Хар ус шиг үнэгүй” гэж ярьдаг байсан үе өнгөрч ус маань алтнаас үнэтэй болох үе ирж байна. Түүн шиг оюуны өмчийг дээдлэх, зохиогчийн эрхийг хамгаалах хүчирхэг давалгаа хүссэн ч эс хүссэн ч дэлхий даяарын их үйл хэрэг болон өрнөн эхэлж байна.

 

Д.НАМДАГ БАГШ МААНЬ ӨӨРӨӨ АМЬД СУДАР БАЙЛАА

 

-Та Д.Намдаг судлалаар докторын зэрэг хамгаалсан. Зохиол бүтээлээрээ хүмүүсийн сэтгэлд мөнхөрсөн тэрбээр хувь хүн талаасаа ямар ааш араншинтай нэгэн байв?

-Д.Намдаг багшид шавь орж гэрийн сургалтад нь хамрагдаж гурван жил гэрээр нь орж гарч байлаа. Тэгж л утга зохиол, урлагийн мөн чанарыг ухаарсан. Д.Намдаг багш маань өөрөө амьд судар байсан. Хэлмэгдэж бас шагнуулж ч явсан хүн. Амьдралыг өөрийн биеэр ингэж туулна гэдэг уран бүтээлч хүний давтагдашгүй хувь тавилан байх. Амьдралын их сургуульд сурсан хүн “Цаг төрийн үймээн” романыг арван жил бичсэн гээд бод доо. Зохиолч хүний хөдөлмөр гэдэг ийм хүнд хэцүү ажил. Багш маань сонгодог зохиолчийн амьдралаар амьдарсан хүн. Хүний хувьд хэзээ ч шантарч, няцаж, арагш гишгэж үзээгүй тэмцэгч хүн. Түүнийг цаг үеийн хатуу ширүүн үер тогтоох нь бүү хэл торгоож ч чадаагүй юм даа.

-Та М.Цэдэндорж судлалыг хөгжүүлэх эхлэлийг бас тавьсан. Одоо энэхүү судлал хэр хөгжиж байгаа вэ?

-1998 онд “М.Цэдэндорж сан”-г анх үүсгэн санаачилж, анхны тэргүүнээр нь ажилласан хүн нь би. Ингэж л холбогдсон хэрэг. Мишигийн Цэдэндорж бид Говь-Алтайн хүмүүс. Яруу найрагч, орчуулагчийн хувьд эгнэшгүй тасархай хүн байсан. Харамсалтай нь, үе цагийнхан нь ойлгоогүй, дэмжээгүй юм. Түүнд нь их харамсдаг. Тэгээд Р.Чойномын дараа жил М.Цэдэндоржид Төрийн шагнал нэхэн олгуулахаар тодорхойлсон боловч Төрийн шагналын журамд К.Зардыхан өөрчлөлт оруулж хас­ чихсан юм. Амьддаа аваагүй шагналаа тэнгэрт очоод ч авсангүй. Бас 1990ээд оны дунд үед мартагдах маягтай болоод ирсэн. Тиймээс “М.Цэдэндорж сан”-г байгуулсан юм. Одоо бол түүний нэрэмжит сургууль, шагнал гээд үл мартагдахын шат нэлээд тавигдсан байгаа.

-Таны “Бурхдын сархад” цуврал үргэлжилж байгаа юу. Зохиолчид таныхаар бурхад гэсэн үг үү. Ер нь зохиолчдын зан чанар, амьдрал ахуйн талаар та юу хэлэх вэ. Дотно үерхдэг зохиолч найз олон бий юу?

-“Бурхдын сархад”-ын хоёрдугаар цувралыг бэлтгэж байгаа. Эхнийх нь чамгүй сайн болсон болохоор дараагийн цувралын босго өндөр болсон. Сонголт дээр асуудалтай, бас зайлшгүй орох дурсамжийн захиалга өгсөн зэргээр ажил явж байна. Зохиолчдыг би оюуны тэнгэрийн бурхад л гэж боддог. Тэд юутай ч эгэл хүмүүс огтхон ч биш. Эгэл орчинд эгэл биш хүмүүс содон, сондгой, сонин харагдах нь зүйн хэрэг. Харагдах талаас нь өөлж шоолохын оронд бичсэн бүтээл рүү нь өнгийж танин мэдэхийг хичээх нь тэр хүмүүсийн оюуны хэмжээстэй холбоотой. Би тэгж л бодож, харж, үнэлэн цэгнэдэг. Тиймээс зохиолчийн дурсамж оюуны архив гэж бичиж байсан. Уран бүтээлч хүний сэтгэлийн орчин өөрөө хайрын галт тэрэг шиг юм. Зорчигч бүхнийг ажвал дурламтгай гэхээсээ уярамтгай гэмээр бөгөөд тэр нь хүний сэтгэлийг онгойлгох гол зэвсэг, түлхүүр нь ч байж мэднэ. Хад, мод шиг хатуу бол зөөлөн сэтгэлийг яаж эзэмдэх, мөс чулуу шиг бол цэцгийн дохиурыг яахин мэдрэхсэн билээ. Дотно үерхдэг зохиолч мэдээж олон. Тэдний дундаас уран бүтээлийн “Гал” нэгдлийн 12 андаа түрүүлж хэлнэ. Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Ц.Ойдов, Ш.Гүрбазар, Я.Баатар, Д.Цогт, Ж.Саруулбуян, Ж.Оюунцэцэг, Л.Мягмарсүрэн, Б.Сундуй нарын дээр би нэмэгдэнэ. Одоо тэднийг хэн хэн болсныг харж болно шүү дээ.

 

ОНГОДЫН ОРЖ, ГАРАХ ХААЛГАНД ЦҮҮ ЦУУРГА, ЦООЖ ТҮЛХҮҮР БАЙХГҮЙ

 

-Ярианы сэдвээ өөрчилж, хувь хүн тал руу тань хэлбиймээр санагдлаа. Ингэхэд та уран бүтээлийнхээ онгодыг яаж хөглөдөг вэ. Зарим уран бүтээлч сархад зооглож онгодоо урин дууддаг гэх юм?

-Уран бүтээлийн онгод гэдэг нь үнэндээ амгалан тайван орчны ар өвөр тал юм. Тэр бүтээлч орчин нь хүн хүний дадал зуршил, өссөн орчин, одоогийн буй байдлаас шалтгаалж янз бүр байдаг байх. Тэр нь бас өөрчлөгдөнө. Би эцэг эхээсээ арвуулаа. Тиймээс эхэн үедээ ямар ч шуугианыг үл тоон шүлэг бичдэг байсан бол одоо чимээгүй тайван орчинг эрхэмлэдэг болсон байна. Онгод бол сэтгэлийн гэгээрэл, биеийн тайвшрал, оюуны эрчис долгис учраас тогтсон хэлбэр үгүй. Тиймээс онгодын орж, гарах хаалганд цүү цуурга, цоож түлхүүр гэж байхгүй.

-Ингэхэд та хэр ууртай хүн бэ. Гадуур явж байхад тань нэг хүн санаандгүй цохиод авлаа гэж бодъё. Тэгвэл та хариуг нь шууд өгөх үү, эсвэл уучлаад өнгөрөх үү?

-Ууртай хүний хажууд номхон ат, уургүй хүний хажууд хилэнгийн дөл гэсэн үг бий. Азтай нь надад уурлахын шалтаг дэндүү бага тохиодог. “Уураар бүтсэн зүйл юу байна” гэж Д.Намдаг багш асуудаг байсан нь санаанаас гардаггүй юм. Хэрвээ миний буруу биш байгаад намайг дээрэлхэх маягтай хэн нэг нь гудамжид цохиод авбал ямар ч эргэлзээгүйгээр хариуг нь тэр дор нь өгнө. Би чинь УБДС-ийн аварга шалгаруулах боксын тэмцээнд гуравдугаар байрт орсон ширэн бээлийтэн шүү дээ. /инээв/

-Таныг Б.Ринчен болон Чингис хаантай адилхан төрхтэй гэж ярих хүн олон бий. Дандаа дээл өмсдөг болохоор ингэж нэрлэдэг ч байж магадгүй. Таны дээлийг хэн урладаг вэ?

-Монгол хүн монгол хувцсаа түлхүү өмсч байвал зүгээр санагддаг. 1990ээд оноос өмнө ч би монгол дээл их өмсдөг байв. “Дээлтэй явсан хэдэн өдөр” нийтлэл бичиж үндэсний үзэл гаргалаа гэж бангадуулж явлаа. Харин одоо манайхан үндэсний хувцсаа их өмсдөг болж. Түүнд нь их баяртай байгаа. Миний дээлийг ээж, хадам ээж минь хийдэг байв. Одоо “Уран гоёл” үндэсний хувцасны урлан болон Болормаа зэрэг уран үйлчид урладаг. Гадаадад явахдаа голдуу монгол дээл, малгайгаа өмсдөг. Мөн ч гайхамшигтай хувцас шүү. Монголдоо хүндэтгэлт үйл явдал бүхэнд монгол дээлээ өмсөхийг хичээдэг. Миний хувьд монгол хувцас өөрөө гүн хүндэтгэл юм. Зарим хүмүүс таашаадаггүй ч байж магад. Гэвч монгол хүнд зохидоггүй монгол хувцас гэж үгүй. Тиймээс зөвхөн наадам, Цагаан сараар гоёлын байдлаар гэхээсээ илүү жирийн үед ч амьдралын хэрэгцээ болтол нь монгол дээл, тэрлэгээ өмсч баймаар байна. Далай ламаас эхлээд янз бүрийн хүн намайг их эзэн хааны нэрээр нэрлэн дуудаж байсныг би “монгол хүн” гэсэн утгаар хэллээ гэж ойлгож хүлээн авч байсан. Хэрвээ монгол дээл, малгайгүй явсан бол юу гэж намайг тэгж нэрлэж, дуудах вэ дээ.

 

ХАЙР ГЭДЭГ ӨӨРИЙГӨӨ МАРТТАЛАА ӨРӨӨЛД УУСАХЫН НЭР ЮМ

 

-Та дээр яриандаа “Уран бүтээлч хүний сэтгэлийн орчин өөрөө хайрын галт тэрэг юм” гэж хэллээ. Тиймээс одоо хайрын тухай ярилцъя. Та бас нэгэнтээ “Хайр гэдэг-өөрийгөө мартталаа өрөөлд уусахын нэр” гэж хэлсэн. Яагаад хайрыг ийм гоё үгээр илэрхийлэх болов?

-Хайр бол бүтэн болохын тэмүүлэл юм. Хосууд бие биеэ олно гэдэг дутуугаа нөхөж бүтэн болж байгаа хэрэг. Тэр тусмаа өөрийгөө мартталаа өрөөлд уусан шингэх нь нэгэн цулын тухай ойлголт мөн биз дээ. Сонгодог утгаараа ямар ч юм төгс төгөлдөрт хүрэх боломж үгүй. Тухайн агшинд төгс төгөлдөр боллоо ч хормын дараа тэр нь дутуугийн нэхэл болж хувирна. Төгөлдөршихийн үйл явцад зогсох агшин гэж байхгүй. Хэрвээ зогсвол төгс биш болно. Хайрын тухай миний төсөөлөл ийм учраас “Хайр гэдэг өөрийгөө мартталаа өрөөлд уусахын нэр” гэж бичсэн юм.

-Та ханийнхаа төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ. “Миний хайртын төрсөн өдөр” гэдэг дууг тань сонсох бүрт таны гэргийн талаарх бодол хөвөрдөг. Тиймээс ханилан ижилсэхийн жаргал юун дээр тогтдог юм бэ?

-Миний хайртын төрсөн өдөр бас миний төрсөн өдөр. Яагаад гэвэл бид хоёр нэгэн бие, нэгэн сэтгэл, нэгэн гэр бүл болсон. Сайн ханьтай учирна гэдэг сайхан орчинд дахин төрлөө гэсэн үг. 2002 онд эхнэр маань Нью-Йоркт, би Улаанбаатарт төрсөн өдрийг нь тэмдэглэсэн юм. Тэр жил эхнэрийнхээ төрсөн өдөрт зориулж “Миний хайрын төрсөн өдөр” хайрын шүлгийн түүвэр хэвлүүлж байлаа. “Намуун аялгуут цэцгийн тухай дуугаа чамдаа би дуулна аа. Надтай учрах гэж чи минь төрсөн” гэж тэр дуу эхэлдэг. Үнэхээр л заяаны хань мөн л юм бол надтай учрах л гэж төрсөн байж таарна. Тийм биз дээ. Ер нь ханилан ижилсэхийн жаргал нь итгэлцэл дээр тогтдог. Итгэл гэдэг нь хайрын тэнхлэгт заяа тавилан юм.

-“Нарны гэрэл хүүхэд насыг цэцэг шигээ хайрлая Наашлах цагийн замыг товчлон цэнгэлийн дуугаа өргөе Газрын хаан хүүхдийн хүслийг гал шигээ дээдэлье Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа хайрлая... хэмээн “Нарны хаан хүүхэд” хэмээх дууны сайхан шүлгийг та бичсэн. Нөгөөтэйгүүр энэ дууны шүлгийг өөрийн туулж өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжтайгаа холбон бичсэн үү. Яагаад ч юм таны бүтээл болгон төрөх шалтгаан, түүхтэй юм шиг санагдаад байдаг юм?

-“Нарны хаан хүүхэд” нь НҮБын хүүхдийн асуудлаар хуралдсан тусгай чуулганд зориулж дэлхий даяар зарласан дууны уралдаанд магнайлж Нью-Йоркт НҮБ-ын байранд эгшиглэсэн дуу юм. Л.Балхжавын аялгуу гайхамшигтай бөгөөд Т.Ариунаа маань үнэхээр сайхан дуулсан. НҮБын хүүхдийн сангийн элч дуучин гэх имижийг нь олон жил хадгалж явахад түшиг нь болсон бүтээл гэж боддог. Дууны нэрэнд агуулгын тарни нь шингэсэн байгаа. Манай галактикийн хоёр зуун тэрбум шахам оддын нарны аймгийн үр сад нь эх дэлхий. Дэлхийн амьдралын эх сурвалж нь мэдээж нар. Гэтэл нарыг хүртэл хаанчилж буй хаадын хаан нь “Нарны хаан хүүхэд” гэж томьёолж байна. Хүүхэд хэмээх гэгээн ертөнцийн талаар миний бодол энэ юм. Харин миний хүүхэд нас гайхамшигт аяллын зам туулсан. Зөвхөн дунд сургууль гэхэд л Говь-Алтай аймгийн Төгрөг сум, Завхан аймгийн Улиастай, Цагаан хайрхан сум, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот, Улаанбаатар хотын дунд сургуульд сурч төгссөн. Би дунд сургуульд байхдаа томоотой, дуугүй, дотогшоогоо хүүхэд байсан байх.

 

10 МЯНГАН МАЛГҮЙ Ч 10 МЯНГАН НОМТОЙ БИ ӨӨРИЙГӨӨ МЯНГАТ МАЛЧНЫ ДАЙТАЙ БОДДОГ

 

-Олонх зохиолч, уран бүтээлч бүтээлээрээ баян гэж өөрийгөө даруухан илэрхийлдэг. Таны хувьд хэр баян хүн бэ. Яавал зохиолч, яруу найрагч, сэтгүүлч хүн баян болох вэ?

-Би арван мянган малгүй ч арван мянган номтой хүн. Өөрийгөө мянгат малчны дайтай бодно. Олон зуун шавьтай, олон арван андуудтай, ах дүү олуулаа өнөр сайхан гэр бүлтэй хүн. Өөрийгөө аз жаргалтай гэж боддог юм. Өдий насанд өдөр тутмынхаа амьдралд асуудал үгүй орчинг бүрдүүлсэн хүн. Хэр баян хүний тухайд иймэрхүү. Харин зохиолч, яруу найрагч, сэтгүүлч хүн яавал баян болохын тухайд оюуны баялаг чинь чи өөрөө тул баяжихын түлхүүр чинь чиний гарт гэж хэлмээр байна. Баян гэдгийг мөнгө гэж харвал оюуны өмч, зохиогчийн онцгой эрхийг хамгаалах бидний тэмцэлд нэгд. MOSCAP-ийн гишүүн бол. CISAC-ийн Ази, Номхон далайн бүсийн хамтын удирдлагын байгууллагын идэвхтэй оролцогч бол л гэж хэлмээр байна.

-Уран бүтээлч, зохиолч хүмүүсийг би их гярхай, мэдрэмжтэй хүмүүс гэж дүгнэдэг. Тиймээс та гадуур явж байхдаа хажуугаар зөрсөн хүнээ анзаарч, хардаг уу. Хардаг бол юу бодогддог вэ?

-Нулимстай хүн зөрөхөд заавал эргэж харна. Ар нуруунаас амьдралыг нь уншихыг хүснэ. Инээд баясал болж яваа хүмүүсийн зүг толгой дохихыг хүснэ. Аз жаргалын шидэт долгисыг мэдрэхийг хүснэ. Гудамжаар яваа хүмүүсийн урсгалын хэм хэмнэлээс Төрийн ордны гэрэл сүүдрийг харж болдог юм. Тиймээс хүн урсгалын амьд толийг аль болох анзаарахыг хичээдэг дээ.

-Та зөн мэдрэмждээ хэр итгэдэг вэ. Итгэдэг бол таны туйлын зорилго юуны төлөө цохилж байх юм. Тэгээд ч өнөөдөр хүн болгон л зөн мэдрэмжийн тухай ярьдаг болсон шүү дээ?

-Үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын батламжийг олж харах, улс Монголынхоо хөгжлийн үндэсний их сэргэн мандлын эхлэлийг үзэх нь миний туйлын зорилго болж байна. Сайн цагийн мянган бурхад үр удмын минь замыг ямагт засч, гийгүүлж явах болтугай. Улам сайныг хүсэх нь эцэг эхчүүдийн өнө мөнхийн хүслэн билээ. Уран бүтээлч хүний тулах таяг, туулах зам нь зөн мэдрэмжээс л ундаргатай. Тэр өгөгдөхүүнийг мэдрэх нь өөрөө мэдрэмж юм даа.

-Ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн онгод зөн мэдрэмжээр цалгиж явахыг ерөөе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.94)

    2020-09-26

    Муу хүн дээ, ер нь Говь-Алтайнхан хүн муутай хүмүүс.